Талибанчууд тус улсыг таван жилийн турш удирдсан бөгөөд 2001 он хүртэл тэдний удирдагч Мулла Омар нь Осама бен Ладеныг баруун гараа болгосон байдаг. Үүний дараа Америкчууд Афганистан руу цэргээ оруулсан билээ. Гэвч 20 жилийн турш тасралтгүй байлдсаны дараа тус улсын газар нутгийн тэн хагас нь Талибанчуудын хяналтанд байсаар байв.Нэг үгээр Исламын шашны бүх сургаалийг үг дуугүй дагадаг хүмүүс нэг хагасыг, барууны орнууд нөгөө хагасыг удирддаг болсон юм.
Тэгвэл ийм орны эмэгтэйчүүд одоо хэрхэн амьдарч байна вэ?
Мэдээж бүс нутаг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тажик, узбек, туркмен болон бусад үндэстний амьдардаг тус улсын хойд хэсэгт орон нутгийн жишгээр бүх зүйл нэлээд нээлттэй, бүр ардчилсан гэж хэлж болохоор юм.
Талибаны дэглэм унасны дараа энд анх удаа эмэгтэйчүүд сургуульд сурах боломжтой болж, тэдэнд зориулсан аж ахуйн нэгж, эмнэлэг болон бусад үйлчилгээг бий болгосон юм. Энд та бүхэл бие далдалсан урт хувцас өмсөх шаардлагагүй, зүгээр л толгой далдлах хижаб тавиад, хэнээс ч айлтгүй гудамжаар явж болно.
Кабул хот болон ойролцоох Бамиан хэмээх жижиг мужид энд Хазар монголчууд ба Панжширууд амьдардаг. Тус бүс нутаг нь ерөнхийдөө Афганистаны "Швейцар" гэгддэг. Энд та эрэгтэй, эмэгтэй хүмүүс эн тэнцүү эрхтэй байдгийг олж харах бөгөөд эмэгтэйчүүд орчин үеийн хувцас ч өмсөж болдог.
Харин Афганистаны өмнөд нутгийн Пуштун нь өнөөг хүртэл Талибаны түшиц газар хэвээр байгаа. Мулла Омарын үед байгуулагдсан бүх дүрэм журам, үзэл баримтлалыг энд мөрдсөөр байгаа. Ихэнх хот суурин газрын эмэгтэйчүүд амьдралынхаа ихэнх хугацааг гэр орондоо хоригдож өнгөрөөдөг. Тэдэнд эмчийн үүрэг гүйцэтгэхээс бусад тохиолдолд боловсрол эзэмших, ажиллах боломж байдаггүй. Тосгоны эмэгтэйчүүд гэрийн бүх ажлыг хийдэг. Мөн тэд бүх биеэ далдалсан буркаг байнга өмсөх ёстой. Үгүй бол тэд Исламын ёс суртахууны хуулийг зөрчсөнийхөө төлөө хатуу шийтгэл хүлээх болно.
Төв засгийн газрын хяналтанд байдаг газар нутагт афган эмэгтэйчүүдийн амьдрал тийм ч хялбар биш гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй. Афганистан бол исламын шашны дүрмийг маш чанд дагадаг орон юм. Магадгүй эндэхээс илүү дагадаг орон байхгүй ч байж магад. Иргэдийн 90 орчим хувь нь исламын хамгийн хатуу хуулийг бүх нийтийн хууль болгохыг дэмждэг. Энэ нь Саудын Арабаас ч өндөр үзүүлэлт юм.
Хамгийн баян, хамгийн чөлөөт үзэлтэй гэр бүлүүдийн эмэгтэйчүүд нь насанд хүртлээ юу ч шийдэх эрхгүй байдаг. Юуг яаж хийх, юу сурах, хаана ажиллах, ямар хувцас өмсөх, хэнтэй гэрлэх, хэзээ төрөх гээд бүгдийг аавууд, дараа нь нөхрүүд тодорхойлдог.
Гэрлэлтийн 80 хувь нь эцэг эхийн тохиролцоогоор шийдэгддэг бөгөөд охины өөрийнх нь санаа бодлыг харгалзан үздэггүй. Үүнийг дагаад эрт гэрлэсэн хүмүүсийн тоо маш их байдаг. Афган эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Хөдөөгийн охидын дөнгөж 1 хувь нь сургуульд сурах боломжтой. Энэ бүхэн нь Америкчуудын хяналтанд байдаг Афганистаны бодит байдал юм.