Үзэгчид тэднийг 2016 онд гарч байсан “Нарны үр сад” цурвалаар анх хамтад нь харж байсан. Гэхдээ хосууд үүнээс ч өмнө бие биенээ мэддэг байсан гэнэ.
Тэд 2013 онд жүжигчин Жо Ин Сунаар дамжуулан танилцуулж байсан аж.
"Нарны үр сад"-ын Юү Си Жиний дүрийн шалгаруулалтыг хийхээр Жо Ин Сун тэргүүтэй олон алдартай жүжигчдэд санал тавьсан боловч цувралын зураг авалтын дийлэнх хэсгийг гадаадад хийх байснаас болж ихэнх нь татгалзжээ. Үүний үр дүнд жүжигчин Жо Ин Сун өөрийнхөө оронд Сон Жүн Киг тоглуулахыг санал болгосон байна.
Сон Жүн Ки 2015 онд цэргээс халагдаад ердөө хоёр хонож байхдаа кино зохиолыг нь хүлээн авчээ. Яг энэ үед Со Хе Гё түүнийг зохиолтойгоо танилцаж байхад нь хамт байсан гэнэ. Ийнхүү кино багийнхан анхны зураг авалтаа 2015 оны 6-р сарын 12-нд хийсэн аж.
"Нарны үр сад" 2016 онд гарч эхэлсэн бөгөөд дэлхий даяар олон арван сая хүнийг жинхэнэ байлдан дагуулсан юм. Үзэгчид гол дүрийн хоёр жүжигчний харилцаа жинхэнэ юм шиг сэтгэгдэл төрүүлж байгааг онцолж байсан. Гэхдээ тэдгээрийн дунд жүжигчид нь үнэхээр бодит амьдрал дээрээ ч дотно харилцаа эхлүүлсэн гэдгийг тааварлаж чадсан нь цөөхөн байх.
2016 оны 3-р сард Сон Жүн Ки болон Со Хе Гё нарын хамтдаа хооллож байгаа зураг цацагдсаны дараа Жүн Ки элдэв цууг яриануудыг үгүйсгэсэн юм. Харин дараа жилийнх нь буюу 2017 оны 7-р сард тэрээр 2015 оноос хойш үерхэж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Хосууд тэр сардаа гэрлэхээр төлөвлөж байгаагаа мөн олон нийтэд зарласан бөгөөд 2017 оны 10-р сарын 31-нд хуримаа хийсэн билээ. К-драма одын романтик гэрлэх саналын тухайд Жүн Ки хайртай эмэгтэйдээ 2016 онд Японд аялж явахдаа гэрлэх санал тавьсан аж.
Тэдний хуриманд Өмнөд Солонгосын олон олон алдартай дуучин, жүжигчид ирсэн юм.
Харамсалтай нь энэ аз жаргалтай үйл явдлаас хорьхон сарын дараа Жүн Ки өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулж, эхнэрээсээ салах болсноо зарласан юм. Хамгийн хачирхалтай нь Со Хе Гё нөхрөө өөрөөс нь салах өргөдөл өгсөн болохыг ингэж зарлах хүртэл огт мэдээгүй байсан гэнэ.
Тус мэдэгдэлд:
Сайн байна уу, Сон Жун Ки мэндчилж байна.
Юуны өмнө намайг хайрлаж, халамжилж байсан бүх хүмүүст таагүй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье.
Би Со Хе Гё-оос салах өргөдлөө өгсөн болно.
Бид нэг нэгнээ доромжилж, буруутгахаас илүүтэйгээр гэр бүл салалтыг тайван замаар шийдвэрлэнэ гэж найдаж байна.
Хувийн амьдралаа үүнээс цааш дэлгэхэд хэцүү байгаа гэдгийг мөн та бүхэн ойлгоорой.
Одооноос эхлээд сайн уран бүтээлээр та бүхний ачийг хариулахын тулд бүх чадлаараа хичээх болно.
- Сон Жун Ки
гэсэн байна.
Түүний өмгөөлөгч нь хосууд бүх хэлэлцээрээ хуулийн төлөөлөгчдөөр дамжуулан хийж байгаа бөгөөд бүх зүйл сарын дотор дуусгавар болно гэж мэдэгджээ. Тэд нийтдээ 86 сая ам.долларын хөрөнгөө хуваасан юм.
Тэд гэрлэхээсээ хэдхэн сарын өмнө Итаевонд тансаг харш худалдаж авсан байв. Эх сурвалжийн мэдээллийн дагуу залуу хос салах болсноо зарлахаас хэдэн сарын өмнө энэ байшингаасаа нүүсэн гэжээ. Гэтэл хөрш нь тэднийг энэ байшинд амьдарч ч байгаагүй гэж ярьсан байв.
Со Хе Гё энэ мэдээ цацагдсаны дараа зан чанар нийлэхгүйгээс болоод дэндүү их үл ойлголцол үүссэн учраас салах болсон гэж мэдэгдэв.
Түүнийг хариуцдаг UAA агентлаг дараах мэдэгдлийг гаргажээ:
Сайн байцгаана уу, Со Хе Гё-г хариуцдаг UAA агентлаг байна.
Нэгдүгээрт, та бүхнийг таагүй мэдээгээр угтаж байгаад харамсаж байна.
Жүжигчин Со Хе Гё бүх зүйлийг сайтар эргэцүүлсэний үндсэн дээр нөхрөөсөө салж байгаа нь үнэн.
Үүний шалтгаан нь тэдний зан авирын ялгаатай байдлаас болсон юм. Тэд хоёул зөрчилдөөнийг шийдвэрлэж чадаагүй учраас ийм шийдвэр гаргахад хүрсэн.
Үүнээс цааш мэдээлэх нь жүжигчдийн хувийн амьдралд халдаж буй хэрэг болох учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг баталгаажуулах боломжгүй тул биднийг ойлгохыг хүсэж байна.
Түүнчлэн, уг асуудлаар өдөөн хатгасан болон таамагласан сэтгэгдэл үлдээхгүй байхыг хичээнгүйлэн гуйя.
Баярлалаа.
Үүнээс хэдэн сарын өмнөөс Со Хе Гё олны өмнө хуримын бөгжгүй үзэгдэх болсон тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хосуудыг салж байгаа хэмээн шуугиж эхэлсэн байсан юм. Гэхдээ энэ нь зүгээр л цуу яриад болоод өнгөрчээ.
Харин хосуудыг салах мэдээ гарсны дараа Sports Chosun сонин тэднийг хуримаа хийснээс 11 сарын дараа буюу 2018 оны 9-р сараас эхлэн тусдаа амьдрах болсон хэмээн мэдээлэв. Үүнээс гадна Сон Жун Кигийн танил нь 2018 оны намар өөр нэг цувралд тоглож байхдаа түүнийг ганцаараа амьдарч эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Со Хе Гё 2019 оны эхэн үеэс гэр бүлийн стрессээс болж ойролцоогоор 5 кг жин хассан гэжээ. Түүний жин буурснаас шалтгаалж, хуруунууд нь хуримын бөгжөө тогтоож чадахааргүй нарийн болсон гэх мэдээлэл ч байлаа.
Сон Жун Ки харин нэгэн киноны зураг авалтын үеэр хувийн стрессээс болж үс нь унаж эхэлсэн байж болзошгүй гэж нэгэн дотны хүн нь мэдээлжээ. Үүний үр дүнд тэднийг шүтэн бишрэгчид нь гэртээ маш их маргалдаж, бие биедээ бухимдал нэмдэг байсан гэж сэжиглэж эхэлсэн байна.
Энэ бүхний нөлөөгөөр цахим хэрэглэгчид Со Хе Гёг жүжигчин Пак Бо Гумтай явалдсанаас болж гэр бүл салж байгаа хэмээн хардсан байна. Пак Бо Гум нь Со Хе Гёгийн найз бөгөөд нэг цувралд хамтран тоглож байжээ.
Пак Бо Гум үүний хариуд өөрийг нь гүтгэсэн хүмүүст хуулийн хариуцлага үүрүүлнэ гэж анхааруулсан юм. Со Хе Гё болон Сон Жун Ки нар ч мөн худал хуурмаг цуурхал тарааж буй хүмүүст ижил арга хэмжээ авна гэсэн байв.
Сон Жун Кигийн аав ч мөн анхаарлын төвд орсон байна. Сон Жун Кигийн багадаа өссөн байшин нь түүний тоглосон бүтээлүүдийн зурагт хуудсаар дүүрсэн байдаг аж. Гэвч тэдгээрийн дунд байсан Со Хе Гёгийн зураг гэнэт алга болсон нь олны анхаарлыг татав. Сон Жун Кигийн аав нь энэ байшинг арчилж торддог тул хэвлэлийнхэн түүнийг хуучин бэрийнхээ зургийг авч хаясан хэмээн буруутгажээ. Харин цахим хэрэглэгч нар ийм мэдээ тарааж, хөгшин эцгийг хүнд байдалд оруулсан сэтгүүлч нарыг шүүмжилсэн байна.
Сон Жун Кигийн аав нь хүүгээ эхнэрээсээ салж байгаа тухай мэдээг анх хэвлэлээс л олж дуулсан гэнэ. Үүнийг сонсоод тэрээр сэтгэлээр ихэд унасан тул хүмүүстэй ч уулзахгүй, гэрээсээ ч гарахгүй байгаа аж.