Ялын гүйцэтгэлийн үеэр 52 настай болсон Лиза өөрийг нь хөнөөх гэсэн хүнийг үхэхийг харахаар биш, харин "Түүний амьсгал хураахдаа харах сүүлчийн зүйл болохыг хүссэн" байна.
Бобби эцсийн мөч хүртлээ тайван байсан аж. Цаазын ялын гүйцэтгэлийн дагуу түүнээс хэлэх сүүлчийн үг байна уу гэж асуухад "Байхгүй." гэж хариулжээ. Тэрээр 2019 оны 5-р сарын 23-нд цаазаар авахуулсан юм.
Бобби Жо Лонг 1953 оны 10-р сарын 14-нд АНУ-ын Баруун Виржиниа мужийн Кенова хотод төрсөн. Жо Лонг хүүхэд байхын л бусдаас өөр байсан аж. Тэрээр генетикийн эмгэгтэй төрсөн бөгөөд үүнээс болж өсвөр насанд нь түүний биед хөх ургаж эхэлсэн байна. Үе тэнгийнхэн нь Лонгийг шоолж, доромжилдог байсан бол тэрээр уур бухимдлаа амьтад болоод өөрөөсөө жижиг хүүхдүүдэд гаргадаг байв.
Лонг хожим хагалгаанд орж, эмгэгээсээ ч салсан боловч тэрээр аль хэдийн нас бие гүйцсэн байсан учраас олон жил гадуурхагдсанаас болж тун этгээд нэгэн болсон байлаа.
Тэрээр хоёр удаа найз бүсгүйтэй болсон ч хоёулантай нь таарч тохиролгүй салсан бөгөөд сүүлдээ "Би сайн бүсгүй олж чадахгүй нь бололтой. Ганцаараа хорвоог туулахаас өөр арга алга" гэж ээждээ хэлж байсан гэнэ.
Үүнээс хойш 1981 онд Лонг мотоциклийн осолд орж толгойгоо гэмтээжээ. Үүний дараагаас тэрээр хүн алж байна гэж зүүдлэх болсон бөгөөд удалгүй зүүдээ бодит байдал болгож эхэлсэн байна.
Лонг рентгений эмч байсан ч мэргэжлээрээ ажиллахын оронд нийгмийн халамж авдаг байжээ. Тэрээр 1983 онд Флорида мужийн Тампа хотод Лонг эхний хохирогчоо алсан байна. Түүнийг нийт 50 бүсгүйг хүчиндэж, есийг нь хороосон гэж үзсэн аж.
Маньяк эр 1984 оны 11-р сарын 3-ны өдөр шөнийн 3 цаг хүртэл кафед ажиллаж байсан 17 настай Лиза Маквейг хулгайлсан байна. Лиза тухайн үед амиа хорлохыг хүсдэг байжээ. Эмээтэй нь уулздаг эр өсвөр насны охиныг гурван жилийн турш хүчирхийлж байсан гэнэ.
Охин ажлаа тараад дугуйгаар явж байтал гэнэт нэг хүн түүнийг татаж унагаад, толгойд нь буу тулгажээ. Лонг "Dodge Magnum" маркийн машиндаа охиныг хүчээр суулгаад гэртээ аваачиж, хүчирхийлсэн байна. Ингэхдээ тэрээр царайгаа ч нуугаагүй аж. Лиза түүнээс яагаад ийм зүйл хийж байгааг нь асуутал "Би эмэгтэйчүүдийг гэсгээдэг." хэмээн хариулсан байна.
Лонг дараа нь хүмүүс үргэлж түүнтэй шударга бус харьцдаг, эмэгтэйчүүд түүнийг доромжилдог гэж хэлсэн байна. Лиза амьд гарахын тулд өвчтэй ээжийн ганц охин гэх өрөвдөлтэй түүх зохиож түүнд ярьсан бөгөөд үүнд итгэсэн алуурчин эр охины нүдийг боож машиндаа суулгаад, хурдны замын дэргэд үлдээгээд явжээ.
Лиза гэртээ эргэж ирээд эмээдээ юу болсныг ярьтал итгээгүй гэнэ. Харин цагдаа нар тухайн бүс нутагт хүчин, аллагын хэрэг үйлдэж гаршсан, жинхэнэ толгойны өвчин болж байсан этгээдийг хайж байсан тул Лизагийн мэдүүлэг тэдний ажилд том нэмэр болсон байна.
Цагдаа нарт тухайн үед алуурчны талаарх мэдээлэл тун хомс байсан учраас аргагүй мухардаад байсан аж. Харин Лиза тэдэнд түүнийг ямар зүс царайтай, ямар машин унадаг болохыг хэлж өгчээ.
Тампа хотод хэдэн дуун "Dodge Magnum"-тай хүн байсан тул тэднийг шалгах хооронд алуурчин дахин хоёр бүсгүйн аминд хүрсэн байв. Гэвч цагдаа нар 1984 оны 11-р сарын 16-нд Лонгийг барьж чадсан бөгөөд Лиза ч түүнийг мөн хэмээн баталсан гэнэ.
Цагдаа нар түүнээс яагаад Лизаг амьд үлдээснийг асуух болгонд Лонг өөр өөр хариулт өгдөг байв. Тэдгээр хариултуудын хамгийн сүүлийнх нь буюу цаазын ял сонсохдоо хэлсэн үг нь үнэн байх магадлал хамгийн өндөр аж.
Тэр үед "Би түүнийг сул тавихдаа удахгүй баригдана гэдгээ мэдэж байсан. Би түүнд цагдаа битгий дуудаарай ч гэж хэлээгүй. Тампад намайг хэдийнээ хайж эхэлсэн байсан ч би хүсвэл мөрөө балруулаад зугтаж чадах л байсан. Гэхдээ би энэ бүхнийг дуусгахыг хүссэн." гэж Лонг хэлсэн байна.
Үүнээс өөр ямар нэг учир байсан ч бид жинхэнэ шалтгааныг олж мэдэхэд одоо хэтэрхий оройтсон нь гарцаагүй. Өдгөө шерифийн туслах болсон Лиза энэ явдлаас хойш амиа хорлох бодлоо бүр мөсөн орхисон гэнэ.
52 настай Лиза