Мексикийн эргээр загасчилж явсан хэсэг хүмүүс уснаас олдсон ер бусын амьтныг "Цайвар ягаан өнгөтэй, хавдаж хөөсөн мэт биетэй, нялцгай амьтан" гэж тодорхойлжээ. Тэд хурдан гэгч нь хэдэн зураг дарж аваад, амьтныг усанд нь буцаан тавьсан байна.
Дараа нь авсан зургуудаа биологчид үзүүлэхэд өнөөх ягаан амьтан нь хөөсөн акул болж таарсан аж. Маш ховор тохиолдох энэ төрлийн акулыг альбино гэж тайлбарласан бөгөөд өнгө бүдгэрэх үзэгдлийн шалтгаан нь бие организмын эсэн бүрхүүлд өнгө бүрдүүлдэг меланинд шаардлагатай фермент дутагдсанаас үүддэг гэнэ.
Энэхүү аварга загасны шинжлэх ухааны албан ёсны нэршлийг cephaloscyllium ventriosum гэдэг. Мексик загасчдын барьсан хачирхалтай загас 110 см урт байсан аж.
Мэргэжлийнхэн дээрх загасчдыг Scyliorhinidae төрлийн том толгойтой өөр нэгэн зүйлийг нээсэн гэж тайлбарласан байв. Аюулд өртсөн үедээ энэ төрлийн амьтад толгой, биеэ хөөлгөн томруулж, амиа авардаг байна.
Үүний тулд загас U хэлбэртэй болж, сүүл хэсгээрээ ус оруулж гэдсээ дүүргэдэг гэжээ.
Уг акул амандаа 60 орчим шүдтэй боловч тэдгээр нь маш жижиг тул хүнд ямар ч аюул учруулж, гэмтээхгүй. Усны ёроол дахь жижиг загас, цефалопод, хавч хэлбэртнээр хооллодог бөгөөд шөнийн цагаар идэвхжиж, өдөр нь агуйн ховилд нуугддаг байна.
Үржихдээ спираль капсул бүхий хоёр өндөг гаргадаг бөгөөд үр хөврөлийн үржлийн хугацаа нь 7-12 сар буюу усны температураас хамаарч харилцан адилгүй гэнэ.