Ийм ер бусын аргаар хүүхэдтэй болсонд нь түүнд олон хүн баяр хүргэсэн ч христийн шашны хэт үзэлд улайрагчид доромжилсон, хараасан утга бүхий захидал илгээх болжээ. Тэдгээрийн дунд хагарсан хуруу шил байсны дээр "эхийн хэвлийд бүрэлдээгүй хүүхэд чинь сүнсгүй төрсөн" гэх утгатай зүйлс хүртэл бичсэн байв.
Луйз хожим нь "Аав минь надад чи сүнстэйгээр барахгүй, диваажин чамайг заавал хүлээж авна гэж хэлж тайтгаруулж байсан." хэмээн дурссан байдаг. Өдгөө 42 настай Луйзийг хэдэн зуун шинжилгээнд оруулсны эцэст байгалийн жамаар бүрэлдсэн хүүхдээс ялгаагүй болохыг баталсан юм.
Луйз 1978 оны 7-р сарын 25-д Их Британийн Олдхам хотод мэндэлжээ. Түүний төрсөн өдрийг хожим Дэлхийн Нөхөн үржихүйн технологийн өдөр болгон тэмдэглэдэг болсон байна. Луйзийн ээж Лесли туршилтанд орохоор шийдэхдээ 29 настай байсан бөгөөд 9 жилийн турш үр тогтоох гэж оролдсон ч үр дүнд хүрч чадаагүй байсан аж. Тэрээр эмчилгээний бүх аргыг туршиж үзсэн боловч "үтрээн дэх гуурсан хоолойн бөглөрөл" гэсэн онош нь тухайн үед эмчлэгдэх боломжгүй байжээ.
Аргаа барсан тэрээр нөхөртөө "Намайг мартаад эрүүл эхнэр ол" гэж нэг бус удаа хэлж байсан аж. Харин үнэнч нөхөр нь эхнэрээ хэзээ ч орхиогүй байна.
Тиймээс Лесли аюултай ч байж болох туршилтанд оролцохоор шийдсэн байна. Хиймэл аргаар үр тогтоох уг төсөлд нийт 282 эмэгтэй хамрагдсанаас ердөө 12 эмэгтэйд нь амжилттай үр тогтсон аж. Харин тэднээс Луйз л ганцаараа хорвоод мэндэлж чаджээ.
Луйз охин 4 настайдаа Натали Браун хэмээх дүүтэй болсон байна. Хожим Натали дөрвөн хүүхдийн ээж болсон бол Луйз Камерон, Айден хэмээх 2 хүүхэд төрүүлжээ.
Жирэмсний 38 дахь долоо хоногт 2.6 кг жинтэй Луйзыг кесар хагалгаагаар төрүүлсэн байна. Тухайн цагт дэлхийн хэвлэлүүд энэ талаар шуугиж, нярайг "Супер хүүхэд", "Зууны хүүхэд" гэх мэтээр хочилж байсан гэнэ. Амьдрах хувьтай нярайг эх барьсан эмч Патрик Степто, физиологич Роберт Эдвардс нар саналаар Луйз Жой хэмээн нэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, Луйзыг мэндэлснээс хойш 32 жилийн дараа буюу 2010 онд Роберт Эдвардс энэхүү нээлтийнхээ төлөө Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагнал хүртжээ. Гэхдээ анагаах ухааны энэ гайхамшигт туршилтанд сувилагч Жан Пардигийн оруулсан хувь нэмрийн талаар цөөхөн хүн л дурсдаг нь харамсалтай. Тэрээр эх, охин хоёрын биеийн байдалд онцгой анхаарал хандуулан ажилласан гавьяатай юм.
Луйзыг 5 настай байхад эцэг эх нь түүнийг хэрхэн хүн болсон тухай хэлж өгсөн бөгөөд ингэхдээ хуруу шилэнд бүрэлдэж буй бичлэгийг нь үзүүлсэн байна. Гэхдээ Луйз өөрийгөө хэзээ ч бусдаас ялгаатай гэж бодож байгаагүй гэнэ.
Харамсалтай нь Луйз анхны хүүхдээ өлгийдөн аваад төд удаагүй байхдаа аав, ээж хоёроо алджээ.
Өдгөө Луйз нийгмийн идэвхтэн болсон бөгөөд бага хурлуудад илтгэл тавьж, үргүйдлийн улмаас шаналж буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт аялж, хиймлээр үр тогтоохыг илүү хямд өртөгтэй байлгах боломжийг эрэлхийлэх болсон аж.
Мөн Браун гэр бүлийнхнийхээ зургийг цахим орчинд буюу олон нийтэд түгээн дэлгэхгүй байхыг хичээдэг байна.