27 настай Айзада Канатбекова Бишкек хотод ажиллаж амьдардаг байсан бөгөөд ажлаасаа буцах замдаа хулгайлагдсан байна. Гудамжны хяналтын камерт гурван эр хохирогч эмэгтэйг машин руу чирж оруулж байгаа дүрс бичлэг тэмдэглэгдэж үлдсэн байв. Гэвч үүнээс хэдхэн цагийн дараа хохирогчийн цогцос олдсон бөгөөд хууль сахиулах байгууллагынхан аллагыг Киргизийн бэр богтлох заншлаас үүдэлтэй гэж үзэж байгаа юм.
Бичлэгт эмэгтэй гурван эрэгтэйг эсэргүүцэж, тэмцсэн боловч түүнийг албан хүчээр машинд суулган авч явж байгаа нь тод харагдана.
Цагдаа нар даруй бүсгүйг хайж эхэлсэн бөгөөд хэдэн цагийн дараа түүнийг Бишкек хотын захад орхисон машины арын суудалд боомилсон байхыг олжээ.
Цагдаагийн газраас хохирогчийг "бэр хулгайлах" буюу богтлох үеэр амиа халдсан гэж үзсэн байна. Энэ зан үйл нь Киргизийн ард иргэдийн өнөөг хүртэл дагасаар байгаа уламжлалт ёс аж. Канатбековаг хулгайлсан хүн болох 36 настай эрэгтэй мөн амиа егүүтгэсэн байдалтай олдсон байна.
Айзада Канатбековаг нас барсны дараа 500 гаруй хүн Бишкек хотын гудамжинд нэгдэж, хотын цагдаагийн газрын удирдлага, тус улсын Дотоод хэргийн яамны сайдыг огцрохыг шаарджээ. Хулгайлах ажиллагаа хотын төвд болсон учраас олон камерт бичигдэж, хулгайлагчдын машины улсын дугаарыг маш тодорхой харагдаж байсан ч хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж чадаагүйд хүмүүс ихэд эгдүүцэн ийнхүү жагсаал зохион байгуулсан байна. Жагсаалд оролцогчид "Айзадагийн аллагын хариуцлагыг хэн хүлээх вэ?", "Аллага бол уламжлал биш!", "Хүний хулгайг болиулахын тулд хэчнээн эмэгтэй үхэх ёстой вэ?" зэрэг эсэргүүцлийн самбар барьсан байв.
Богтлох буюу "ала качуу" нь Төв Азийн овог аймгууд нүүдэллэн амьдарч байсан үеэс улбаатай заншил юм. Уг уламжлал ЗСБНХУ-ын үед томоохон суурингуудад мөрдөгдөхөө больсон ч хөдөө нутгуудад түгээмэл байсаар ирсэн бөгөөд тусгаар тогтнолын дараа дахин дэлгэрсэн байна. Заншлын хувьд, богтлогдсон бүсгүй гэрлэхийг зөвшөөрсөн бичигт гарын үсэг зурах хүртлээ хулгайч эрийн гэрт хоригддог.
Бэр богтлох ёсыг Киргиз улс 2013 онд хуулиар хориглосон боловч ийм хэрэг шүүхэд бараг ирдэггүйн дээр цагдаа нар хулгайч эрийн эсрэг хэрэг нээдэггүй гэнэ. Мөн богтлогдож явсан ч хулгайчтай гэр бүл бололгүй, гэртээ эргэн ирсэн бүсгүй хамаатан садандаа ёс уламжлалаа хөсөр хаясан хэмээн зэмлүүлдэг учраас тэрхүү ичгүүрийг мэдрэхийг хүсээгүй эмэгтэйчүүд аргагүйн эрхэнд богтлогч эртэйгээ гэрлэдэг байна.
Киргизийн Ерөнхий сайд Улугбек Марипов жагсагчдад хандан тэвчээртэй байхыг хүсэж, хохирогчийн алуурчдыг олж шийтгэхээ амласан байна. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров эмэгтэйн үхлийг "Айзада Канатбековагийн хэргийг улс орныг нийтээр нь донсолгосон золгүй явдал гэж нэрлээд, энэ хэргээр Киргиз улсын түүхэн дэх бэр богтлох заншил дуусгавар болох ёстой." хэмээн анхааруулав.
Богтох ёсыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үүнээс өмнө 2018 онд Бишкек хотод болсон байна. Тэр үед Анагаахын сургуулийн 20 настай оюутан Бурулай Турдаалы Кызи хэмээх залуу бүсгүй мөн л бэр богтлох ёсноос болж амиа алджээ. Булулай азаар хулгайчийн гараас мултарч чадсан ч хүн хулгайлсан хэргээр шоронд хоригдох болсондоо уурссан эр цагдаагийн газарт хохирогчтой нүүрэлдэх үеэрээ залуу бүсгүй рүү дайрч, аминд нь хүрсэн байна.
Бишкек дэх НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн газрын мэдээлснээр тус улс нь нийт 6.5 сая оршин суугчтай бөгөөд гэрлэсэн 5 хос тутмын нэг нь богтлох ёсоор хоорондоо гэр бүл болсон байдаг гэнэ.