Тарик Зайди Афганистан, Ангола, Бразил, Камбож, Чад, БНАСАУ, Сальвадор, Этиоп, Гүрж, Гаити, Индонези, Монгол, Хойд Солонгос, Бүгд Найрамдах Конго, Өмнөд Судан зэрэг улсад хийсэн гэрэл зургийн цувралуудыг The Guardian, BBC, CNN, National Geographic, Smithsonian Magazine, Los Angeles Times, Washington Post, Chicago Tribune, Der Spiegel, El Pais, GEO, Independent On Sunday, National Geographic Traveller гэхчлэн 900 гаруй сэтгүүлд нийтэлжээ.
Саперизм (Sapeurism) гэгч нь Африк тивийн Конго болон Ардчилсан Конго улсад анх үүсэж, хөрш зэргэлдээ орнуудад нь ч хурдацтай тархаж буй нэгэн соёлын урсгал юм. Уг соёлыг дагагчдыг "la sape" гэх бөгөөд тэд өнгөлөг, үнэтэй брэндийн хувцсаар гангарч, амьдралын тансаг хэв маягийг эрхэмлэдгээрээ ядуу амьдралтай бусад Африкчуудаас ялгарч чаддаг билээ.
Европын колоничлолын үед газар эзэмшигчид Африк боолууддаа ажлын хөлс болгож хувцас өгдөг байснаас эхтэй явдал он цаг өнгөрөх тусам явсаар "Саперизм" cоёлын урсгал болсон түүхтэй.
Орчин үеийн Саперууд хоёр Конго улсын нийслэлүүд болох Киншаса, Браззавилль хотуудад их нэр хүндтэй байдаг. Мөн хуучны саперууд бүгд эрчүүд байсан бол өдгөө хүүхдүүд, эмэгтэйчүүд уг соёлыг дагадаг болжээ.
Тэд хэдийгээр бүгд л ажилчин ангийн төлөөлөл, эгэл бор амьдралтай хүмүүс боловч загварыг амьдралынхаа нэгэн хэсэг болгож, олсон мөнгөө үнэтэй, чамин хувцас авахад харамгүй зориулдаг гэнэ.