"17 настай хүү Япон дахь социализмыг үгүй хийсэн нь..." - Инэжиро Асанумагийн дуулиант аллагын түүх

2021-03-26, 12:02
24,575

1960 оны 10-р сарын 12-ны өдөр Японы социалист намын дарга Инэжиро Асанума Токиогийн Хибияагийн танхимд амиа алдсан юм. Телевизээр шууд дамжуулж байсан мэтгэлцээний үеэр 17 настай хэт үндсэрхэг үзэлтэн Отояа Ямагүчи мэтгэлцээний тайзан дээр гарч ирж, Асанумаг илдээр дүрэн хөнөөжээ. Сая сая хүний нүдний өмнө болсон энэхүү аллагын үр дүнд Японы социалист намын нөлөө суларч, хэргийг үйлдсэн Ямагүчи нутагтаа үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгдсөн байна.

"17 настай хүү Япон дахь социализмыг үгүй хийсэн нь..." - Инэжиро Асанумагийн дуулиант аллагын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуваагдмал Япон

Асанума нь Японы зүүнтнүүдийн дунд хамгийн нөлөө бүхий эрхэм байлаа. Тэрээр 1959 онд БНХАУ-д айлчилж, Бээжинд болсон цуглаанд үг хэлэхдээ АНУ-ыг Хятад, Японы хамгийн том дайсан хэмээн цоллосон нь томоохон маргаан дагуулжээ.

Японд эргэж ирснийхээ дараа Асанума намын нөхдийн хамт АНУ-Японы хоорондох харилцан аюулгүй байдлын гэрээг эсэргүүцэх томоохон хөдөлгөөнд иргэдийг уриалж, улмаар Японы Парламентын ордны өмнө болсон алдарт Анпогийн жагсаалыг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг болжээ.

Хуваагдмал Япон

Асанума Инэжиро

Харин нөгөө талаас "Их Японы эх оронч нам"-ын дарга Бин Акао тэргүүтэй баруунтны зүтгэлтнүүд энэхүү хэдэн зуун мянган хүнийг цуглуулсан зүүнтнүүдийн жагсаал нь Японд коммунист хувьсгал удахгүй гарахын шинж хэмээн үзэж, эсрэг арга хэмжээ авахад анхаарч эхэлжээ.

"Их Японы эх оронч нам" бол Японы улс төрийн баруун жигүүрийн гол төлөөлөгч байсан бөгөөд АНУ-д талтай ханддаг, Япон-Америкийн цэрэг, зэвсгийн хамтын ажиллагааг бүх талаараа дэмждэг байв.

Анпогийн жагсаал

2 Отояа Ямагүчи гэж хэн байв?

Японы зэвсэгт хүчний өндөр цолтой офицерын хүү, ахынхаа нөлөөгөөр хэт үзэлтэй болсон Отояа Ямагүчи 17 нас хүрээд "Их Японы эх оронч нам"-д элсэв. Анпогийн жагсаалын үеэр тэрээр баруунтан нөхдийн хамт жижиг эсэргүүцлийн хөдөлгөөнд хэд хэдэн удаа оролцож, 1959-1960 оны хооронд 10 гаруй удаа баривчлагдаж, суллагдаад байжээ.

Анпогийн жагсаал түүний улс төрийн үзэл баримтлалыг улам баруун тийш "түлхсэн" бөгөөд тэрээр намын дарга Акаогийн удирдлагыг хэт сул дорой байна хэмээн үзэж, өөрийн биеэр шийдэмгий ажиллагаа үйлдэхийн тулд намаасаа гарчээ.

Отояа Ямагүчи гэж хэн байв?

3 Аллага

1960 оны 10-р сарын 12-нд Инэжиро Асанума Японы хамгийн том гурван намын удирдагчдын дунд болсон мэтгэлцээнд оролцов. Японы сонгуулийн хорооноос зохион байгуулсан уг мэтгэлцээнийг NHK телевиз шууд дамжуулсны зэрэгцээ тухайн үед танхимд 2500 хүн үзэж байжээ.

Эхлээд Ардчилсан социалист намын дарга Сүэхиро Нишио үг хэлсний дараа Инэжиро Асанума индэр дээр гарч, яриагаа эхэлжээ. Тэр даруй танхимд цугларсан баруунтнууд дургүйцэн шүгэлдэж, хашхирч эхэлсэн тул эхний эгнээнд суусан сэтгүүлчид ч Асанумагийн юу ярьж байгааг сонсож чадахгүй байлаа. 5 орчим минутын дараа үзэгчид тайвшран чимээгүй болж, Асанума яриагаа үргэлжлүүлтэл Ямагүчи тайз руу дайран гарч ирж, "вакизаши" хэмээх самурай илдийг түүний хэвлийд гүн дүрэв.

Аллага

Ямагүчи тэр даруй илдээрээ өөрийнхөө амийг хөнөөх гэж оролдсон ч дэргэдэх хүмүүс түүн рүү дайрч, газар унагажээ. 

Асанумаг яаралтай танхимаас гаргаж, ойролцоох эмнэлэгт хүргэв. Эхэндээ тэрээр цус бараг алдаагүй, мөн илүүдэл жинтэй нэгэн учир шарх аминд нь хүрэхгүй гэж хүмүүс боджээ. Гэвч Ямагүчигийн илд түүний биед 30 см гүн орж, хэвлийн гол судсыг нь тасалсан байжээ. Их хэмжээний дотуур цус алдалтын улмаас Асанума эмнэлэгт хүргэгдэхдээ аль хэдийн нас барсан байв.

4 Дараах үйл явдал

Аллага болсон орой 20 мянга гаруй хүн Токиогийн гудамжуудаар жагсаал хийж, тухайн үед рейтинг өндөртэй байсан эрх баригч Либерал Ардчилсан намын засгийн газрыг эмгэнэлт явдалд буруутай гэж үзэн огцрохыг шаарджээ. Үүнээс болж Анпогийн жагсаал давтагдахаас эмээсэн ерөнхий сайд Хаято Икэда хэд хоногийн дараа өөрийн өрсөлдөгч байсан Асанумагийн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлэн үг хэлжээ. Энэ нь тун ухаалаг алхам болж, Икэдагийн нэр хүнд улам өссөн бөгөөд тэр жилийн сонгуульд Либерал Ардчилсан намын парламент дахь суудал нэмэгдэж, дахин олонх болж чадсан байна.

Дараах үйл явдал

Энэ үед Ямагүчи шоронд хоригдож, шүүх хурлыг хүлээж байлаа. Тэрээр бүх зүйлд гайхалтай тайван, хэрсүү хандаж байсан бөгөөд маш дэлгэрэнгүй тодорхой мэдүүлгийг цагдаа нарт өгсөн байна. Хэргийг үйлдэхдээ Ямагүчи хэнээс ч даалгавар аваагүй, зөвхөн өөрийн шийдвэрээр ажилласан нь тодорхой болжээ. 

11-р сарын 2-ны өдөр Ямагүчи хорих өрөөний ханан дээр "Эзэн хаан мандтугай", "Эх орныхоо төлөө долоон амиа өргөе" хэмээн шүдний оогоор бичиж үлдээгээд, эрчилж зангидсан орны дэвсгэрээр өөрийгөө боомилон амиа хорложээ.

5 Социализмын мөхөл

Үндсэрхэг үзэлтний гарт амиа алдсан Асанума нь хэт зүүнтнүүд, зүүн төвийнхөн, барууны социалистуудаас бүрдсэн намынхаа гол зангидах хүч, нүүр царай нь байжээ. Гэвч түүний үхэл намд нь нуугдаж байсан үзэл суртал, сонирхлын зөрчилдөөнийг ил гаргажээ. Асанумагийн дараа зүүн төвийн үзэлтэй Сабүро Эда тус намын дарга болж, илүү зөөлөн бодлого явуулж эхэлсэн нь социалистуудын дургүйцлийг төрүүлэв. Улмаар намын дотоод зөрчил хагаралдаан, эрх мэдлийн төлөөх тэмцэл туйлдаа хүрч, иргэдийн дундах нэр хүнд ч буурч эхэлсэн бөгөөд эцэст нь 1996 онд Японы социалист нам гэж байхаа больжээ.

Харин Ямагүчи тэр даруй Японы үндсэрхэг үзэлтнүүдийн дунд баатар хэмээн хүндлэгдсэн байна. Тухайн оны 12-р сард аллага болсон Хибияа танхимд барууны үзэлтэй иргэд олноор цугларч, "Бидний баатар дүү Ямагүчи Отояагийн дурсгалд" нэртэй эмгэнэл илэрхийлэх ёслол үйлджээ. Үүнээс хойш Японы үндсэрхэг үзэлтнүүд Ямагүчигийн амиа хорлосон 11-р сарын 2-ны өдрийг жил бүр дурсгалын өдөр болгон хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Социализмын мөхөл

Ташрамд дурдахад, Ямагүчи Асанума руу илд барин дайрч буй алдарт зураг 1961 онд Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зургаар тодорч, Пулицерийн шагнал хүртсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()