1
Азийн хэлтэг
Төрөлх нутаг: Зүүн Орос, Хятад
Нутагшуулсан газар: Хойд Америк ба Европ
Тэнд яаж очсон бэ?: Ази хэлтэг загасыг хоол хүнсэнд хэрэглэх, тэжээх, загасчлах зорилгоор авчирсан.
Ямар хүндрэл учруулсан бэ? Азийн хэлтэг нь том биетэй, идэш ихтэй, хурдан үрждэг загас. Тэд хоол хүнс, амьдрах орчныг уугуул загаснуудаас булааж авдаг бөгөөд бусад загасны түрсээр мөн хооллодог байна.
Ийнхүү тэд нуур, голын уугуул амьтдыг үгүй хийснээр тунгалаг усыг булингартай болгож, тухайн газарт өөр төрлийн амьд биетүүд өсч үржихэд хүргэдэг.
2
Судалт дун (Dreissena polymorpha)
Төрөлх нутаг: Хар, Каспин, Арал, Азовын тэнгисүүд
Нутагшсан: Орос, Европ, Хойд Америк
Тэнд яаж очсон бэ? Судалт дун нь завины гаднах хэсэг эсвэл хөвөгч ургамалд наалдах маягаар нүүж ирсэн байна.
Ямар хүндрэл учруулсан бэ? Маш хурдан тоо толгой нь нэмэгддэг тул судалт дун нь цэнгэг усны түрэмгийлэгчдийн нэг юм. Тус дун нь усан дахь бичил биетүүдийг шүүдэг тул загасны хоолыг багасгадаг. Планктоноор хооллодог загас амьд үлдэхийн тулд шинэ тэжээлийн эх үүсвэр олох эсвэл шинэ нуур руу нүүх хэрэгтэй болно. Харамсалтай нь ийм хэмжээний нүүдэл хийж чадах загас ховор.
3
Нишиний бах (Rhinella marina)
Төрөлх нутаг: Хойд Өмнөд Америк, Төв Америк, Мексик
Нутагшуулсан газар: Австрали зэрэг дулаан уур амьсгалтай олон улс орнууд
Тэнд яаж очсон бэ? Газар тариалангийн хортон шавьжтай тэмцэх үүднээс авчирсан.
Ямар хүндрэл учруулсан бэ? Нишиний бах нь өөрийгөө хамгаалах зориулалтаар хор ялгаруулдаг. Төрөлх нутагт нь байдаг махчин амьтад энэ бахын ялгаруулдаг хоронд дассан байдаг бол бусад газар нутагт байдаг махчин амьтад харамсалтай нь тийм биш юм. Хорт бахыг идэхээр завдсан олон амьтад хорноос нь болж үхдэг. Тоо толгойг нь бууруулж чадах ямар ч дайсан байхгүй тул эргэн тойронд нь байх амьтад бус, нишингийн бахын тоо толгой л огцом нэмэгдэж, амьтан, ургамлын төрөл зүйлүүдэд ноцтой хохирол учруулж байна.
4
Европ тодол (Sturnus vulgaris)
Төрөлх нутаг: Европ, Ази, Хойд Африк
Нутагшуулсан газар: Хойд Америк, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд
Тэнд яаж очсон бэ? Европын тодолыг хортон шавьжтай тэмцэх, гэрийн тэжээвэр амьтан болгох үүднээс болоод Шекспирийн бүтээлүүдэд дурдсан бүх шувууг Хойд Америкт нэвтрүүлэх гэж оролдсон хэсэг хүмүүс авчирсан.
Ямар хүндрэл учруулсан бэ? Европ тодлын нэг сүрэг дунджаар 3000 гаруй бодгалиас бүрддэг. Ийм хэмжээтэй сүрэг нь жимс, үр тарианы фермд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Эдгээр шувууд нь маш түрэмгий араншинтай бөгөөд хоол хүнс, нутаг дэвсгэрийн тухайд нутгийн уугуул зүйлийнхэнтэй тэмцэлддэг. Тэд бусад шувуудын үүрийг булаан авч, өсөж үржих газаргүй болгодог.
5
Европ туулай
Төрөлх нутаг: Өмнөд Европ ба Хойд Африк.
Нутагшуулсан газар: Антарктид ба Азиас бусад бүх тивүүд
Тэнд яаж очсон бэ? Туулайг хүнсний эх үүсвэр болгохын зэрэгцээ колоничлогчид эх орноо дурсах үүднээс авч ирсэн.
Ямар хүндрэл учруулсан бэ? Туулай маш хурдан үрждэг. Нэг жилийн хугацаанд нэг хос туулай 18-30 бүжин гаргаж чадна. Тэдний тоо толгой өсөхийн хэрээр иддэг тул зарим газарт уугуул ургамлын төрөл зүйлийг устах ирмэгт тулгажээ. Тэд мөн уугуул амьтадтай хоол хүнс, амьдрах орчны төлөө өрсөлдөж, тухайн нутаг дахь унаган зүйлийн тоо толгой цөөрөхөд хүргэж байна. Эдгээр нь хөрсний элэгдэл эвдрэл, бэлчээрийн даац хэтрэх шалтгаан болж, хүрээлэн буй орчноос хамааралтай олон төрөл зүйлийг өвчлүүлэхэд хүргэжээ.
6
Кудзу (Pueraria montana)
Төрөлх нутаг: Зүүн Ази ба Номхон далайн зарим арлууд
Нутагшуулсан газар: Хойд Америк ба Европ
Тэнд яаж очсон бэ? Кудзуг цэцэрлэгт хүрээлэн болоод хүнсний зориулалтаар авч ирсэн
Ямар хүндрэл учруулсан бэ? Кудзу бол усан үзмийн мод маш хурдан ургадаг (өдөрт 26 см) тул бусад ургамлыг хүрээлж нарны гэрэл авах боломжийг нь хаадаг. Кудзу нь нас бие гүйцсэн модыг ч хялбархан үхүүлж чаддаг учир бусад ургамлын төрөл зүйлийг үгүй хийж, хүрээлэн буй орчинд ноёрхдог.
7
Азийн эвэрт цох (Anoplophora glabripennis)
Төрөлх нутаг: Хятад, Япон, Солонгос
Нутагшуулсан газар: Хойд Америк ба Европ
Тэнд яаж очсон бэ? Азиас тээвэрлэсэн мод, модон эдлэлүүдэд нуугдаж ирсэн
Ямар хүндрэл учруулсан бэ? Азийн эвэрт цох нь бүх төрлийн модоор хооллож үржиж чаддаг. Авгалдайн хувьд зөөлөн холтос иддэг тул тухайн модны тэжээл нь бусад хэсэгт хүрэхэд хэцүү болгодог. Тэд өсч томрох тусам улам гүн шигдэн тухайн модыг илүү их гэмтээдэг. Азийн эвэрт цохоор халдварласан мод амьд үлддэггүй.
8
Энэтхэг дорго (Herpestes auropunctatus)
Төрөлх нутаг: Зүүн Өмнөд Ази
Нутагшуулсан газар: Ази, Төв Америк, Өмнөд Америк
Тэнд яаж очсон бэ? Харх, могой, хортон шавьж устгахаар авчирсан.
Ямар хүндрэл учруулсан бэ? Энэтхэгийн дорго бол түрэмгий махчин амьтан юм. Райл шувуу (устаж үгүй болсон), Ямайкийн салхич шувуу (нэн ховордсон, устаж болзошгүй), хар мэлхий (нэн ховордсон), ягаан тагтаа (ховордсон), амами туулай (ховордсон) болон бусад олон шувууд, мөлхөгчид, хөхтөн амьтад энэхүү доргоны хохирогчид юм. Мөн Энэтхэг дорго нь галзуу зэрэг олон тооны өвчин тараадаг.
9
Хойд номхон далайн од (Asterias amurensis)
Төрөлх нутаг: Хятад, Япон, Солонгос орчмын далай
Нутагшуулсан газар: Австрали
Тэнд яаж очсон бэ? Завин дээр наалдаж, загас агнуурын хэрэгсэлд бэхлэгдэх эсвэл амьд загасны хамт тээвэрлэгдэж ирсэн
Ямар хүндрэл учруулсан бэ? Тэд бараг л олсон бүх зүйлээ иддэг бөгөөд маш хурдан үрждэг. Далайн однууд Австралийн ойролцоо нүүж ирээд хоёрхон жилийн дотор ойролцоогоор 12 сая тоо толгой болтлоо өссөн. Нэн ховордсон толбот загасны тоо толгой цөөрсөнд тэдний нөлөө бий гэж үздэг.
10
Усны хэлгий цэцэг (Eichhornia crassipes)
Төрөлх нутаг: Баруун Бразил, Өмнөд Америкийн Амазоны сав газар
Нутагшуулсан газар: Африк, Ази, Хойд Америк, Австрали, Шинэ Зеланд
Тэнд яаж очсон бэ? Чимэглэлийн цэцэг, амьтны тэжээл болгох зориулалтаар үрийг нь тээвэрлэсэн.
Ямар хүндрэл учруулсан бэ? Усны хэлгий цэцэг бол хурдан ургадаг усан ургамал юм. Нийтдээ 50 гаруй оронд ургадаг энэхүү цэцгийг дэлхийн хамгийн муу нөлөө бүхий хогийн ургамалд тооцдог. Тохиромжтой нөхцөлд усны хэлгийн тоо толгой ердөө 6 хоногийн дотор гэхэд хоёр дахин нэмэгдэж болно. Энэхүү ургамал нь өтгөн, шигүү ургадаг тул гол мөрнийг урсацыг хааж, усны амьтдыг явах газаргүй болгодог. Үүнээс гадна нарны гэрэл, хүчилтөрөгчийг усан доор орших бусад ургамалд нэвтрэхэд саад болж, хүрээлэн буй орчны тэнцвэрийг алдагдуулдаг байна.