1
Каса Бальо, Барселон, Испани (Casa Batlló)
1900-аад оны эхээр агуу архитектор Антони Гаудигийн сэргээн босгосон энэхүү барилга нь манай гаригийн хамгийн ер бусын газруудын нэг юм. Каса Бальо яг л Цасан цагааны үлгэрт гардаг одойчуудын байшинтай ижил сэтгэгдэл төрүүлнэ.
Байшингийн архитектурт бүх зүйлийг хамгийн жижиг нарийвчлалтайгаар хийж өгчээ. 1962 онд Каса Бальог урлагийн, 1969 онд улсын өв хэмээн тунхаглаглаж, 2005 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн түүхтэй.
2
Харанхуй гудамж, Хойд Ирланд (The Dark Hedges)
Хойд Ирландын Армаг тосгоны ойролцоо байрлах Харанхуй гудамжийн зургийг хараад хэн ч гайхширна. Үнэхээр ч үлгэрийн ном эсвэл хүүхэлдэйн кино дээр л ийм газар гардаг шүү дээ.
Замын хажуугаарх эвэр моддыг 300 гаруй жилийн өмнө уг газрын ойролцоо амьдардаг Стюартын гэр бүл тарьсан байна. Цаг хугацаа өнгөрөхөд мөчрүүд нь улам томорч, зарим нь хоорондоо наалдан, нуман хонгил үүсгэсэн аж. Нар мандах, жаргах үед ургамал, навчис дунд гэрэл нэвчиж туйлын үзэсгэлэнтэй дүр зургийг бий болгодог.
3
Пелес цайз, Румын (Peleș Castle)
Румын улсын Синай хотын ойролцоо, Карпатын уулсын дунд байрладаг Пелес шилтгээнийг 1873-1914 оны хооронд Нэгдүгээр Каролын тушаалаар барьсан бөгөөд архитектурын хэв маягийг нь нарийн нэрлэх боломжгүй аж. Зуун дамжиж үргэлжилсэн барилгын ажлын хооронд уг цайз хэд хэдэн эзний гар дамжсан юм. Тиймээс эзэд тус бүр нь барилгад өөрчлөлт оруулсан байна. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл бол Пелес хэд хэдэн хааны өмч байсан бөгөөд эцэст сүүлд нь музей болжээ.
4
Баобаб моддын төгөл, Мадагаскар
Мадагаскарын баруун хэсэгт орших Менабе муж дахь баобаб моддын төгөл нь 800 орчим жилийн настай бөгөөд нэг модны өндөр нь 300 метр хүрдэг. Тиймээс дэргэд нь байгаа хүн шавж мэт жижигхэн харагддаг байна. Өмнө нь энд маш олон мод байсан боловч нутгийн иргэд өдөр тутмын хэрэгцээнд зориулж, эсвэл арилжаа хийх зорилгоор үндсээр нь унагасан байна.
5
Фарерын арлууд (Faroe Islands)
Фарерын арлууд нь Шотланд, Исландын хооронд байрладаг бөгөөд Данийн Вант улсын бүрэлдэхүүнд ордог. Энэхүү газар нь нэн эртний кайнозойн эрин үеийн галт уулын дэлбэрэлтийн үр дүнд үүссэн юм. Зургийг нь үзэх төдийд ямар гайхалтай тогтоцтой нутаг болохыг нь харах боломжтой. Гэхдээ хамгийн гол нь нутгийн ихэнх хэсэгт хүн бараг байдаггүй учраас энд очсон хүн жинхэнэ эрх чөлөөг мэдрэх нь гарцаагүй.
6
Пена ордон, Португал (Pena Palac)
Пена ордон нь өндөр хадан цохион дээр ойгоор хүрээлэгдэн оршдог ба 19-р зууны үеийн романтик архитектурын жишээ юм. Тус ордон нь 1840 онд Португалийн хатан хаан II Мариагийн нөхөр, Сакс-Кобург-Готын хунтайж Фердинандийн хөрөнгөөр баригдсан. Одоо энэ барилга нь ЮНЕСКО-гийн өв болсон бөгөөд төрийн ёслолын ажиллагаанд ашигладдаг байна.
7
Халонг булан, Вьетнам
Халонгийг Вьетнам хэлнээс орчуулбал "Луу буусан газар" гэсэн утгатай. Энэхүү үзэсгэлэнт газар нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн ойролцоох Куагнин мужид байрладаг 3 мянга орчим арал, хадан цохио, агуй зэргийг багтаасан байдаг.
8
Лхахан Дацан хийд, Бутан
Энэтхэгтэй хил задгаа Бутаны Вант улс дахь Паро хөндийн хадан цохион дээр орших Буддын шашны хийд Лхахан Дацаны нэрийг орчуулвал "Барын үүр" гэсэн утгатай. Энэ газрын агуйд эрт дээр үеэс бясалгал хийж ирсэн бөгөөд хийдийг 1692 онд байгуулжээ. Уг газраар зочлохын тулд Бутан улсын Соёлын яамнаас зөвшөөрөл авах хэрэгтэй болдог байна.
9
Жанжэ Даншиа, Хятад
Зурган дээр таны харж байгаа зүйл бол фотошоп биш, харин Хятадын Гансу мужийн Геологийн парк Жанжэ Даншиа хөндийн бодит төрх юм. Энэхүү газар 100 сая жилийн өмнө үүссэн гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Даншиа хэмээх үзэгдлийн дагуу эрт үед далайн гүнд байсан чулуулаг нь давстай усны нөлөөгөөр ийм өнгөтэй болсон бөгөөд газар хөдлөлтийн үр дүнд далайн ёроолд байсан чулуулаг нь ил гарч ирсэн байна. Ийм тод өнгөтэй хад хаана ч байхгүй тул ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан аж.
10
Закинтосын цэнхэр агуй, Грек
Энэхүү агуй нь Грекийн Закинтос арлын хойд эрэг дээр байдаг. Эндээс та дэлхийн хамгийн тунгалаг ус бүхий далайн эргийг олж чадна. Тус агуйг 1897 онд анх нээсэн бөгөөд жуулчдын ирэх дуртай газруудын нэг болжээ. Закинтост ирэхийн тулд та завиар аялах шаардлагатай юм.
11
Петра, Иордан
Сүйдсэн Петра хотын үлдэгдэл 2 мянга гаруй жилийн тэртээ байсан Набатае хаант улсын эртний нийслэл юм. Хадан дээр үлдсэн энэхүү барилга урьдын цагаас хойш огт өөрчлөгдөөгүй. 2007 онд энэ үзэсгэлэнт байгууламжийг дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг болгон сонгосон байна. Дашрамд дурдахад, 1989 онд Стивен Спилбергийн Индиана Жонес ба Сүүлчийн загалмайтны аян киноны зураг авалтыг энд хийсэн байна.
12
Жасперын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх арал, Канад
Канад дахь Жасперын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цанын бааз, гольфын талбайтай олон амралтын газар байрладаг. Гэхдээ энд бараг л орхигдсон газрууд мөн байх аж. Жишээлбэл, Малин нуурын ойролцоо нарс модтой Спирит хэмээх жижиг арал оршино. Америкийн нэгэн гэрэл зурагчин байгалийн тус үзэсгэлэнт газрын зургийг нийгмийн сүлжээнд байрлуулсны дараа мянга мянган жуулчид энэ газрыг зорих болжээ.