Морган Хок бага насандаа бидний хэлдгээр мяраалаг, унаган махтай хүүхэд байсан бөгөөд эргэн тойрных нь бүхий л хүмүүс үүгээр нь өхөөрддөг байсан аж. Гэвч хүүхдэд өөрт нь энэ сэдэв тийм ч таатай санагддаггүй байсаар өсөж том болсон байна.
Үүнээс хойш олон жилийн дараа тэрээр хүний хоол тэжээл, өсөлт, хөгжлийг судалдаг антропологич болж, шинжлэх ухааны үүднээс олон судалгаа, шинжилгээ хийжээ.
Хүн бол хамгийн тарган төрдөг амьтан бөгөөд нялх хүүхдийн бие 15 орчим хувийн өөхтэй байдаг гэнэ. Маш цөөн тооны хөхтөн амьтад биеийн 10-аас дээш хувийн өөхтэй төрдөг аж. Жишээлбэл, далайн гахай төрөхдөө 11 хувийн өөхтэй байх бол далайн хав 10 хувьтай байдаг. Сонирхолтой нь бидний хамгийн ойрын төрөл сармагчин ч ийм байдаггүй.
Дээр дурдсан төрөлхийн тарган амьтдын ихэнх нь эхээс төрсний дараа өөхнийхөө ихэнх хэсгийг "бүрдүүлдэг" байна. Нялх хүүхэд ч мөн хорвоод мэндэлснийхээ дараа нэмж таргалдаг бөгөөд 4-9 сартайд биеийнх нь 25 орчим хувь өөх болсон байдаг. Хүүхдийн бие үүнээс хойших хугацаанд өөхөө хайлуулж эхэлдэг бол энэ үед тухайн хүүхдийн биед агуулагдах өөх хамгийн бага хэмжээнд хүрч буурдаг.
Олон олон ээжүүдийн адил эрдэмтэд хүртэл өөхний зузаан давхарга нь нялх хүүхдийг дулаан байлгахад тусалдаг гэж үздэг байв. Гэхдээ энэ онолыг батлах баримт одоо ч байхгүй хэвээр байна. Хүйтэн сэрүүн нөхцөлд амьдардаг хүмүүс тарган байдаггүйгээс гадна тарган хүмүүс ч энгийн жинтэй хүмүүсийн адил даардаг шүү дээ. Өөх тос нь бидний биеийн дулааныг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байж болох ч жингийн илүүдэл буюу өөх ихтэй хүн барагтай бол даардаггүй гэж үзвэл худал ярьсан болох юм.
Үнэндээ хүнд цагаан өөх буюу ердийн өөх болон "бор өөхний эд" буюу BAT гэж нэрлэдэг хүрэн өөх хэмээх 2 төрлийн өөх байдаг аж. BAT бол бүх хөхтөн амьтдад байдаг өөхний онцгой төрөл бөгөөд цагаан өөхийг шатаах замаар дулаан үүсгэдэг гэнэ. Гэхдээ нялх хүүхдийн бие өсөж хөгжихийн хэрээр BAT-ын хэмжээ багасаж эхэлдэг.
Өөх бол хүн болон бусад бүх хөхтөн амьтдын энерги хуримтлуулах арга юм. Бид хоол тэжээлийн хомсдол үүссэн үед өөхөнд хадгалсан шим тэжээлээ "идэж" эхэлнэ. Ийм арга хэрэглэн биедээ нэмэлт тэжээл хадгалдгийн нэг шалтгаан бол бидэнд байнгын энерги шаарддаг эрхтэн буюу тархи байдагтай холбоотой юм.
Нярай хүүхдийн тархи нь биеийн хэмжээтэй нь харьцуулахад асар том бөгөөд нялх хүүхдийн энергийн 50-60 хувийг ашигладаг гэж үздэг. Энэ нь энергийн дутагдалд орсон эсвэл хүүхдэд хоол тэжээлийн дутагдал үүсвэл ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэсэн үг юм. Төрөх үед хэдийнээ нярайн биед үүссэн байх өөх нь ангир уургаа амлахаас өмнөх хугацаанд хүүхдийн биеийн үндсэн тэжээл болдог аж.
Нялх хүүхдийн тархинаас гадна дархлааны тогтолцоо асар их энерги шаарддаг. Дээр дурьдсанчлан, хүүхэд төрсний дараах эхний 4-9 сарын хугацаанд өөх хуримтлуулсаар байдаг. Сонирхолтой нь, хөгжлийнхөө энэ үе шатанд хүүхэд хоёр том асуудалд өртөж эхэлдэг. Үүнд газраар мөлхөж, өвчин үүсгэгчтэй шууд харьцаж эхлэхийн хажуугаар газраас олсон бүх зүйлийг амандаа хийх зэргээр нэмэлт хоол, тэжээлийн сонирхол үүсдэг. Энэ үед хүүхдийн биед эхийн сүү хангалтгүй тул нэмэлт, тэжээллэг хүнсээр хангах ёстой болдог аж.
Хүн төрөлхтөн одоо цагт хүүхдэд зориулж тусгайлан үйлдвэрлэсэн нэмэлт тэжээл гаргаж, хэдийнээ хэрэглээнд нэвтрүүлсэн боловч түүхийн олон зуун жилийн өмнө байгаагүй нь мэдээж. Тиймээс нялх хүүхдийн бие өөрөө өөх үүсгэж, нөөцлөх замаар өсөлт, хөгжлийн явцад шаардлагатай тэрхүү энергийг хуримтлуулдаг байв.