Докхе 1912 онд Чусоны сүүлчийн хаан Гужүний охин болж төрсөн юм. Хэдий Япон улс Чусоныг 1910 онд эзлэсэн байсан боловч хааны гэр бүлийн аюулгүй байдал, цол хэргэмийг хэвээр байлгана гэж амласан тул охин Сөүлд тайван өссөн байна. Тэрээр Сөүлд бага сургуульд сурч байсан бөгөөд түүнийг сэргэлэн цовоо, сайн сурагч гэж тэмдэглэж үлдээжээ.
Түүний амьдрал 1925 онд аав нь нас барахад орвонгоороо өөрчлөгдсөн байна. Солонгосчуудын хувьд үндэсний уй гашуу болсон энэ явдал нь гүнжийн сэтгэл зүйд гүн цочрол үзүүлжээ. Япончууд хааныг нь хороовол солонгосчууд бослого гаргана гэж эмээсэн учраас түүний гэр бүлийг бүрэн бүтэн байлгаж байжээ. Гужүн хаан таалал төгссөний дараа Япончуудад ашиг болох хүн түүний гэр бүлд үлдсэнгүй.
Аав нь нас барсны дараа гүнжийг хааны гэр бүлийг японжуулах колоничлолын төлөвлөгөөний нэг хэсэг болгон Япон руу авчирсан байна. Солонгосын хааны удмын олон гишүүнийг Японд амьдруулж, япон соёлтой болгох замаар тэд солонгосчуудыг өөрсдөдөө уусгах төлөвлөгөөтэй байжээ.
Арван гурван настайдаа Японд очиж, охидын дунд сургуульд сурах болсон хөөрхий гүнж бусдад хорлогдохоос айж үргэлж өөрийн уух усаа авч явдаг байв. Тйимээс гүнжийн Япон дахь амьдрал айдас, үл таних зүйлсээр дүүрэн байв. 1929 онд ээжийгээ өнгөрсөн тухай мэдээ авсан Докхегийн амьдрал улам дордов.
Ээжийгээ өнгөрснийг сонсоод Докхе сэтгэлийн хямралд автаж, өрөөнөөсөө хэдэн өдрийн турш гарахгүй, хоол идэхгүй, хэн нэгэнтэй үг солиогүй байдаг. Авга ахынх нь хэлснээр тэр хэдэн өдөр нойргүй явсан тул сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлжээ. Түүнийг эмч эрт зөнөж байна гэж оношлосон байна.
Зөнөх өвчин ихэвчлэн хөгширсөн хүмүүст тохиолддог боловч удаан хугацаанд стресст байгаад эцэст нь цочролд орсон учраас түүний оюун ухаан нь доройтож эхэлжээ.
Хааны гэр бүлийг Японд уусгах төлөвлөгөөний нэг хэсэг болгон Японы засгийн газар гүнжийг яруу найрагч Такэюки Со хэмээх гүнтэй гэрлүүлэв.
Докхегийн бие улам муудахаас өмнөхөн хосууд 1932 онд Масаэ хэмээх охинтой болсон юм. Такэюки Докхег хайр энэрэлээр дутаалгүй хамт байж, асарч тойлж, аз жаргалтай хамт амьдарч байсан ч гүнжийн биеийн байдал муудан эмчилгээний зардалд асар их мөнгө зарцуулж эхлэв.
1945 онд Япон улс дайнд ялагдсан нь хосуудад мөн л хүнд цохилт болов. Японы язгууртнууд статус, давуу эрх, эд хөрөнгөө алдаж, Гүн хэргэмтэй байсан Такэюки Докхе-г үргэлжлүүлэн эмчлүүлэх боломжгүй болсон тул тэр жилдээ хосууд салжээ. Салалтаас хойш 10 жилийн дараа буюу 1955 онд тэдний ганц охин амиа хорлосон байна. Солонгосын эрлийз Масаэ хэт их ялгаварлагдаж байсан учраас амиа хорлохоор шийджээ.
Гэр бүл салалтын дараа гүнжийг авга ах нь асрамжиндаа авч, арван таван жилийн турш сэтгэцийн тасагт хэвтүүлжээ. Хойд ба Өмнөд Солонгос тусгаар тогтносны дараа хааны гэр бүл Солонгос руугаа буцахаар төлөвлөсөн ч хоёр дэглэмийн засгийн газар хоёул тэднийг урвагч гэж үзэн хүлээн авахаас татгалзжээ. 1962 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Синман Ри огцорсны дараа Докхег гэртээ эргэж ирэхийг зөвшөөрөв.
1962 оны 1-р сарын 16-нд тэрээр Өмнөд Солонгост ирсэн боловч эрүүл мэндийн байдал нь улам муудсан юм. Оюун санааны хувьд тэр яг л жаахан охин шиг байсан бөгөөд ярих, унших, бичихдээ хүртэл асуудалтай тулгарч байв. Гүнжийг Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт яаралтай хэвтүүлэн эмчилж эхэлсэн байна.
Докхе эргэж ирснээр дахин улс төрийн хэрэгсэл болсон юм. Японд хэдэн арван жилийн турш амьдраад сэтгэцийн өвчтэй болсон гүнжийн түүхийг Солонгосын хэвлэл бүр мэдээлэн үндэсний үзлийг түгээж байв.
1968 онд түүнийг эмнэлгээс гаргаж, хааны гэр бүлийн хуучин гэр байсан Чандокгун ордонд өрөө гаргаж өгсөн байна. Тэр үед түүний биеийн байдал арай дээрдсэн ч сувилагчийн туслалцаа заавал хэрэгтэй байв. Тэрээр хорин нэгэн жилийг Чандокгун ордонд өнгөрөөсөн бөгөөд 1989 онд далан долоон настайдаа байгалийн жамаар нас баржээ.
Бага залуудаа эцэг эхээ хоёуланг нь алдаж, аллагад өртөхөөс байнга эмээж, сэтгэцийн өвчнөөр шаналж, салж, ганц охиноо алдсан гээд Гүнж Докхегийн амьдрал эмгэнэлээр дүүрсэн байсан юм. Үгүй болсон улсын гүнж байсан нь түүний цорын ганц "нүгэл" байв.
Докхе гүнжийн түүх нь колоничлол хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохын том жишээ юм.
Сун Е Жиний тоглосон "Сүүлчийн гүнж" УСК