1
Родос арлын Колоссус
Дэлхийн эртний долоон гайхамшгийн нэг болсон аварга том хүрэл барималыг нарны бурхан Гелиосыг төлөөлүүлэн бүтээжээ. Уг баримал хагас зууны турш Родос хотын боомт дээр зогсож байсан бөгөөд орчин үеийн 14 давхар барилгатай дүйцэхүйц өндөр байв. Колоссусыг Грекийн Харес хэмээх мастер 12 жилийн турш барьсан юм. Энэ бол тус хотын боомтоор орж гарч байгаа хүмүүсийн харааг булаасан гайхалтай бүтээл байв. Харамсалтай нь МЭӨ 226 оны газар хөдлөлтөөр энэхүү үзэсгэлэнт бүтээл сүйрсэн юм.
Хожим нь Арабын наймаачид хөшөөнөөс үлдсэн зэсийг зарж борлуулсаар одоо бараг үүнээс юу ч үлдээгүй байна. Родосын Колоссусын бодит дүр төрхийг харуулсан зураг өнөө цагт ганц ч үгүй ба гагцхүү эртний эх сурвалжуудад л мөнхөрч үлджээ. Эртний ертөнцийн энэхүү гайхамшиг нь хожим нь Фредерик Бартольдид алдарт Эрх чөлөөний хөшөөг бүтээх санааг өгсөн аж.
Хөшөөний үлдэгдэл
2
Леонардо да Винчийн "Медузагийн бамбай"
Леонардо да Винчигийн зарим бүтээл цаг хугацааны эрхээр алга болсон гэгддэг билээ. Тэдгээрийн хамгийн нууцлаг нь "Медузагийн бамбай" юм. Энэхүү бүтээлийг тэрээр залуу насандаа зурсан бөгөөд эртний Грекийн домогт гардаг Горгон Медузаг дүрслэн харуулсан бамбай байв.
Урлаг судлаач Жоржио Васаригийн 1550 оны тэмдэглэлээс харахад уг зураг хэт бодитой байсан тул Леонардогийн эцгийг айлгаж байжээ. Тэрбээр үүнийг хараад ихэд эгдүүцэж, Флоренцын хэсэг худалдаачдад нууцаар зарсан тул бамбай ийнхүү ул мөргүй алга болсон байна. Гэвч орчин үеийн зарим шинжээчид Васари бамбайн тухай түүхийг өөрөө зохиосон байж болзошгүй гэж үздэг.
3
Густав Курбетийн "Чулуу бутлагчид"
Энэхүү бүтээлийг Густав Курбет 1849 онд зурсан байна. Социалист реализмын сонгодог жишээ болсон энэхүү зурагт ядуу ажилчдын дүр төрхийг ямар ч нэмэлт зүйлгүйгээр дүрсэлсэн нь олны анхаарлыг татсан юм. Зурагт хөгшин, залуу хоёр эрийг харуулдаг.
Курбет тэднийг нэг ч зүйл орхилгүйгээр яг байгаагаар нь зурсан нь жинхэнэ сонгодог бүтээл болоход нь нөлөөлсөн байна. Энэ зургийн ачаар Курбет алдартай болсон ч "Чулуу бутлагчид" дэлхийн 2-р дайнд сүйджээ. Дайны төгсгөлд Германы Дрезден хотын ойролцоо бөмбөг дэлбэлэх үеэр уг бүтээл устсан байна.
4
Диего Риверагийн "Замын уулзвар дээрх хүн"
Диего Ривера олон бүтээл туурвисан ч түүний хамгийн алдартай бүтээлийг харамсалтайгаар устгасан байна. 1932 онд тэрбумтан Жон Д.Рокфеллер Нью-Йоркийн Рокфеллер төвийн ханыг зургаар чимэх даалгаврыг Диегод өгчээ. Тэрбээр ирээдүйг өөдрөгөөр угтаж байгаа хүнийг дүрслэн харуулах шаардлагатай байв. Ривера үүний дагуу шинжлэх ухааны дэвшил, иргэний эрх, ажилчин ангийн хүнд хэцүү байдлыг харуулсан коммунист шинжтэй бүтээл зуржээ. Тэрбээр коммунист үзэлтэй байсан учраас удирдагч Владимир Ильич Лениний дүр төрхийг ч мөн багтаасан байв. Энэхүү алхам нь харин захиалагчийнх нь дургуйг хүргэснээр барахгүй, бүтээлийг нь үгүй хийжээ.
5
Сандерландын "Уинстон Черчиллийн хөрөг"
1954 онд Британийн парламентын гишүүд Уинстон Черчиллийн хөргийг зуруулахаар зураач Грэм Сандерландыг хөлсөлжээ. Тэд уг зургийг удирдагчийн 80 насны ойд зориулан бэлэглэсэн байна. Гэвч Черчилльд хэт бодитой болсон тэрхүү хөрөг таалагдаагүй аж. Тэрээр сэтгэл дундуур байгаагаа ч биечлэн илэрхийлсэн байна.
Черчилл болон түүний эхнэр уг зургийг олон нийтэд дэлгэн үзүүлэх бүх хүсэлтийг эрс няцаасан байдаг. Хөргийг устгасан болох нь Черчиллийг 1977 онд нас барсны дараа ил болсон юм.
6
Буддагийн босоо хөшөө
Энэхүү домогт Буддагийн хөшөөг 6-р зууны үед одоогийн Афганистанд бүтээсэн байна. Дөчин таван метрийн өндөр энэхүү хөшөөг хаданд сийлсэн ба хөшөөний ойролцоо байсан нэгэн хот Торгоны зам дээрх худалдааны төв болж цэцэглэн хөгжиж байх үед бүтээгдсэн гэж судлаачид үздэг.
Энэхүү хөшөө 1500 жилийн турш олон дайн тулааны нүүр үзсэн ч хүний гар хүрэлгүй бүтэн хэвээр үлдсэн байна. Харамсалтай нь 2001 оны хавар Талибанчууд болон Аль-Кайда бүлэглэлийн гишүүд Аллахаас өөр бурхан байх ёсгүй гэсэн үзлийн дагуу хөшөөг дэлбэлж устгасан юм. Гэхдээ үүний дараа хөшөөний хэлтэрхийнүүдийн ард нуугдаж байсан хэд хэдэн хадны зураг, бичээсийг олж илрүүлжээ. 2008 онд археологчид нуранги орчимд байсан Буддагийн гурав дахь хөшөөг малтаж гаргасан юм.
7
"Гэгээн Фрэнсис, Гэгээн Лоренс нар " Караваггио
1969 онд энэ зургийг хулгайлснаас хойш "Гэгээн Фрэнсис, Гэгээн Лоренс нар" бүтээлийг урлагийн ертөнцийн хулгайд алдагдсан хамгийн алдартай бүтээлүүдийн нэг гэж үзэх болсон юм. Энэхүү зураг нь Италийн Палермо дахь хийдээс хулгайлагдсанаас хойш хаана ч харагдаагүй байна. Сицилийн мафи үүнийг хулгайлахад оролцсон гэсэн таамаг бий.
1996 онд нэрээ нууцалсан мэдээлэгч хэд хэдэн эрэгтэйн хамт хувийн худалдан авагчид зориулж энэхүү зургийг хулгайлсан гэж мэдээлсэн байна. Хулгайн үеэр тэд жаазнаас зотон даавууг нь зүсж авч байхдаа санамсаргүйгээр гэмтээсэн гэнэ. Арав гаруй жилийн дараа өөр нэг этгээд уг зургийг агуулахад нуусан боловч харх, гахайнуудаас болж засах аргагүй гэмтсэн учраас галд шатааж, бүрэн устгасан гэж мэдээлсэн байна. Зургийн үнэн учир эцэстээ нууц хэвээр үлджээ. Хэрэв зураг олдсон бол одоо дор хаяж 20 сая ам.долларын үнэ хүрэх байсан аж.
8
Хуван өрөө
Энэхүү гайхалтай, давтагдашгүй бүтээлийг Германы эзэн хааны зарлигаар уран барималч Андреас Шлютер, хув урлаач Готфрид Вольфрам нар бүтээжээ. Ид шидийн мэт гялалзсан хув самбарыг алтан навч, тансаг эрдэнийн шигтгэмэл чимэглэлээр гоёсон энэхүү өрөөний талбай нь арван долоон метр квадрат байв. Өрөөг анх 1701 онд бүтээсэн бөгөөд дараа нь Герман ба Оросын хоорондох холбоог бэхжүүлэх зорилгоор Их Петрт бэлэглэсэн юм. Энэхүү гайхамшигт урлагийн бүтээлийг олон мянган хүн "дэлхийн найм дахь гайхамшиг" гэж нэрлэдэг байсан бөгөөд өдгөө уг бүтээл 140 гаруй сая ам.долларын үнэ хүрэх байсан юм.
Хуван өрөө нь Оросын үндэсний баялаг болж, 225 жилийн турш хааны санд байсан ч Дэлхийн хоёрдугаар дайны үеэр германчуудын олзонд оржээ. Улмаар үүнийг салгаж, Германы Кенигсберг руу зөөсөн бөгөөд удалгүй сураггүй алга болсон байна. Ихэнх түүхчид үүнийг 1944 онд холбоотнуудын бөмбөгдөлтөөр устсан гэж үздэг. Мөн өрөөг дахин салгаж хотоос гаргасан гэсэн шинжээчдийн дүгнэлт ч байдаг. Ямартай ч энэхүү өрөөг дахиж хэзээ ч хэн ч хараагүй аж. Дайны дараа Хуван өрөөний яг адилхан хуулбарыг барьж, Санкт-Петербургийн ойролцоох музейд байрлуулсан юм.