Анаашийн амьдралд төрөхөөс нь эхлэн бэрхшээл хүлээж байдаг. Анаашны тугал 15 сар эхийн хэвлийд бойжсоны дараа хоёр метрийн өндрөөс унаж төрнө. Ингэхдээ тэд амьд гарахгүй байх тохиолдол бий.
Шинэ төрсөн бяцхан анааш нь 1.8 м орчим өндөр, 50 кг орчим жинтэй байдаг. Төрснөөс хойш нэг цагийн дараа тэр хөл дээрээ тогтож, гүйж ч чаддаг. Харин жинхэнэ адал явдал эндээс эхэлнэ!
Төрснөөс 2-3 долоо хоногийн дотор түүнийг сүргээс хөөж, хүч чадлыг нь сорьдог байна. Нялх анааш азтай байсан ч махчин амьтдын хоол бололгүй үлдэнэ гэдэг туйлын хэцүү.
Нас бие гүйцсэн анаашинд нойргүйдэл маш том асуудал болдог. Анааш биеийн онцлогоос шалтгаалан нуугдахад маш хэцүү байдаг тул тэд үргэлж хөдөлгөөнтэй, сонор сэрэмжтэй байх ёстой юм. Энэ амьтан зөвхөн 10 минутын турш унтах боломжтой бөгөөд өдөрт цөөхөн удаа ингэж түр зуур дугхийх боломж олддог. Үүнийг бүрэн амралт гэж нэрлэхэд хэцүү.
Анаашийн өөр нэг асуудал бол ус юм. Өндөр хүзүүний ачаар модны орой дээрээс шүүслэг навчийг шилэн зооглоход ямар ч асуудал байхгүй. Гэхдээ ердөө л ус уухын тулд анааш урт хүзүүгээ чинээнд нь тултал бөхийлгөж, урд хоёр хөлөө дэлгэн "сунгалтын дасгал" хйих ёстой болно. Энэ нь тэдэнд маш төвөгтэй байдаг нь мэдээж.
Асуудал ингээд дуусахгүй, яг энэ мөчийг хүлээж байсан махчин амьтан тэр даруй анааш руу гэнэдүүлэн араас нь довтолно. Энэ шалтгааны улмаас анааш хэдэн долоо хоног усны бараа харж чаддаггүй юм. Тиймээс анааш нь нэг удаадаа 40 л ус ууж биедээ шингэн ихээр нөөцөлдөг.
Анааш ийм маягаар тонгойж, газраас өвс идэх нь бий боловч энэ нь их ховор тохиолддог. Ихэвчлэн анааш нь модны навчаар хооллох бөгөөд тэд өдөрт 30 кг-аас их идэж байж цадна. Урт хүзүүнээс болж тэд өдөрт 16-18 цагийг хоол идэхэд зарцуулдаг.
Анааш нь ганцаараа эсвэл цөөн тооны сүрэг үүсгэн амьдардаг боловч аюулгүй байдлын үүднээс тэд зээр эсвэл эрээн тахийн сүрэгтэй нийлэх нь бий.
Анаашны сүрэгт эмх замбраагүй байдал гарах нь элбэг. Тэдэнд ганц удирдагч байдаггүй ч сул доройчуудаа хүчтэй нь үргэлж дээрэлхэн эзэрхийлдэг.
Анаашнууд зодолдохдоо нэг нэгнийхээ хүзүүг өөрийнхөө хүзүүгээр шавхуурдаж, эврээрээ мөргөхийг хичээдэг.
Нийллэгийн үеэр эдгээр зодоон нь улам олшрох бөгөөд ширүүн тулаан өрсөлдөгчдийн нэг нь ухаан алдах хүртэл үргэлжилнэ.
Анаашны урт хүзүү нь бусад хөхтөн амьтдын адил ердөө долоон ширхэг нугаламтай байдаг нь анхаарал татаж байна. Тэд ийм ачааллыг тэсвэрлэхийн тулд минут тутамд 60 литр цус дамжуулж чаддаг 12 кг жин бүхий зүрхтэй аж.
Гэхдээ өндөр нуруу нь мэдээж олон давуу талтай байдаг. Жишээлбэл, тэд урт хүзүүнийхээ ачаар бусдыгаа нэг километрийн зайд харж чаддаг. Мөн бусад амьтдын хүрэхгүй газарт хүрдэг тул хоол хүнсний төлөө хэн нэгэнтэй тулалдах шаардлага гардаггүй.
Нэмж дурдахад, гайхамшигтай хэмжээнээсээ болоод анааш нь бараг байгалийн дайсангүй юм (бидний урьд нь бичсэн махчин амьтдыг эс тооцвол). Мөн хүмүүс анаашт ойртох нь ховор. Анаашны нэг тийрэлт ямар ч амьтныг өлхөн хөнөөдөг тул энэ нь ч аргагүй биз.