Урд хөршийн Ченду хотод өндөр температурын супер дамжуулалтын (HTC Maglev) технологиор явах дэлхийн анхны галт тэрэгний зүтгүүрийн нээлтийг хийжээ.
Шинэ галт тэрэгний эх загварыг Шанхай хотод амжилттай туршиж, үүнээс өмнө Чиндао хотод туршиж үзсэн байна.
Одоогийн байдлаар шинэ галт тэрэг Шанхай, Бээжингийн чиглэлд зорчигч тээвэрлэн явах бөгөөд 3.5 цагийн дотор 1200 км замыг туулах гэнэ. Хамгийн хурдан гэгддэг агаарын тээврийн хэрэгсэлтэй харьцуулан үзвэл, онгоцоор бүх шат дамжлага, журмаас шалтгаалж зорчигчид 4.5 цагийг зарцуулдаг байв.
Гэсэн ч Хятад зөвхөн Бээжин-Шанхайн чиглэлээр хязгаарлагдалгүй, төрийн өмчит "Хятадын төмөр зам" компанийн удирдлагын ойрын төлөвлөгөөгөөр бусад томоохон хотуудын хооронд өндөр хурдны шугам бий болгох явдал ажээ.
Мөн соронзон галт тэрэг ч эцсийн бүтээл нь биш гэнэ. Өмнө нь Хятадын хэвлэлүүд төмөр замын тээврийн хурдыг нэмэгдүүлэх дараагийн алхам нь вакуум галт тэрэг болно гэж бичиж байсан ба энэ нь 1500 км/ц хурдлах чадвартай байх юм.
Тэгвэл секундэд 416 метр зам туулах, дуунаас хурдан галт тэрэгний туршилтуудыг 2021 оны 4-р сард эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байгаа аж. Харин 1-р сарын 13-нд Чендугийн Баруун өмнөд тээврийн их сургуулийн газарт соронзон галт тэрэгний анхны загварыг танилцуулах ёслол болжээ.