Ердөө 5 жилийн дотор Төвдийг төмөр замаар холбосон түүх

Хятад улс ердөө таван жилийн дотор 3.5 тэрбум ам.доллараар дэлхийн хамгийн өндөрлөг газар нутгийг эх газрын Хятадтай холбосон 1150 км хурдны галт тэрэгний замыг барьжээ.

Ердөө 5 жилийн дотор Төвдийг төмөр замаар холбосон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Анх 1920-оод оны эхээр хувьсгалч Сун Ятсен Хятадыг сэргээн босгох хөтөлбөрт төлөвлөгөөндөө хязгаар нутгуудыг холбосон 100 мянган км орчим урттай шинэ төмөр замын сүлжээ барих санал дэвшүүлж байсан юм.

Гэхдээ 1950-аад оны үед Мао даргын удирдлагад орсон Хятад улсад л энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Төвдийн нийслэл Лхас хүрэх төмөр замын төсөл 1960 он гэхэд батлагдсан боловч барилгын ажил нь бараг арван жил гаруй хугацаанд царцсан байв.

Эцэст нь 1974 онд Төвдийн өндөрлөг дээр Цинхай мужийн төв Шинингээс Голмуд хүртэлх ирээдүйн шугамын эхний хэсгийг барьж эхэлсэн бөгөөд 814 км төмөр замыг армийнхан болон хоригдлуудаас бүрдсэн ажиллах хүч 1979 он гэхэд таван жилийн хугацаанд барьжээ. Гэвч энд 1984 оноос л зорчигч тээвэрлэлт хийж эхэлсэн байна. 

Лхас хүртэлх өндөр уулын хэсэгт хийх ажил нь нарийн төвөгтэй инженерчлэлийн ажлуудтай холбоотой байв. Мөнх цэвдэг, хүчилтөрөгчийн дутагдал, цаашлаад Төвдийн өвөрмөц экосистемийн нөхцөлд төмөр зам тавих хүмүүс ажиллах ёстой байсан бөгөөд энэхүү замыг тавих нь Хятадын Коммунист нам, засгийн газар нэн чухал зүйл хэмээн тунхаглажээ. 

 

Зөвхөн 21-р зууны эхэн үед тус улс дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлж эхлэхүйц технологийн түвшинд хүрсэн юм. Түүгээр ч үл барам Лхас хүртэл төмөр зам барих нь Баруун Хятадын хөгжлийн хөтөлбөрийн гол үе шат болсон бөгөөд түүний зорилго нь тус улсын зүүн ба баруун бүсийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгахад оршиж байлаа. 

БНХАУ-ын дарга Жянь Зэминий 2000 онд баталсан төслийн дагуу шинэ төмөр замын нийт урт нь 1142 километр байх ёстой байв. Үүний дагуу нийт 45 галт тэрэгний буудал баригдах бөгөөд тэдний 38 нь үйлчлэгчгүй, автомат ажиллагаатай байв. Голмудаас Төвдийн төмөр зам далайн түвшнээс дээш 2800 метрийн өндрөөс Танг-Ла даваа (5072 метр) хүртэл өгсөөд Лхас (3642 метр) хүртэл дахин буудаг байна.

Голмуд буудал

Лхас дахь буудал

Бүх шинэ замын 80 орчим хувь нь (960 км) далайн түвшнээс дээш 4000 метр өндөрт байрлах уулархаг газраар дайран өнгөрдөг бөгөөд үүний 550 км нь мөнх цэвдгийн бүсэд байрладаг гэнэ.

Тэнд төмөр зам барих нь инженерүүдэд ноцтой асуудал үүсгэж байсан аж. Мөнх цэвдэгийн дээд давхарга зуны богино хугацаанд гэсэх хандлагатай байдаг ба заримдаа нэвтрэхийн аргагүй намаг болж хувирдаг. Үүнтэй холбогдуулан хөрсний нуралт бодит аюул учруулж байсан тул төмөр замд гажилт үүсгэж, улмаар сүйрэлд хүргэж болзошгүй байсан юм. Энэхүү эрсдлийг үгүй хийхийн тулд Цинхай-Төвдийн төмөр замын зураг төсөл зохиогчид уг замын бүтээн байгуулалтын тусгай схемийг боловсруулсан бөгөөд энэ нь хүрээлэн буй орчны төмөр замд үзүүлэх аливаа нөлөөллийг эрс бууруулсан байна.

Уг зураг төслийн дагуу төмөр замыг элсэрхэг давхаргаар хучсан чулуунууд дээр байрлуулжээ. Мөн илүү сайн агааржуулалт хийхийн тулд дамжуулах хоолойн нүх гаргасны дээр газрын налууг нарны гэрлийг ойлгох тусгай төмөр хавтангаар бүрсэн байна.

Мөн зарим газарт шингэн азотоор дүүргэсэн худаг суурилуулсан юм. Эдгээр бүх арга хэмжээ нь замын доорхи даланг хөлдөөж, мөнх цэвдгийн дээд давхаргыг халаах, гэсгээх зэрэг арга хэмжээг авах боломжтой болсон аж. Эцэст нь төмөр замын хэв гажилтаас бүрэн сэргийлж чаджээ.

Барилгын талбайн өндрийн зөрүүг нөхөхийн тулд замын нэлээд хэсгийг гүүрэн гарцын дагуу тавьсан байна. 1142 км-т нийтдээ 160 км урт 675 гүүр барьсан аж. 

Баганын тулгууруудын хоорондох зай нь тэдгээрийн доорхи агаарын солилцоонд саад болохгүй бөгөөд ингэснээр төмөр замаас үүсэх дулааныг цэвдэгт хүргэдэггүй байна.

Техникийн бүрэлдэхүүн хэсгээс гадна гүүрэн гарцын хэсгүүдийн нэг чухал давуу тал бол замын доорхи орон нутгийн амьтны аймгийн төлөөлөгчдийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх явдал юм. Ингэснээр Төвдийн экосистемд гадны оролцоотой сөрөг нөлөөг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулж чаджээ.

Барилгын ажил дууссаны дараа Төвдийн төмөр зам хэд хэдэн дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоосон юм. Голмуд хотоос 350 км зайд далайн түвшнээс дээш 4900 метрийн өндөрт Фенгошан (Салхин галт уулын хонгил) хэмээх дэлхийн хамгийн өндөрт орших төмөр замын хонгил болжээ.

Үүнтэй ижил нэртэй уулын аманд байрлах Тан-Ла өртөө нь дэлхийн хамгийн өндөрт байрлах төмөр замын өртөө болов. Гурван замтай Танг-Ла нь 5068 метрийн өндөрт, бүх замын хамгийн өндөр цэгээс (5072 метр) дөнгөж дөрвөн метрийн доор байрладаг гэнэ.

Хэдийгээр галт тэрэг энд зогсож байгаа ч үнэн хэрэгтээ энэ бол зөвхөн нэг талдаа зам гаргасан өртөө юм. Уг өртөө нь бүрэн автомат бөгөөд төмөр замын төв удирдлага байрладаг Сининээс шууд хянадаг аж. Мөн энэ газрын эргэн тойронд нь ойролцоо суурин байхгүй. 

Ихэнх тохиолдолд энд зорчигчдоо буулгадаггүй нь агаарын даралт дийлэнх хүмүүсийн эрүүл мэндийн байдалд ноцтой нөлөө үзүүлдэгтэй холбоотой. 

Гайхамшигтай үзэсгэлэнт газруудтай уулархаг нутгаар аялахыг хүссэн зорчигчдын таашаалд нийцүүлэхийн тулд Цинхай-Төвдийн замд зориулж тусгай зүтгүүр зохион бүтээжээ. Америкийн General Electric корпораци 5100 морины хүчин чадалтай, өндөр газар ажиллах чадалтай NJ2 дизель зүтгүүрүүдийг уг шугамд зориулан бүтээжээ. Зүтгүүрүүд 15 вагон бүхий галт тэргийг 120 км/цаг хүртэл хурдтай чирж явах чадвартай. Мөнх цэвдэгтэй бүсэд тэдний хурд 100 км/цаг хүртэл хязгаарлагддаг гэнэ.

Харин вагонуудыг Канадын Bombardier компанийн Хятад дахь үйлдвэрт 361 ширхэг (308 энгийн, 53 жуулчны) үйлдвэрлэсэн байна. Эдгээр вагоны дотоод тасалгааг бүрэн бүтүүмжилсэн бөгөөд дотоод хүчилтөрөгчийн даралтыг хэвийн хэмжээнд барихаар бүтээгджээ.

Зорчигчдод хүчилтөрөгчийн дутагдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд вагоны суудал тус бүрийг эмнэлэгт байдагтай адил хүчилтөрөгчийн хоолой байрлуулсан гэнэ. Мөн вагоны цонхыг тусгай өнгөт шилээр хийсэн бөгөөд энэ нь өндөр уулсад тусдаг хэт ягаан туяанаас хамгаалдаг аж.

Стандарт вагон нь нийтийн, захиалгат суудалтай, тасалгаатай гэсэн гурван ангилалд хуваагддаг. Мэдээж хэрэг галт тэрэг бүр хоолны вагонтой.

Энэхүү галт гэрэгний шугамын хүчин чадал нь өдөрт найман хос зорчигч бүхий тээврийн галт тэрэг (ачааныхаас бусад) чадалтай юм. Одоогийн байдлаар Лхас хот нь зөвхөн хөрш зэргэлдээх Шинингийн "бүс нутгийн" төвтэй холбогдсон төдийгүй тус улсын хамгийн том хотууд болох Бээжин, Шанхай хотуудтай тогтмол зорчигчдын урсгалаар холбогддог. Бээжин - Лхас чиглэлийн хурдны галт тэрэг 44 цаг явдаг. Тасалбарын үнэ ангиллаасаа хамааран 125 ам.доллараас (захиалгат суудал) 200 ам.доллар (тасалгаа) хооронд хэлбэлздэг.

Чинхай-Төвдийн төмөр замыг 2001 онд барьж эхэлсэн байна. Тус замыг хоёр талын эцсийн зогсоолыг (Голмуд, Лхас) байгуулж эхэлсэн бөгөөд 20 мянга гаруй хүн ердөө таван жилийн хугацаанд гүйцэтгэж, 3.68 тэрбум ам.доллар зарцуулжээ. Албан ёсны мэдээллээр бол тэдгээр ажилчид хамгийн аюултай нөхцөлд удаан хугацаагаар ажилласан ч гэсэн амь эрсдэлгүй ажлаа дуусгасан байна. 

Ашиглалтын долоон жилийн хугацаанд тус замаар 63 сая гаруй зорчигч, 300 сая тонн ачаа тээвэрлэжээ. 2006 онд шугам ашиглалтад ороход 6.5 сая хүн зорчсон бол 2012 онд 11 сая болж, ачааны жилийн эргэлт 2006 онд 25 сая тонн байсан бол 2012 онд 56 сая тонн болж нэмэгдсэн байна. Шинэ төмөр замын нөлөөгөөр Төвд болон түүний зэргэлдээх Цинхай мужийн эдийн засгийн хөгжлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн.

Төвдөд бараа таваар, ялангуяа уулын нөхцөлд түлш тээвэрлэх нь мэдэгдэхүйц хямд болжээ. Мөн тухайн бүс нутагт аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ түлхэц болсон ч Бээжингийн Лхас хүрэх галт тэргээр явахыг хүссэн хэн бүхэн зорчих боломжгүй хэвээр байна. Төвдөөр зочлохын тулд Хятадын засгийн газар урьдын адил тусгай зөвшөөрөл шаарддаг бөгөөд ингэхгүйгээр галт тэргэнд суух боломжгүй юм.

Нөгөө талаар үл итгэгчид Чинхай-Төвдийн төмөр замыг Хятадын автономит бүсийг аажмаар колоничлох, байгалийн баялгыг нь өөрийн болгох томоохон төсөл гэж үзэж байна. Төвдийн өндөрлөгт Хятадын эрчимтэй хөгжиж буй аж үйлдвэрт нэн шаардлагатай түүхий эд болох зэс, хар тугалга, цайрын ордууд байгааг геологичид хэдийн нээжээ.

Мэдээжийн хэрэг, байгаль орчны мэргэжилтнүүд энэ бүс нутагт орчин үеийн төмөр замтай байх нь БНХАУ-ын засгийн газар эдгээр ордыг ашиглахад хялбар болгоно гэж үзэж байгаа. Тэд томоохон ордуудыг нээснээр бүс нутгийн эмзэг экосистемд урьдчилан таамаглах аргагүй үр дагавар авчирч болзошгүй хэмээн болгоомжилж байна.

Гэхдээ одоо энэ бол зөвхөн батлагдаагүй айдас төдий зүйл юм. Зам дагаж хөгжил ирнэ гэдгийн дагуу Төвдийн ард түмэнд энэ замын ач тусыг үгүйсгэх нь хэцүү байдаг. Учир нь үүний ачаар нутгийн ард түмэн илүү өндөр хөгжилтэй нутгуудтай холбогдсон төдийгүй жуулчдыг асар олноор нь татах болможтой болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()