Дэлхийн хуримтлалын өдрийн талаар танилцуулахад, 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдсан Олон улсын “Хадгаламжийн банкны I чуулга”-ны үеэр Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гарч, түүнээс хойш энэхүү өдрийг дэлхийн олон орнууд тэмдэглэсээр иржээ. Манай улсад энэ өдрийг Монголын Банкны Холбооны санаачлагаар 2012 оноос эхлэн тэмдэглэж байна.
Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь эдийн засагт хувь нэмрээ оруулах, иргэдийн амьдралын баталгаа сайжрах, үр хүүхдийнхээ ирээдүйд зөв хөрөнгө оруулалт үлдээх зэрэг олон талын ач холбогдолтой баяр юм.
Дэлхийн хуримтлалын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хуримтлуулах хялбархан” нээлттэй өдөрлөг 2020 оны 10-р сарын 31-ний өдрийн 11:00 - 15:00 цагийн хооронд БлюСкай тауэрийн 3 давхарт болох гэж байна.
Энэхүү үйл ажиллагааны талаар Монголын Банкны Холбооны Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Ариунаагаас тодруулахад:
“Дэлхийн 150 гаруй улс оронд тэмдэглэдэг энэхүү өдрийг манай улс 8 дахь жилдээ тэмдэглэж байна. Маргааш болох “Хуримтлуулах хялбархан” нээлттэй өдөрлөг 11:00 - 15:00 цагийн хооронд БлюСкай тауэрийн 3 давхарт болно. Өдөрлөгийн үеэр гишүүн банкууд маань иргэдийн санхүүгийн боловсролд зориулан мэдээлэл өгөх, хадгаламжаа танилцуулахаас гадна зарим банкууд хадгаламжийн данс нээлгэсэн, орлого нэмсэн харилцагчдаа урамшуулах юм.
Түүнчлэн өдөрлөгийн үеэр гэр бүлийн буюу бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан хүүхдүүддээ санхүүгийн боловсрол хэрхэн олгох, Герман улсад эцэг эхчүүд хэрхэн хуримтлалын зуршлыг зааж өгдөг туршлага гэх мэт агуулгыг багтаасан сонирхолтой илтгэлүүдийг танилцуулна. Харин оюутан залуустаа зориулан санхүүгийн боловсрол, санхүүгийн сахилга бат яагаад чухал болох, хэрхэн өөрсөддөө хэвшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд Комедиан Н.Амаржин, Б.Идэр-Од нар туршлагаа хуваалцахаас гадна Вандэбо, Wasabies, С.Марал-Од гэх мэт залуу уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирнэ. Өдөрлөг үнэ төлбөргүй. Та бүхнийг санхүүгийн боловсролын талаар сонирхолтой илтгэл сонсон урлаг соёлын үзүүлбэр үзэж, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрөөхийг урьж байна” гэсэн юм.
Дэлхийн хуримтлалын өдрөөр банкууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгох, санхүүгийн сахилга баттай байхын ач тусыг сурталчлан таниулах чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээнд нилээд анхаарал хандуулан ажилладаг Капитрон банкнаас энэ өдрийг угтан ямар ажил хийхээр төлөвлөж байгааг тус банкны Бүтээгдэхүүн хариуцсан менежер М.Энх-Одоос тодруулахад,
“Капитрон банк жил бүрийн Дэлхийн хуримтлалын өдрийг угтан олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ жил бид “52 долоо хоног” хадгаламжийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, энэ нь харилцагчдын талархлыг хүлээсэн хуримтлалын бүтээгдэхүүн болж байгаад баяртай байна. Түүнчлэн манай банкнаас энэхүү өдрийг угтан бусдад бэлэглэх зориулалттай, хуримтлалыг дэмжих “Өсөн нэмэгдэх бэлэг” хадгаламжийн эрхийн бичгээ гаргасан. Та бүхэн “Хуримтлуулах хялбархан” нээлттэй өдөрлөгт оролцож, манай банкны хэсгээр зочлон "52 долоо хоног" хадгаламж, "Мөрөөдөл" хүүхдийн хадгаламж болон бусад хадгаламжийг нээлгэх боломжтой төдийгүй бид хадгаламж нээлгэсэн хүн бүрт гарын бэлгээр урамшуулна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэсэн.
Хуримтлалтай улс хөгждөг гэдэг. Иргэн та өөрийн ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлал үүсгэн, Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлээрэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.