Аврил Лавин хөгжмийн карьерынхаа эхлэлийг эрт тавьсан бөгөөд түүнийг гурван нас хүрээгүй байхад ээж нь охиныг сүмийн үйлчлэлд оролцуулж, Канадын Онтариогийн уугуул хүмүүстэй хамт дуулуулдаг байв. Удалгүй Лавинд дуулах нь зүгээр нэг хобби биш, насны ажил болж хувирчээ. Тэрбээр сургуулиа хаяж, чөлөөт цагаа дуулахад зориулах болсон байна. Үүнийг нь ч Аврил Лавины эцэг эх дэмждэг байсан байна.
2000-аад оны эхээр Лавин өөрийгөө өсвөр насны зоримог охины дүрд хамгийн ихээр тохирно гэж ойлгосон бөгөөд 2002 оны "Let Go" цомгоо уг хэв маягаар гаргаж байжээ. Тухайн үед 18 нас ч хүрээгүй байсан дуучны "Let Go" цомог нь Канад, Австрали, Их Британи зэрэг хэд хэдэн улсуудын чартуудын тэргүүлэгч болсон юм. Цомгийн онцгой шуугиан дэгдээсэн нь "Complicated", "Sk8er Boi", "I'm With You" дуунууд байв.
Үүний зэрэгцээ алдар нэр нь охины хувьд нэлээд их сорилт болжээ. Тэрбээр бусдын анхааралд өртөх ямар ч бэлтгэлгүй байсан бөгөөд аажим аажмаар суралцаж эхэлсэн гэдгээ хэд хэдэн ярилцлагадаа дурдаж байсан юм.
Мөн хоёр жилийн дараа Аврил хоёр дахь бие даасан цомог болох "Under My Skin" цомгоо амжилттай гаргасан нь Их Британи төдийгүй АНУ-ын чартуудын тэргүүлэгч болжээ.
Цомгоо гаргасны дараахан тэрээр "Sum 41" хамтлагийн дуучин Дерик Виблитэй гэрлэсэн ч хосууд удаан хамт байгаагүй юм. 2009 онд бүсгүй салах өргөдөл гаргаж, жилийн дараа тэдний холбоо албан ёсоор цуцлагджээ.
Виблигээс салахаасаа өмнө Аврилын гаргасан шинэ цомог нь дуучин бүсгүйг пост-гранжаас поп-панк урсгалд шилжсэн гэх шүүмжлэл дагуулсан байна. Billboard 200 чартыг тэргүүлсэн "Girlfriend" дуу нь дуучин бүсгүйн жинхэнэ нэрийн хуудас болж чадсан юм.
Гэвч үүнээс хойш тэр уран бүтээл туурвихаа багасгажээ. 4 дэх цомог нь болох "Goodbye Lullaby" 2011 онд, "Avril Lavigne" 2013 онд, эцэст нь "Head Above Water" цомог 2019 онд тус тус гарсан байна. Магадгүй эрүүл мэндийн асуудал нь бүсгүйн бүтээмж буурахад нөлөөлсөн байх.
2013 онд Аврил Nickelback хамтлагийн дуучин Чад Крюгер (Chad Kroeger)-тэй гэрлэсэн ч мөн л аз жаргалтай байж чадаагүй бөгөөд хосууд 2015 онд салсан байна. Улмаар бүсгүй өвчнөөр шаналж байгаагаа олон нийтэд зарласан билээ. Түүнийг олон эмчид үзүүлж, зөвлөгөө авсан ч бүрэн зөв оношилж чадахгүй байгаад дуучны фэнүүд эмч нарыг зүхэж байлаа. Эмч нар Аврилыг ядаргаанд орж, сульдсан учир зүгээр амраад эргээд ажилдаа ороход болно гэж байв.
Гэтэл бодит хэрэгтээ дуучны өвчин лайм буюу хачигт халдар байж таарсан байна. Оношлуулалгүй хугацаа алдвал "архаг" шатанд хялбар шилжиж, улмаар эрүүл мэнд эсвэл амь насанд ноцтой аюул учруулах байжээ.
Бүсгүй эмчилгээ хийлгэх хугацаандаа буюу таван сарын турш хэвтрийн дэглэм сахиж, орноосоо ч босох тэнхэлгүйгээр амьдралынхаа хамгийн хүнд мөчийг өнгөрөөсөн тухайгаа хэвлэл мэдээлэлд хуваалцсан байна.
Өсвөр насандаа шоу бизнест хөл тавьсан Аврил ярилцлага өгөхдөө олон нийтийн үйл ажиллагаа түүнд хэцүү байгааг удаа дараа онцолж байсан нь олны анхаарлыг татсаар байна.
“Би бол дотогшоо хүн. Мөн миний ажил намайг гадагшаа байхыг шаарддаг. Энэ бол миний өдөр тутмын сорилт. Би энэ талаар юу ч хийж чадахгүй. Би гомдоллож чадахгүй, гэхдээ энэ бол хүмүүстэй уулзах, ярих хамгийн хэцүү сорилт юм. Учир нь хүмүүс тантай уулзахдаа танаас ямар нэгэн зүйл хүлээдэг. Үүнд маш их энерги шаардагдана. Би их нам гүм, тайван, буланд суудаг өөрийнхөөрөө хүн л дээ ”гэж Лавин илэрхийлж байсан юм.