Алдартнуудын диваажин "Беверли Хиллс"-ийн тухай сонирхолтой 10 баримт

2020-10-19, 12:00
6,215

Женнифер Энистон, Чарли Шин, Кристина Агилера, Марк Уолберг зэрэг олон алдартнууд хооронд нэг нийтлэг зүйл бий. Энэ нь тэд бүгд алдарт Беверли Хиллс хороололд амьдардаг явдал юм. Лос-Анжелесын баруун Холливудын дүүрэгт байрлах энэхүү хороолол дахь амьдралын түвшин өндөр, үл хөдлөх хөрөнгө нь маш үнэтэй тул үүнийг дагаад энд амьдрах нь тансаг байдал, нэр хүндийн баталгаа болдог. Ингээд олон хүмүүсийн мөрөөдөл болсон "Беверли Хиллс"-ийг танилцуулая.

Алдартнуудын диваажин "Беверли Хиллс"-ийн тухай сонирхолтой 10 баримт

1 Анх хувийн бэлчээр байсан

Беверли Хиллс нь албан ёсоор хотын статустай бөгөөд Лос-Анжелесийн бүрэлдэхүүн хэсэг гэж тооцогддоггүй. Анх энд "El Rodeo de las Aguas" нэртэй адууны бэлчээр байрлаж байгаад 1907 онд Бартон Грин хэмээх эрхэм анх орон сууцны хороолол болгож, 1914 оноос хотын статустайгаар хөгжүүлж эхэлжээ.

Холливуд ид цэцэглэж байхад жүжигчин Мэри Пикфорд болон Дуглас Фэрбанкс нар анх Беверли Хиллс рүү нүүж ирснээр үе үеийн алдартнууд энд амьдралаа төвхнүүлэх моод дэлгэрсэн байна. 1920-иод онд Беверли Хиллсийн хүн ам 2000 хувиар өсч, өнөөгийн баян тансаг "диваажин" үүсэх эхлэл тавигджээ.

Анх хувийн бэлчээр байсан

2 Тансаг зочид буудал

Тус хорооллын хамгийн онцгой, түүхтэй барилга бол 1912 онд баригдсан "The Beverly Hills Hotel" зочид буудал юм. Ягаан өнгөтэй, хиймэл далайн эрэгтэй, 4.8 га талбай бүхий халуун орны ургамалт цэцэрлэгт дотор нуугдаж байрлах энэхүү буудал нь бараг 100 жилийн турш Холливудад ирж буй бүхий л алдартай зочдыг хүлээн авч байрлуулжээ.

Жишээлбэл, Чарли Чаплин, Мэрилин Монро, Марлен Детрих зэрэг алтан үеийн жүжигчид энэ буудалд түр амьдарч байжээ.

Тансаг зочид буудал

3 Хамгийн олон кино зураг авалт хийгдсэн газар

90-ээд онд байлдан дагуулж байсан "Беверли Хиллсийн хосууд" цувралыг та санаж байгаа байх. Үүнээс гадна "Хөөрхөн хүүхэн", "Хүн Аалз", "Бие хамгаалагч", "Том Лебовски", "Оргил цаг" гээд Холливудын түүхэн дэх шилдэг кинонууд энд зураг авалтаа хийж байжээ.

Энэхүү дэлгэцийн урлагийн арвин соёлыг дэлгэн үзүүлдэг "The Paley Center" музей Беверли Хиллст бий. Телевиз, радиогийн 75 жилийн настай сан, хэд хэдэн танхим дүүрэн хуурцагны архив, 150 хүний суудалтай театр тэрхүү музей дотор байдаг.

Хамгийн олон кино зураг авалт хийгдсэн газар

4 Олон алдартнуудын сонголт

Дэлхийд данстай алдартнуудыг олж харъя гэвэл хүмүүс Беверли Хиллсийг зорих нь зүйн хэрэг. Ихэнх одод амьдралаа төвхнүүлж, хангалттай мөнгө олж, хань ижилтэй болсныхоо дараа тус хороололд амьдрахаар сонгоцгоож, нэр төр, байр сууриа улам бататгадаг.

Тэдний заримыг дурдвал, дуучин Жон Лежендийн гэр бүл, Тэйлор Свифт, Адель, Кэти Перри, жүжигчин Жек Николсон, Орландо Блүүм, Николь Кидман, Жэйсон Стэйтхем, шоуны хөтлөгч Эллен ДеЖенерес, дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос гэх мэтчилэн хөврөнө.

Эдгээр одод мөн тансаг хороололд амьдрахад зарцуулсан мөнгөөрөө хоорондоо өрсөлдөх нь мэдээж. Дуучин Адель Беверли Хиллс дэх анхны байшингаа 9 сая доллараар авч байсан бол Жон Леженд, Крисси Тайген нар дуучин Рианнагийн хуучин харшийг 14.5 саяаар худалдаж авчээ.

Олон алдартнуудын сонголт

5 Хувийн орон зай, аюулгүй байдал, хөршийн холбоо

Алдартнууд өөрсдийн хувийн орон зайг юунаас ч илүү эрхэмлэдэг. Тийм ч учраас Лос Анжелес хотын Беверли Хиллсээс илүү "нуугдмал" газар байдаггүй.

Урт, ороомог хэлбэртэй авто зам, орчин үеийн хамгаалалтын систем, нам гүм гудамж, мухар гудамжууд зэргээр жуулчид, папарацци нарыг зогсооход шаардлагатай бүхэн тэнд бий.

Ийм ч учраас Беверли Хиллс бол алдартнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн нам гүм "баянбүрд" юм. Тэндэхийн олон оршин суугчид нэгнийхээ хувийн нууцыг хүндэтгэж, үнэлэхийн зэрэгцээ хөршийн холбоог эрхэмлэж, нэг нэгэндээ тусладаг.

Сонирхуулахад, Беверли Хиллсийн цагдаа нар аливаа дуудлага аваад нэг минутын дотор л хэрэгтэй газраа очдог байна.

Хувийн орон зай, аюулгүй байдал, хөршийн холбоо

6 Хамгийн үнэтэй хороолол

Беверли Хиллсийн 90210 бүсийн кодод харъяалагддаг хүмүүс дундаж орлогоороо улсдаа тэргүүлдэг.

Энд байрлах байшингийн дундаж өртөг 3,642,695 ам.доллар тул оршин суугчид нь санхүүгийн бүрэн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байх нь мэдээж. Тиймдээ ч Беверли Хиллс дэх амьжиргааны өртөг АНУ-ын дунджаас 163.40 хувиар өндөр байдаг юм. 

Зарагдаж буй үл хөдлөхүүдийн 60 хувь нь сарын дотор зарагддаг бол үлдсэн хувь нь гурван сараас хэтэрдэггүй байна. 

Хамгийн үнэтэй хороолол

7 Дэлхийн хамгийн үнэтэй дэлгүүр тэнд бий

12 сая долларын хөрөнгөөр үнэлэгдэх "House of Bijan" үнэт эдлэл, хувцас, үнэртний дэлгүүр тус хорооллын  "Rodeo Drive" гудамжинд байдаг. Дэлгүүр лүү хүмүүс шууд ороод худалдан авалт хийж болохгүй, өмнө нь урьдчилж захиалга өгөх ёстой байдаг. Үйлчлүүлэгчид нэг удаадаа дунджаар 12,000 долларын худалдан авалт хийх бөгөөд дэлгүүрт байх хос оймс 50 доллар, хослол хамгийн багадаа 15 мянган доллараас буухгүй.

Дэлхийн хамгийн үнэтэй дэлгүүр тэнд бий

8 Бялууны орон

Дэлхий даяар 150 гаруй салбартай "The Cheesecake Factory" нь 1978 онд анх Беверли Хиллст ресторанаа нээж байжээ. Тус сүлжээ нь тансаг байдлаараа нэрд гарсан бөгөөд өдгөө жилд 2 тэрбум долларын ашиг олж байна.

Түүнчлэн дэлхийн анхны аяган бялууны бэйкери болох "Sprinkles Cupcake" нь энд байрладаг. Тус үйлдвэр нь Беверли Хиллс хороололд анх удаа зөвхөн аяган бялуугаар үйлчилдэг 24 цагийн АТМ байрлуулж байснаараа онцлог.

Бялууны орон

9 Бүхий л зүйл нь тансаг

Беверли Хиллсийн орон сууцны зах зээл нь дэлхийн хамгийн шилдэг тансаг зэрэглэлийн эдлэнгүүдийг санал болгодог. Хэрэв танд нотолгоо хэрэгтэй бол Марк Уолбергийн эзэмшдэг Газар дундын тэнгисийн хэв маяг бүхий үл хөдлөх хөрөнгийг сонирхоод үзээрэй. Тэрээр гэртээ кино үзвэрийн өрөө, гадаа талбайдаа хиймэл нуур, хүрхрээ, хиймэл агуй зэргийг байрлуулсан аж.

Кристина Агилерагийн байшин бол бас нэг гайхалтай жишээ юм. Тэрхүү байшинг ер бусын тансаг болгох үүднээс нэг ширхэг чулууг ч үлдээлгүй засч янзалсан байна. Байшинд байгаа бэлэг боох талбай, тоглоомын өрөө, гоо сайхны салон, дуу бичлэгийн студи бүхий зочдын өрөөг харах юм бол хүмүүс яагаад ийшээ ирэхийг мөрөөддөг болохыг ойлгох болно.

Бүхий л зүйл нь тансаг

10 Нийтийн тээвэр хэрэггүй

Тус хорооллын ихэнх айлын гадна "Jaguar", "Lamborghini" дор хаяж "Мерседес" зогсож харагдах бөгөөд гудамжаар явахад нийтийн тээвэр явах ямар ч хэрэггүй мэт санагдана. 

Тиймдээ ч зөвхөн тансаг машинуудад зориулсан "Peterson Automobile Museum" хэмээх музей Беверли Хиллст бий. Цаг үедээ тансаг тооцогдож байсан, маш ховор 200 гаруй машин тус музейд цуглуулга хэлбэрээр байдгийн зэрэгцээ алдартай кинонуудад ашиглагдсан машинуудыг бас үзмэр болгосон байдаг.

Нийтийн тээвэр хэрэггүй

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.