Биеэ хамгаалсан зааныг хүмүүс дүүжлэн цаазалсан харамсалтай түүх

Амьтан болон хүний зөрчилдөөнд хэлмэгдэж үлддэг нь үргэлж амьтад байдаг. Та бүхэнд 100-аад жилийн өмнө амьдарч байсан Мэри гэх нэгэн зааны өрөвдөлтэй түүхийг хүргэе.

Биеэ хамгаалсан зааныг хүмүүс дүүжлэн цаазалсан харамсалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

19-р зууны сүүлээр анчид Өмнөд Азийн ширэнгэн ойгоос нэгэн бяцхан тугалыг барьж, Америкийн цирк-д заржээ. Тус циркийн эзнийг Спаркс (Sparks) гэдэг байв. Мэри нэртэй болсон заан ийнхүү "Sparks World Famous Show" нэртэй ховор амьтад, алиалагч, акробатчдаас бүрдсэн явуулын циркийн гишүүн болсон байна.

Хэдэн жилийн сургуулилтын дараа Мэри циркийнхээ хамгийн алдартай амьтан болжээ. Мэри их дөлгөөн, ухаантай амьтан байсан бөгөөд бейсболын гайхалтай шидэгч болж, олон хөгжмийн зэмсгийг хүн шиг тоглож суржээ.

1916 оны 9-р сарын 12-ны өдөр Спарксын цирк Теннесси мужийн Ирвин хотод иржээ. Урьдын л адил циркийн амьтад хүмүүсийн сонирхлыг татаж, үзэгчид ихээр цугласан байлаа.

Гэвч энэ үеэр санаанд оромгүй зүйл болсон юм. Мэриг тэр үед унан явж байсан 38 настай Уолтер Элдриж нь амьтантай харьцах туршлагагүй, циркийн түр ажилчин байсан байна. Дээр нь тэрээр ажилд ороод дөнгөж нэг хонож байсан ба ганц мэдэх зүйл нь урт ташуур л байсан ажээ.

Мэри явж байхдаа замын хажууд хаясан тарвасын хальсыг хошуугаараа авч идэх гээд түр зогсжээ. Энэ үед Элдриж зааны чих рүү ташуурдсан байна.

Ингээд Мэри гэнэт уурлаж Элдрижийг газарт унагаад, толгой дээр нь гишгэн хөнөөж орхижээ.

Үүнийг харсан хүмүүс сандралдаж, нэг хүн гар буу гаргаж ирээд Мэри рүү таван удаа бууджээ. Гэхдээ Мэригийн амь насанд аюул учруулах шарх байгаагүй юм.

Энэ явдлаас хойш зааныг циркийн майхны гадна талбайд ганцааранг нь уяатай өнжүүлэх болсон байна.

Тэр үед орон нутгийн сонинууд "Зэрлэг араатан хөөрхий Элдрижийг соёогоороо сүлбэн алж, цогцос дээр нь гишгэлэв" гэх мэт гарчигтай шуугиан тарьсан мэдээллүүдийг гаргаж эхэлжээ.

Хилэгнэсэн иргэд зааныг алах хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байв. Үүний зэрэгцээ ойролцоо байх хотын дарга нар Мэриг цаазлахгүй бол циркийг нь хотдоо оруулахгүй гэж сүрдүүлж эхлэв. Хэдий хэцүү байсан ч циркийн эзэн Спаркс үүн дээр сонголтгүй хэмээн үзэж, Мэриг олны өмнө хороохоор болжээ.

Гэвч асар зузаан арьстай, 5 тонн жинтэй аварга амьтныг яаж цааш нь харуулах вэ гэдэг асуудал үүссэн байна. Буудаад нэмэргүй гэдгийг хүмүүс аль хэдийн харсан шүү дээ. Ингээд хүмүүс санаанд ч ормооргүй аймшигтай аргуудыг сэдэж эхлэв. Жишээлбэл, зааны урд, хойд хөлийг эсрэг чиглэлд яваа хоёр галт тэрэгт холбон мөчилж алах эсвэл өндөр хүчдэлээр цохиулах гэх мэт.

Өмнө нь 1903 онд Нью Йорк-д хүн гишгэж алсан Топси нэртэй зааныг өндөр хүчдэлээр цохиулж алж байсан түүхтэй. Гэхдээ тус хотын хэрэглэдэг хүчдэл нь хангалттай их биш учир Мэриг өөр аргаар цаазлах хэрэгтэй болсон юм. Ингээд эцэст нь Мэриг эртний дүүжлэн алах аргаар цаазлах дээр санал нийлжээ.

Гэвч Мэри үнэхээр санаатай аллага хийсэн гэж үү? Эсвэл шаардлагатай үеийн аргагүй хамгаалалт байсан уу? Мэри ердөө л нэг заан учраас хууль түүнд үйлчлэхгүй нь харамсалтай.

1903 онд өндөр хүчдэлд цохиулж алуулсан Топси

Ингээд Мэриг цаазын тавцан руу хөтөлж явсан байна. Яг тэр үед хөөрхий заан шиврээ бороонд өөрийн хувь заяаг мэдэж байгаа юм шиг чичирч байсан гэж гэрчүүд ярьсан байдаг..

Үдээс хойш 4 цагт Мэриг цаазаар авах ажил эхэлжээ. Мэригийн хүзүүг гинжээр оосорлож, төмөр замын вагон зөөхөд ашигладаг 100 тоннын кранаар өргөж эхэлсэн байна.

Эхний оролдлогоор Мэригийн хоолойг боосон гинж тасарч, заан ташаа хэсгээрээ хүчтэй унаж бэртсэн байна. Ингээд гинжийг илүү сайн чанарын бат бөх гинжээр сольж дахин өргөжээ. Энэ үед Мэри чих дүлийрэм чангаас чанга орилж байсан гэдэг. Хөөрхий Мэри амь тавьтлаа 30 минутын турш дүүжлэгдсэн бөгөөд малын эмч түүнийг үхсэн гэж мэдэгдсэний дараа л газар буулгаж, оршуулгын нүхийг нь ухаж эхэлжээ.

Тэр орой Мэритэй олон жил хамт ажилласан өөр нэг заан циркээс оргож, нэг зүйл хайж байгаа аятай чанга дуугаран явж байжээ. Гэвч мэдээж хол явалгүй баригдсан байна.

Хүмүүс өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө амьтдыг хүчээр сургаж үзүүлбэрт бэлддэг. Гэвч тэд биднийг хөгжөөх хэрэгсэл биш. Зуун жилийн өмнөх циркээс эхлээд амьтны хүрээлэнд хүртэл адил төстэй зүйлүүд гарсаар байгаа ч бөгөөд зааныг олны өмнө дүүжлэн алсан хэрэг ганц хоёроор тогтдоггүй байна.

Мэриг цаазалсан Ирвинг хот өнөөдрийг хүртэл энэ алдаагаа цайруулах гэж хичээсээр байгаа бөгөөд жил бүр тогтсон өдөр зааныг хамгаалах арга хэмжээ зохион байгуулж, хандив цуглуулдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()