"Бөөстэй зах" - Германчууд яагаад үргэлж комиссын бараа худалдаж авдаг вэ?

Дэлхий даяар интернет сүлжээ хурдацтай хөгжиж буй энэ үед хүмүүс өөрт хэрэггүй ч бусдад хэрэг болж мэдэх зүйлсээ амар аргаар зарах болсон. Зарим улс үндэстнүүд хүний хэрэглэсэн бараа авч хэрэглэх дургүй байдаг бол зарим нь тийм биш ажээ.

"Бөөстэй зах" - Германчууд яагаад үргэлж комиссын бараа худалдаж авдаг вэ?

Германчууд комиссын барааг бусдаас өөрөөр хардаг байна. Тодруулбал тэд толгойноос хөлийн ул хүртэлх өмсөж хэрэглэсэн зүйл болон олон жил ашигласан гэр ахуйн бараагаа бүгдийг нь худалддаг юм.

Санхүүгийн хувьд асуудалгүй Германчууд байгаль орчноо хайрлах үүднээс хэрэглэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авахаас татгалздаггүй байна. Мэдээж тэдэн дунд хачин жигтэй эсвэл ховор зүйл цуглуулах сонирхолтой хүмүүс илүү зонхилдог.

Германы энэхүү дахин худалдан авалтын зах нь хуучны эдлэлд дуртай европчуудын дунд ихэд алдартай гэнэ. Мөн хөрш улсын иргэд тус хуучин эд зүйлс худалдаалах захыг зорин Германд ирдэг байна.

Германы хуучин эд зүйлс худалдаалах захын түүх

“Бөөстэй зах” гэж орчуулагдах “Flohmarkt” хэмээх нэр нь франц үгнээс гаралтай.

1884 онд Парис хотын удирдлагаас хотоо цэвэр цэмцгэр байлгах үүднээс гудамжинд ил задгай хог хаяхыг хориглосноос гадна болон хэдэн арван мянган ядуу иргэдийг хуримтлуулсан хог хаягдалтай нь хамт захын дүүргүүд рүү нүүлгэжээ.

Ингээд эдгээр хог хаягдлыг авчирсан ядуу иргэд өөрт хэрэгцээтэй зүйлсийг хайж, хэрэглэж болох зүйлсийг авдаг болжээ. 1886 он гэхэд тус газар нь жижиг худалдааны зах болсон байлаа. Хуучин эд зүйлс мэдээж бөөстэй байдаг байсан учир Парисчууд тус захыг “Бөөстэй зах” (marche de puce) гэж нэрлэжээ. Орчин үед “Бөөстэй зах"-аар хамгийн элбэг үйлчлүүлдэг хүмүүс бол яахын аргагүй Германчууд юм.

Хэдий хуучин хэрэглэсэн зүйл зардаг ч гэсэн огтхон ч хуучин юм шиг харагдамгүй эд зүйл их байдаг. Ялангуяа хувцсыг маш цэвэрхэн угааж индүүдэн шинэ хувцас шиг л зардаг байна. Үнэхээр дээр үеийн эдлэл биш бол бусад зүйлс нь хуучин гэж хэлэхээргүй байдаг нь энэ захын давуу тал байж болох юм.

Берлинд л гэхэд 10-аад “Бөөстэй зах” байдаг. Тэдгээрийг ерөнхийд нь хуучны эдлэл болон хүүхдийн хэрэгсэл гэж 2 хэсэгт хуваадаг байна. Та тэндээс нарийн цуглуулгаас авахуулаад өөрт хэрэгтэй ном гэх мэт бүхий л зүйлсийг олох боломжтой юм.

Нэг талаараа том хотуудын "бөөстэй зах" жуулчдын очих газруудын жагсаалтад заавал багтдаг байна. Герман хүмүүсийн өөрсдийнх нь хамгийн их очдог ийм газар бол Берлиний хананы ойролцоох бөөстэй зах юм. Энэхүү зах нь зөвхөн ням гарагт нээгддэг бөгөөд хүмүүс цэцэрлэгт хүрээлэнгийн газраар бараагаа дэлгэн худалддаг байна.

Одоогоор Германы захад ихэвчлэн Турк хүмүүс бараа бүтээгдэхүүн зардаг байна. Учир нь Германд 4 сая гаруй Турк гаралтай хүмүүс байдаг бөгөөд нэлээдгүй хэсэг нь айл нүүлгэх ажил хийдэг "цэнхэр захтнууд" байдаг. Германчууд нүүхдээ ихэнх эд зүйлсээ орхиод явдаг тул үлдээснийг нь Туркүүд ангилж "бөөстэй зах" дээр зарж борлуулдаг болжээ.

Хамгийн сонирхолтой нь одоог хүртэл ийм зах дээр Баруун болон Зүүн Германы үеийн ил захидал, тугалган тоглоом, төрөл бүрийн медаль, багаж хэрэгслийг зардаг байна.

Бөөстэй захын залуу үйлчлүүлэгчид

Хуучны эсвэл хэрэглэсэн зүйлсийн худалдаа гэхээр магадгүй шууд хөгшин хүмүүс бодогдож болох юм. Гэвч үнэн хэрэгтээ үйлчлүүлэгчдийн ихэнх нь 20-оод насны оюутан залуучууд байдаг байна. Тэд мөнгөө хэмнэхийн тулд "бөөстэй зах"-ыг зорьдог. Байр түрээсэлж амьдардаг оюутнууд санхүүгээ бодон эндээс бүхий л хэрэгцээтэй зүйлээ авах нь энгийн үзэгдэл аж.

"Бөөстэй зах"-ыг зорин ирсэн мөнгөтэй, ядуу, энгийн хүмүүст бүгдэд нь ичиж санаа зовох зүйл огт байдаггүй нь тэдний авууштай сайн тал нь юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()