1
Дадал зуршил болсон цагийн хувиараа үргэлжлүүлэх
Удаан хугацаанд ажилласны эцэст хэдэн хоног тухтай сайхан амрах нь байж болох зүйл ч энэ амралтыг удаан хугацааны турш битгий үргэлжлүүлээрэй. Гэрийн хувцсаа өмсөж, дуртай цуврал киногоо үзэх, видео тоглоом тоглох нь хэдий таатай ч бүтээлч, анхааралтай байдлаа хадгалж үлдэхэд тань өмнө нь дадал зуршил болсон амьдралаа амьдрах нь туслах болно.
Ажилгүй байсан ч орой эрт унтаж, өглөө эртлэн босож өдөртөө яаралтай ажлуудыг амжуулж байгаарай. Гэнэтхэн танд шинэ ажлын санал ирэх, эсвэл карантин дуусах үед та өмнөх амьдралын хэв маяг руугаа шилжих хэрэгтэй болно. Харин энэхүү өөрчлөлтийг та өмнө нь бэлтгэлтэй байсны ачаар төвөггүйхэн давж чадна.
2
Зохион байгуулалт сайтай бай
Түр зуур ажилгүй байх нь өөрийнхөө амьдралыг цэгцлэж, илүү зохион байгуулалт сайтай болоход туслана. Гэртээ их цэвэрлэгээ хийж, харанхуй өрөөнд буй хуучин хайрцагнуудаа цэвэрлэж, хэрэггүй хог, эд зүйлээс ангижрах хэрэгтэй. Энэ нь та ажилгүй байсан ч цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг болохыг харуулж байна.
Хэрвээ та урт удаан хугацааны туршид гэртээ сууж байгаа бол огт шийдэж чадахгүй байсан, шийдэхээс төвөгшөөж байсан асуудлынхаа учрыг олж, гэрээ болон тархиа цэгцлээрэй.
3
Онлайн ажил хайж олоорой
Карантин дуусахаар тодорхой нэгэн газарт ажилд орохоор төлөвлөсөн ч таны санхүүгийн боломж дуусаж байвал та хоол хүнс болон бусад өдөр тутмын хэрэглээнийхээ мөнгийг олох хэрэгтэй болно. Шинэ ажил хайх үйл явц хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй ч өөрийн гэртээ дулаахан хөнжил дор унтаж, халуун хоол идэхийг хүсэхгүй хэн байхав.
Тиймээс та онлайн ажил хийж үзэх болох юм. Сэтгэгдэл үлдээхээс эхлээд вэб-дизайн гаргах, програмчлал хийх гэх мэт олон төрлийн онлайн ажил байдаг. Ихэнхи тохиолдолд онлайн ажил боломжийн хэмжээний цалин өгдөг ч ажлаа эхлэхийн өмнө танд төлбөрийг тань өгнө гэдэгт бат итгэлтэй болсон байх нь зүйтэй. Үүний тулд хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших, хамтрагчдаасаа тухайн байгууллагын талаар зөвлөгөөг авч болно.
4
Ур чадвараа хөгжүүл
Хэрвээ танд хангалттай хэмжээний чөлөөт цаг байгаа бол цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Жишээлбэл: Өөрийн ур чадвараа хөгжүүлснээр та карьераа ахиулах боломжтой.
Цахим сүлжээнээс хэрэгтэй мэдээлэл унших, төлбөргүй онлайн хичээлд суух гэх мэтээр өөрийн чадварыг хөгжүүлнэ. Үүнээс гадна та сертификаттай, мэргэжлийн үнэмлэх гардуулах сургалтанд сууж болох бөгөөд дараа нь өөрийн анкетанд шинэ чадвараа нэмж болно шүү дээ. Таны энэ хичээл зүтгэл таныг ажилгүй үлдээхгүй бөгөөд та өндөр цалинтай, сонирхолтой ажил хийж чадна.
5
Танд хэрэггүй ч бусдад хэрэг болох зүйлийг зар
Ажилгүй байх эхний хугацаанд ашиглах мөнгө танд хангалттай байгаа бол өөрийн эд хогшлыг ухаж танд хэрэггүй ч бусдад хэрэгтэй зүйлийг зараарай. Өөрт хэрэггүй зүйлийг зарна гэдэг нь өөрийнхөө удаан хугацааны туршид ашиглаагүй зүйлийг зарах явдал юм.
Тоглоом, тавилга, хуучин цахилгаан тоног төхөөрөмж зэргийг зар тавьсны тусламжтайгаар та зарж чадна. Магадгүй хэрэгтэй байгаа хүн нь таниас худалдан авч, харин орлогоороо та оройн хоолныхоо бүтээгдэхүүнийг худалдаж авах, эсвэл байрныхаа мөнгөний багахан хэсгийг ч төлж болох юм.
6
Сайн амар
Хэдийгээр энгийн зөвлөгөө ч хүмүүс төдийлөн чухалчлан хүлээж авдаггүй. Бид завгүй амьдралын хэв маягт дассан учир ажилгүй, чөлөөтэй байх үедээ ч ямар нэг зүйлээр өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, бид амарч чадахаа больсон гэсэн үг юм.
Хамгийн сүүлд та хэзээ ном уншиж тайван суусан бэ? Эсвэл хэзээ хамгийн сүүлд өөрийнхөө хоббид зориулж цаг гаргасан бэ? Ер нь танд хобби гэж байна уу?
Яагаад өөрийн дуртай зүйлд бага ч болов цаг зарцуулж болохгүй гэж? Найз нөхөдтэйгөө уулзах, хайртай хүнтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр алхах, цэвэр агаарт гарах, кино үзэх, эсвэл сонирхолтой олон ангит киног үзэж болно.
7
Шинэ зүйлийг туршиж үз
Ажилтай байх хугацаандаа хийж амжаагүй зүйлээ одоо хийгээд үзээрэй. Эсвэл бага зэрэг эрсдэл гаргаж, өөрийн шинэ сонирхол, авъяас чадварыг илрүүлээрэй. Жишээлбэл: Гэрэл зургийн мэргэжлийн аппараттай хэрнээ зурагчин хийж үзээгүй л байна уу? Нэг хоёр хоногийн сургалтанд хамрагдаад яагаад зурагчны ажил хийж үзэж болохгүй гэж? Зураг зурах дуртай юу? Тэгвэл сонирхолтой зураг зураад үзээрэй.