10
Масада цайзын амиа хорлолт, Израиль
МЭ 73 онд еврейн Сикари ястнууд дайсныхаа гарт орохгүйн тулд нийтээрээ амиа хорложээ. Тэднийг Масада цайзад байхад нь бүслэн авсан тул зугтах боломж байгаагүй байна. Эрчүүд эхлээд эхнэр болон хүүхдүүдээ алж дараа нь өөрсдөө амиа хорлосон ажээ. Үлдсэн хүмүүс нь цайзыг шатааж, өөрсдөө хамт шатсан байна. Түүхчид уг явдал үнэхээр болсон эсэхэд одоог хүртэл эргэлздэг ч энэ нь хамгийн аймшигтай нийтийн амиа хорлолтод зүй ёсоор орохоор явдал юм.
9
Пиленай цайз, Литва
1336 онд нийтийг хамарсан амиа хорлолт болж байснаараа Пиленай цайз алдартай. Тевтоны хүлэг баатрууд цайзын хамгаалагчдыг нэгэнт ялан дийлсэн тул тэд бууж өгөхийн оронд бүх эд хөрөнгийн хамт цайзаа шатааж, амиа хорлохоор шийджээ. Түүхээс үзвэл тэр үед цайзад 4000 орчим хүн амьдарч байсан бөгөөд тухайн үед хамгаалагчид бүх иргэдийг гэртэй нь хамт шатаасан байна.
8
Денпасар хот, Бали
1906 онд Нидерландчуудыг довтлох үед Денпасар хотод аймшигт явдал болсон байна. Эзэн хааны ордон руу довтолж байх үедээ Нидерландчууд ордон дотор бөмбөр дуугарч, дээрээс нь утаа гарч буйг харж байжээ. Дараа нь тэд тахилч нараар удирдуулсан хачирхалтай ёслолыг олж харсан байна. Жагсаал дуусахад хаан дохио өгч, тахилч нарын нэг нь түүнийг хутгалан алж, бусад нь ч мөн адил зүйл хийцгээжээ. Тэр үед мянга гаруй хүн нас барсан байна.
7
Деммин хот, Герман
1945 онд Зөвлөлтийн арми давшин ирж буйг мэдсэн хотын иргэд нийтээрээ амиа хорлосон хэргүүд гарчээ. Цэргүүд ирээд аллага, дээрэм, хүчин гэх мэт аймшигтай хэрэг үйлдэнэ гэж хотын иргэд үзэж байсан тул ийнхүү үхэхээр шийдэцгээсэн байна
Тэр ч байтугай хотод дүрвэж ирсэн хүмүүс ч мөн массаараа амиа хорлосон ажээ. Тэд хоолойгоо боомилж, судсаа ханаж, голд живэн эсвэл өөрсдийгөө шатааж байсан юм. Нийтдээ ийм аргаар 700-1000 хүн үхсэн байна. Амиа хорлогчдыг бүгдийг нь нэг булшинд оршуулсан бөгөөд үүнээс хойш хэн ч тэдний газрыг эргэж тойроогүй байна.
6
"Диваажингийн хаалга" шашны урсгал, Калифорниа
"Диваажингийн хаалга" нь дэлхийг дахин үүсэх ёстой гэж үздэг Америкийн шашны хөдөлгөөн юм. 1997 онд сансарт хаа нэг газар харь гаригийн хөлөг онгоц байгаа бөгөөд үүн дээр очихын тулд үхэх хэрэгтэй гэсэн итгэл үнэмшилтэй хэсэг хүмүүс амиа хорлохоор шийджээ.
Урьдчилан түрээсэлсэн том цагаан байшинд 39 хүн архи, фенобарбиталын холимог ууж амиа хорлосон байна. Цогцсуудыг дараа нь үзэхэд бүгд адилхан хувцаслаж, халаасандаа ижил хэмжээний мөнгөтэй байсан бөгөөд толгой дор нь хувийн эд зүйлтэй цүнх байжээ. Энэ явдал гурван хоног үргэлжилсэн ба амьд үлдсэн хүмүүс нас барагсдын цогцсыг холдуулж янзлан, дараа нь өөрсдийгөө хороосон ажээ. Долоо хоногийн турш 39 хүн амиа хорлосон бөгөөд сүнс нь харь гарагийн сансрын хөлөг дээр очно гэсэн итгэл үнэмшлээс бүх зүйл болсон юм.
5
"Нарны сүм" ОУ-ын шашны бүлэглэл
1984 онд Лю Жаурет, Жозеф ди Мамбо нар "Нарны сүм" -ийг байгуулж, амьдрал бол хуурмаг зүйл, шашны шүтлэгтнүүд Канис одны одод дахин төрж, дэлхий дээр амьдрах боломжтой гэдгийг дагалдагч нартаа сургадаг байжээ. Доктор Жорет ба түүний дагалдагчид түүнийг өнгөрсөн амьдралдаа Есүс Христ байсан гэж үздэг байв.
1994 онд уг шашинтай холбоотой олон нийтийн амиа хорлох явдал эхэлсэн байна. Эхлээд Швейцарийн хоёр тосгонд шашны шүтлэгтнүүд өөрсдийгөө их хэмжээгээр хордуулж, бие бие рүүгээ буудан, боомилж үхсэн бол 1995 онд Францад од шиг хэлбэртэй хэвтсэн 16 цогцос олджээ. 1997 онд Квебек дахь нэгэн байшинд гал гарч, цагдаа нар таван шатсан цогцос олжээ. Аз болоход хүүхдүүд амьд үлдсэн боловч хар тамхины нөлөөн дор байжээ. Нийтдээ "Нарны сүм" шашны бүлэглэлийн 74 хүн амиа хорлосон байна.
4
Сайпан арал, Япон
1944 оны 6-р сард Америкийн арлыг сарын турш бүсэлсний дараа ялалт байгуулж, Сайпанд газарджээ. Олзлогдохоос айсан арлын оршин суугчид эзэн хааныхаа зарлигаар үхэхээр шийджээ. Чанга яригчаар Америк цэргүүд япончуудыг тайвшруулан, тэдэнд хоол өгч, арал дээрээс чөлөөтэй гарахыг санал болгосон боловч тэд эргэлт буцалтгүй шийдсэн байлаа. Ингээд оршин суугчид далайн эрэг дэх хадан дээрээс нийтээрээ үсрэн амиа хорлосон байна. Өнөөдөр энэ хадыг "амиа хорлох хавцал" гэж нэрлэдэг болжээ. Тэр үед яг хэдэн хүн нас барсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч ойролцоогоор 10000 хүн байсан гэж үздэг.
3
"Бурханы арван зарлигийг сэргээх хөдөлгөөн", Уганда
Энэхүү шашны хөдөлгөөнийг 1980-аад онд Уганда улсын гурван иргэн байгуулсан бөгөөд "Ариун Мариа тэдэнтэй уулзаж уг урсгалыг дэлгэрүүлэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн хэмээдэг байжээ. Хөдөлгөөнийг дагагчид дэлхийн төгсгөл 2000 оны 3-р сарын 17-нд болно гэж итгэж байсан байна. Тухайн өдөр сүмд 500 гаруй хүн ирж, залбирч, дуу дуулж, бухын шарсан мах идсэн бөгөөд хэсэг хугацааны дараа сүмийн барилга дэлбэрч тэд бүгд үхжээ. Хожим нь уг хөдөлгөөнийг дагадаг байсан хэд хэдэн хүний цогцос гэрээс нь олдсон байна. Өнөөдөр уг явдлыг амиа хорлолт байсан уу эсвэл аллага байсан уу гэдэг асуудал дээр маргалдсаар байгаа ажээ.
2
Техас мужийн Вако хотод болсон эмгэнэлт явдал
АНУ-ын холбооны хүчнийхэн "Давидийн мөчир" шашны бүлэглэлийн байрыг бүсэлсний улмаас 76 хүн амь үрэгдэж байжээ. Цагдаа нар барилга дотор хууль бус зэвсэг байгаа эсэхийг шалгах гэж байсан ч нөхцөл байдал өөрөөр эргэж, томоохон буудалцаан эхэлжээ. Үүний улмаас 4 албан хаагч болон бүлэглэлийн 6 гишүүн алагдсан байна.
Улмаар Холбооны мөрдөх товчоо байдлыг гартаа авахаар болжээ. Бүслэлт 51 өдөр үргэлжилсний дараа FBI-ын агентууд хорт хийн халдлагыг үйлдэхээр шийджээ. Энэ үеэр байшинд гал гарч, 76 хүн шатсан байна. Галыг хэн тавьсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч бүлэглэлийнхэн өөрсдөө үүнийг төлөвлөж амиа хорлосон гэсэн таамаг байдаг ажээ.
1
"Үндэстнүүдийн сүм", Жонстаун
Хамгийн аймшигтай олон нийтийн амиа хорлох явдлуудын нэг нь Венесуэлийн Жонстаун-д болжээ. Тэр үед орон нутгийн шинжтэй шашны сүсэгтэн 913 хүн хордлого аван амиа алдаж байжээ. Жим Жонс гэгчийн үндэслэсэн уг шашныг дагадаг хүмүүс эхэндээ ядуу хүмүүст туслах зорилготой цугларч байсан боловч аажмаар гишүүдийн сэтгэлзүйг нь өөрчилж, хүчээр уг урсгалдаа байлгадаг болжээ. "Үндэстнүүдийн сүм"-ийг дагагчид конгрессийн гишүүнийг хөнөөсний дараа удирдагчид нь тэднийг амиа хорлохыг тушаажээ. Нийт 913 хүн, түүний дотор 276 хүүхэд хор ууж амиа алдсан байна. Үүнийг амиа хорлолт байв уу эсвэл аллага байсан эсэхийг одоог хүртэл тодорхойлж чадаагүй байгаа юм.