Зөвхөн Африкт байдаг энэхүү шувууг анх 19-р зуунд илрүүлсэн бөгөөд шувуу судлаачид түүнийг хотон, хөх дэглий, өрөвтас аль нь болохыг хэлж мэдэхгүй байжээ.
Тиймээс ч судлаачид удаан хугацааны турш өөр хоорондоо муудалцаж, хүн бүр өөрийнхөө зөв болохыг батлах гэж хичээж байсан юм. Гэтэл хожим энэхүү шувуу өрөвтас болон хотон шувууны төрлийн хоёуланд багтах нь тогтоогдсон байна.
Уг шувууны ялгарах хамгийн гол онцлог нь уг хошуу юм. Урт нь 23см-ээс багагүй, өргөн нь бараг л шувууны цээжтэй тэнцэнэ.
Хаан дэглий нь загас, усан доорх сээр нуруугүйтэн, могой болон матрын зулзагаар хооллодог байна. Англичууд түүний хошууг модон гуталтай зүйрлэдэг болохоор "shoebill" гэж нэрлэдэг. Гэвч түүний энэхүү "модон гутал" нь яст мэлхийний дуулгыг ч хага цохих хүчтэй.
Африкийн зэрлэг байгаль дахь амьдрал хүнд хэцүү учир эдгээр шувууд хүн, амьтан нэвтрэх боломжгүй намагт амьдарч, ангаа хийдэг. Тэдний хувьд арслан, ирвэстэй амьдарч байснаас тоо томшгүй шумуулнуудын дунд амьдрах нь илүү таатай.
Уг шувуу нь ганцаараа амьдралыг илүүд үздэг бөгөөд сүрэг шувуудтай таарах нь бараг боломжгүй. Үнэндээ ганцыг ч олоход хэцүү. Учир нь дэлхий дээр нийт 15 мянган хаан дэглий үлдээд байгаагийн зэрэгцээ том биеэ үл харгалзан нуугдах чадвар маш сайн бөгөөд эргэн тойрны байгальд гайхалтай өнгөлөн далдлалт хийдэг.
Нуугдах чадвар нь хоол хүнсээ олоход туслана. Намгийн ус тийм ч цэвэр биш болохоор тэд ан хийхийн тулд олон цагийн турш хөдөлгөөнгүй зогсдог гэнэ.
Тиймээс хэрвээ ямар нэгэн аюул тохиолдвол бусад амьтад зугтдаг бол тэд ямар ч хөдөлгөөнгүй зогсож, аюул зайлсны дараа хөдөлдөг байна.
Заримдаа 10 цагийн турш хөдөлгөөнгүй зогсох нь ч бий.
Эдгээр шувуудыг нэгтгэдэг цор ганц зүйл бол хайр бөгөөд тэд хамтдаа үр удмаа өсгөдөг. Эмэгчин нь 3 хүртэл өндөг гаргадаг.
Тэд нэг сарын турш ангаахайнууда асран хамгаалж, шөнийн цагаар дулаацуулж, харин өдрийн цагаар хошуугаараа ам руу нь ус хийж өгдөг байна.
Дөнгөж өндөгнөөс гарсан ангаахайнуудаа тэр мөн л хошуугаараа услаж сэрүүцүүлдэг гэнэ.
Хэрвээ бүх зүйл амжилттай өнгөрвөл хөвсгөр бяцхан дэгдэхийнүүд өсөж торних болно. Ихэнхдээ 3 өндөгнөөс хамгийн хүчтэй, хамгийн дээрэлхүү нь л амьд гарч чаддаг байна. Ингээд үлдсэн цор ганц дэгдээхийндээ эцэг эх нь бүх хайраа зориулдаг аж. Эхний 2 сарын турш дэгдээхийнүүд бараг л аав ээжийнхээ бөөлжисөөр хооллодог гэхэд болно. Харин дараа нь хоол нь хангалтгүй болж 4 сар гэхэд өөрөө загасчлах чадвартай болдог аж. 3 нас хүрээд өөрийн гэсэн гэр бүлтэй болох боломжтой.
Загаснаас гадна эдгээр шувууд жижиг хөхтөн болон усны шувуудаар хооллодог.