1
Юунаас болж гардаг вэ?
Нуруун дээр батга гарах үндсэн шалтгааныг гадаад ба дотоод гэж хоёр хувааж болно.
Гадаад шалтгаанууд
- Ариун цэврээ муу сахих. Далны хэсэгт олон тооны тосны булчирхай байдаг. Арьсны тослог нь бактери үржих таатай орчинг бий болгодог бөгөөд энэ нь батга гарах гол шалтгаан болдог байна. Тосны булчирхай их, бага ялгарах тохиолдол байдаг бөгөөд үүнийг шийдэх гол арга нь ариун цэврээ сайтар сахих явдал юм.
- Синтетик хувцас. Даавуун материалтай хувцас агаар сайн нэвтрүүлдэг бол синтетик хувцас нь эсрэгээрээ бактери үржих таатай нөхцөл үүсгэдэг байна. Халууцаж хөлс гарахад синтетик хувцас өмссөн тохиолдолд хөлс арьсан дээр үлдэж нян үүсгэдэг аж.
- Хэтэрхий бариу хувцас. Ийм төрлийн хувцаснууд арьсны нүх сүв рүү хир орох шалтгаан болдог.
- Задгай тавьсан үс. Энэ нь үсний хир арьсанд наалдах шалтгаан болдог. Үүнээс гадна үсний үзүүрүүд арьсыг цочроож тослог их хэмжээгээр ялгаруулахад нөлөөлдөг байна.
- Өөрт таарахгүй тос хэрэглэх. Жишээлбэл: нарны тос их хэмжээгээр түрхэх нь мэдээж арьсыг нарнаас хамгаалах ч арьсны нүх сүвийг бөглөдөг аж.
Яг үнэндээ эдгээр шалтгаанууд бол ердөө нэгээхэн хэсэг нь. Арьс цочрох нь тухайн хүний өөрийн онцлогоос мөн ихээхэн хамаардаг юм.
Дотоод шалтгаанууд
- Удамшил. Батгашилт нь эцэг эхээс удамшсан байх тохиолдол их байдаг.
- Гормоны өөрчлөлт. Нуруу болон мөрөөр батга гарах үзэгдэл ихэнхдээ өсвөр насанд тохиолддог бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд ийм асуудал бий болох нь гормоны өөрчлөлт, сарын тэмдгийн мөчлөг болон жирэмслэлттэй холбоотой байдаг аж.
- Стресс. Сэтгэл санааны тогтворгүй байдал шууд байдлаар арьсны асуудал үүсгэхгүй ч хүний дархлаа болон гормоны өөрчлөлтөд нөлөөлдөг байна.
- Хооллолт. Гликемик өндөртэй хоол хүнс болон сүү арьсанд муугаар нөлөөлдөг аж. Гэхдээ хоол болон арьсны хоорондох хамаарал батлагдаагүй ч Америкийн судлаачдын хийсэн судалгааны үр дүнгээр хоолны дэглэм барих нь батганаас салахад тусалдаг гэсэн байна.
- Эмийн гаж нөлөө. Зарим нэгэн стрессийн эсрэг бэлдмэлүүд батга гарах шалтгаан болдог.
- Нуугдмал өвчнүүд. Дотоод шүүрлийн эмгэг (чихрийн шижин), элэгний дутагдал (гепатит), хоол боловсруулах систем, ходоод гэдэсний замын өвчнүүд нь тууралт хэлбэрээр илэрдэг.
2
Нуруун дээрх батганаас салах энгийн аргууд
- Ойр ойрхон шүршүүрт орох. Хэрэв та хөлөрсөн бол шүршүүрт орох эсвэл наад зах нь нойтон алчуураар нуруугаа арчих хэрэгтэй.
- Бактерийн эсрэг саван ашиглах. Салицилийн хүчил эсвэл бензойлийн исэл найрлага нь даа агуулсан угаагч хэрэглэх хэрэгтэй.
- Богино үсний засалттай болох.
- Тослог бие арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх.
- Хөлөрсөн бол тэр дор нь хувцсаа солих.
- Цэвэр даавуун материалтай сул чөлөөтэй хувцас өмсөх хэрэгтэй.
- Хоолны дэглэм сахих. Аль болох ногоо жимс түлхүү хэрэглэж ус сайн уух нь сайнаар нөлөөлнө.
- Ууж буй эмээ сайтар судлах.
- Өөртөө амрах боломж олго. Бага стресстэж бухимдах тусам бага батга гарна гэдэгт итгэх хэрэгтэй.
3
Эмчлэх аргууд
Хэрвээ та өөрийн амьдралын хэв маягийг солиод 2-3 долоо хоног өнгөрсөн ч таны асуудал арилаагүй бол арьс өнгөний эмчид хандах хэрэгтэй. Эмч танаас шинжилгээ авч гарсан хариуны дагуу эмчилгээ бичиж өгөх болно. Хэрвээ таны доторх эрхтнүүдэд асуудал байхгүй бол эмч эдгээр эмчилгээнүүдээс бичиж өгнө.
- Эмчилгээний тос болон түрхлэг. Батгашилт арилгах олон төрлийн тоснууд байдаг бөгөөд салицилийн хүчлээс гадна антибиотиктэй түрхлэгүүд ч байдаг.
- Эм. Эдгээр нь дан ганц арьс бус бүх биед нөлөөлдгөөрөө онцлогтой бөгөөд маш их гаж нөлөөтэй тул заавал эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай.
- Лазер эмчилгээ. Тусгай төхөөрөмжийн тусламжтай хийгддэг уг арга нь батганы дараах сорвийг ч арилгах шидтэй.
- Химийн аргаар гуужуулах. Энэхүү арга нь өвдөлтгүйгээр арьсны өнгөн гадаргууг гуужуулж гөлгөр арьстай болоход тусалдаг.
- Арьсны гүн дэх цэвэрлэгээ. Энэ арга нь арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэдгээрээ онцлогтой юм.
Эдгээр аргуудаас танд хамгийн сайн нөлөөлж чадахыг нь эмч хэлж өгөх болно. Гэрийн аргаар удаан хугацааны туршид батгыг эмчлэх гэсний хэрэггүй гэдгийг танд сануулах нь зүйтэй. Үүний оронд хүндрэхээс нь өмнө эмчийн зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт болох юм.
Эх сурвалж: lifehacker