Эзэнгүй арал дээр 15 сарыг өнгөрүүлсэн 6 хүүгийн түүх

Та Голдингийн “The Lord of the Flies” номыг уншиж байсан уу? Уг номонд энгийн амьдралтай нэгэн гэр бүлийн хөвгүүд эзэнгүй арал дээр хаягддаг бөгөөд энэ нь мэдээж сайн үр дүнд хүргээгүй. Уг ном хэвлэгдсэнээс 11 жилийн дараа номны түүх бодитоор тохиолдсон ч төгсгөлийн үр дүн нь тэр өөр байсан гэнэ.

Эзэнгүй арал дээр 15 сарыг өнгөрүүлсэн 6 хүүгийн түүх

Хэдийгээр уг түүх маш сонирхолтой, сургамжтай ч орчин үед бага зэрэг мартагджээ. "YouTube" дээр энэхүү түүхийн талаар сонирхолтой баримтат кино бий. Уг киноны найруулагч эзэнгүй арал болох Ата дээр тэдгээр 6 хөвгүүний нэг болох Калотой хамт очиж байжээ. Хэдийгээр Кало аль хэдийн 70 нас хүрсэн ч тэрээр энэ байдлыг дөнгөж өчигдөр мэт дурсана.

“The Lord of the Flies”” киноны хэсгээс, 1963 он.

Полинезийн бүс дэх 200 гаруй арал дээр орших хаант засаглалтай улсыг Тонга гэдэг байна. 1965 оны 6-р сард нийслэл Нукуалофа хотын сургуулийн дотуур байранд амьдардаг 13-16 насны 6 хүү нутгийн загасчны завийг хулгайлахаар шийджээ. Тэд Фижи арал, цаашаа Шинэ Зеланд хүртэл аялах төлөвлөгөөг боловсруулсан байжээ.

Гэхдээ хөвгүүд хувийн хэрэгслээ маш дутуу базааж хэдхэн ширхэг гадил, наргил модны самар, хийн халаагуурыг л авч явсан аж.  Тэдний толгойд луужин, газрын зураг авч явах бодол огт орж ирсэнгүй бололтой. Ингээд эргээс бага зэрэг холдмогцоо бүгд унтсан бөгөөд энэ зуур далай хэн нь "босс" болохоо хөвгүүдэд харуулсан байна.

Тэд хүчтэй далайн шуурганд өртсөнөөр завь болон дарвуул нь эвдэрсэн аж. Хөвгүүдийн авч явсан хоол тэр даруй дуусаж, ус багахан хэмжээгээр л үлдсэн байжээ. Хэд хэдэн удаа бороо орсон учир хөвгүүд наргил модны самарны хальсанд ус дүүргэж авч байсан бөгөөд далайн шуурга дууссаны 8 дахь хоног дээр тэд Ата арлын эрэгдээр шидэгджээ

Арал 2.3 кв.км талбайтай бөгөөд шигүү ойгоор бүрхэгдсэн аж. Хэдийгээр энэхүү арал дээр өмнө нь хүмүүс амьдарч байсан ч XIX зууны дунд үед тэд Перугийн боолын худалдаачдын золиос болсон байна. Энэ цаг үеэс Ата арал эзэнгүй болжээ. Гэхдээ эдгээр хүүхдүүдийн суурь хүмүүжил тэднийг амьд гарахад тусласан бололтой.

1966 онд Австралийн телевизийн дахин засварласан баримтат киноны хэсэг. Кадр: John Carnemolla.

Хөвгүүд хоорондоо муудалцахгүй байхаар тохиролцсон бөгөөд хэрвээ асуудал хүндэрвэл хэсэг хугацаанд нэг нэгнээсээ холдохоор шийджээ. Тэд 2, 2-оороо ээлжилж ажиллаж байсан гэнэ.

Ээлжийн жижүүрийн үүрэг нь: хоол хийх, хүнсээ олох, галаа манах. Тэд гал асааж 15 сарын турш галаа огт унтраахгүйгээр манаж чадсан байна. Эзэнгүй арал дээр хаягдсан хөвгүүд шувуу болон загас агнаж хооллож байсан бөгөөд хэсэг хугацааны дараа хуучин тосгоны буурьтай тааралдаж, тэндээс гадил, хөгшин тахиа олжээ.

Харин усны хувьд нэлээд асуудалтай байсан гэнэ.  Учир нь бороо маш бага орж байсан бөгөөд зуны улирал учир хөвгүүдийн ам маш ихээр цангаж байжээ. Иймээс тэд усыг цуглуулж, хадгалах боловсронгуй аргад суралцсан байна.

1966 онд Австралийн телевизийн дахин засварласан баримтат киноны хэсэг.

Нэгэн удаа хөвгүүдийн нэг болох Стивен хальтирч унаад хөлөө хугалсан байна.  Энэ үед бусад нь мод, саваа, усан үзмийн ороонги зэргийг ашиглаж чиг тавьж, хэсэг хугацаанд түүний ажлыг хувааж хийжээ.

Хүүхдүүд өглөө, орой бүр залбирч байв. Наргил модны самарны хальс болон төмөр утасны тусламжтайгаар тэдний нэг нь гитар хийж, бусдыгаа зугаацуулж байв.  Үүнээс гадна тэд гар доорхи материалыг ашиглаж, фитнессийн тоног төхөөрөмж хүртэл хийсэн байна. Мөн  гатлага онгоц хүртэл хийсэн ч хаашаа хөвөхөө мэдэхгүй байсан учир тэд арал дээр үлдэж, тусламж ирэх болов уу гэж найдсаар л... 

Хөвгүүдийг 1966 оны 9 -р сард баян  австрали загасчин Питер Уорнер аварчээ. Эхлээд тэр багийнхаа гишүүдэд болгоомжтой байх хэрэгтэйг сануулсан бөгөөд хөвгүүдийг далайн дээрэмчид байх магадлалтай гэж үзсэн байна. Харин дараа нь тэр Нукуалофатай холбогдож, хөвгүүдийг алга болсон болохыг мэдсэн аж. Дараа нь Питер Уорнер хөвгүүдийг арлаас авч явжээ.

Гэвч хөвгүүдийг гэртээ ирэхэд завиа хулгайд алдсан загасчин залуу гомдол мэдүүлж, тэднийг баривчилсан аж. Тэднийг суллахын тулд Уорнер төлбөр төлсөн байна. Хөвгүүдийг төрөлх арал дээрээ ирэхэд арлын иргэд бүгд тэднийг халуун дулаанаар хүлээж авчээ. Австралийн телевизийнхэн энэ талаар нэвтрүүлэг хүртэл хийсэн байна. Харин одоо энэхүү түүх мартагдаж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ дэг журамтай, сахилга баттай байхад аливаа хүндрэлийг даван туулах боломжтой гэдгийг илэрхийлэх сургамжит түүх байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()