Говийн ихэнх ард үхлийн хорхой байдаг гэдэгт итгэдэг ба Монгол улсын ерөнхий сайд агсан Ц.Дамдинсүрэн 1922 онд үхлийн хорхойг барууны эрдэмтдэд дүрсэлж өгч байжээ.
Харин эрдэмтэд олгой хорхойг зөвхөн ард түмний ам дамжсан яриа л гэж үздэг байж. Уг хорхойн талаарх яриа, дүрслэл яг таардаг боловч өнөөг хүртэл ямар ч тохиолдол батлагдаагүй байна. Олон орны судлаачид, адал явдал эрэлхийлэгчид, аялагч, амьтан судлаачид үхлийн хорхойг судлахаар Говь цөлийн хамгийн алслагдмал газрыг зорьсон боловч уг хорхойг харсан хүн үгүй. Үхлийн хорхойн түүх Монголчуудад үеэс үед дамжин яригдан ирсэн ч 1920-иод оны үед палеонтологич Рой Чапман Эндрюс өөрийн номдоо эл хорхойн талаар дүрслэн өгүүлсэн цагаас л гадныхан анхаарлаа хандуулж эхэлсэн. Эндрюс өөрөө олгой хорхойг оршин байдаг эсэхэд эргэлздэг байжээ.
Чехийн амьтан судлаач Иван Макерл бол үхлийн хорхойг судалсан тэргүүлэх судлаачдын нэг юм. Тэрээр нэгэн оюутнаасаа үхлийн хорхойн талаар сонсож, 1990 онд илүү гүн судлахаар Монголын өмнөд хэсэг рүү аялжээ. Нутгийн иргэд үхлийн хорхойн талаар ярихаас ч эмээдэг байснаас гадна тус хорхойн талаар судалж, ярихыг засгийн газраас хориглосон байсан нь говьд нуугдсан эл тайлагдашгүй нууцыг илрүүлэх ажлыг нь улам хүндрэлтэй болгожээ. Харин хориг цуцлагдсанаар тэрээр аяллаа үргэлжлүүлсэн байна.
Түүний бичсэн "Mongolské záhady" буюу " Монгол дахь тайлагдашгүй нууц" номонд үхлийн хорхойг "Зайдас шиг хэлбэртэй, хагас метрийн урттай, яг л үхрийн дотор гэдэс шиг. Хайрсан арьстай, тайрчихсан юм шиг богинохон сүүлтэй. Нүд, хамар, ам чих нь мэдэгддэггүй учир аль нь сүүл аль толгой нь гэдгийг хэлэх хэцүү" гэж дүрсэлжээ. Тэр хэзээ ч өөрөө баталж байгаагүй ч Олгой хорхойг жинхнээсээ байдаг гэж тодорхойлсон юм.
Британийн биологич, "Тайлагдашгүй" номын зохиолч доктор Карл Шукер домогт үхлийн хорхойг "Дэлхийн цуутай амьтдын нэг. Говийн өмнөд хэсгийн элс дор нуугддаг. Амьдралынхаа ихэнх хугацааг элсэн дор өнгөрүүлдэг ч элсэн дээр ил хэвтэж байвал хүн бүрийг айлгадаг" гэжээ. Хэдий газар дор гүрвэл шиг хөдөлж амьдардаг ч 6,7-р сард гарч ирэх нь элбэг. Зарим эрдэмтэд үүнийг газрын гадарга чийгтэй, нойтон болсон үед гарч ирдэг байж магадгүй гэж тайлбарлажээ. Шукер хэзээ ч үхлийн хорхойг харж, баталж байгаагүй ч түүнийг халуун уур амьсгалд амьдардаг, махчин гүрвэл байж болзошгүй гэж таамаглажээ.
2009 онд Говийн нутгаар хийсэн сэтгүүлч, сурвалжлагчид, телевизийн реалити шоуны зураг авалтын багийн аяллыг ямар ч үхлийн хорхой саатуулсангүй. Үндэсний Газарзүйн суваг зэрэг дэлхийн нэртэй судлаачдын баг үхлийн хорхойн талаар судлахаар ирсэн ч бүгд гар хоосон буцацгааж байв. Тэгвэл Монголын үхлийн хорхой зүгээр л нэг домог төдий байсан уу? Олгой хорхой нь гадны судлаачдын өмнө хэзээ ч гарч ирж байгаагүй ч Монголын ард түмэн, нутгийн иргэд аймшигт хорхой байдаг гэдэгт одоо ч итгэсээр байгаа юм.