И, Ху нар нь халдварт өвчний талаар анхлан мэдээлэл тарааж, үүнийхээ төлөө буруутгагдаж байгаад 2 сарын 17-ны өдөр "ковид 19"-өөр амиа алдсан эмч Ли Вэнлянтай хамт ажилладаг байжээ. Тэд 1 сарын 18-нд халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд эхлээд Уханий уушгины эмнэлэгт хүргэгдэж, 2 удаа өөр эмнэлэг рүү шилжүүлсэн байна.
Зүрх судасны эмч И нь халдвар авснаас хойш ECMO амьсгалын аппаратай 39 хоносон аж. ECMO хэмээх аппарат нь биеийн гаднах хүчил төрөгчийг цус руу шахах замаар уушиг, зүрхний үйл ажиллагааг орлодог төхөөрөмж юм.
CCTV-ийн мэдээлснээр түүний биеийн байдал мэдэгдэхүйц сайжирч байжээ. Тэрээр хэвтрээс гараад бие дааж алхахаар хичээж байсан. Үхлийн аюултай вирустэй олон сар тэмцсэн учир бие махбодын үйл ажиллагаа нэлээд доголдож, гэмтсэн гэдгийг өөрөө ч ойлгож байсан аж. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Анх ухаан ороод биеийн байдлынхаа талаар мэдээд маш их айж байсан. Яг л хар дарсан зүүд шиг санагдсан." гэжээ. Түүнийг одоо Ухань хот дахь Хятад Японы найрамдлын эмнэлэгт энгийн тасагт эмчилж байгаа гэнэ.
Харин бөөр давсагны эмч Хугийн байдал нэлээн ноцтой байна. 99 хоног хэвтэн эмчлүүлж байгаа ч түүний бие их сул байгааг хариуцагч эмч Ли Шушэн анхааруулжээ. Ху 2 сарын 7-оос 3 сарын 22-ны хооронд ECMO аппаратын эмчилгээ хийлгэж байсан бөгөөд 4 сарын 11-нд ярих чадвар нь сэргэсэн байна. Тэрээр И Фан эмчтэй нэг эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд 2 өвчтөний арьс гэнэт харласан нь эмчилгээний эхэн үед уулгаж байсан нэг эмнээс болсон байх магадлалтай гэж Ли Шушэн эмч сэжиглэж байгаа гэнэ. Тэрээр эмний нэрийг дурдаагүй бөгөөд элэгний үйл ажиллагаа сэргэсний дараа арьсны өнгө хэвийн болно гэж найдаж байна гэжээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.