1
Луврын музей
Парис хот бүхэлдээ хорио цээрийн дэглэмд орсон ч та тус хотын хамгийн гайхалтай Луврын музейг сонирхох боломжтой болжээ. Луврын музейд зочилж Египетийн эртний эдлэлүүд, ордныг тойрсон усан саадны үлдэгдэл, алдарт Аполлоны Галерей гэсэн гурван үндсэн хэсгийг нь үзэх боломжтой. ЭНД дараарай.
2
Нью-Йоркийн Метрополитан театр
Метрополитан театрын тоглолтын улирал 2020 оны 05-р сарын 09-нд дуусах ёстой байсан ч улс орны хорио цээрийн дэглэмийг сахин хугацаанаасаа өмнө үүдээ хаажээ. Гэхдээ театрын ерөнхий менежер Питер Гэлб "Энэхүү хүнд хэцүү цаг үед Метийн тайз хоосон байсан ч бид үзэгчдийнхээ амьдралыг гэрэлтүүлж, баяр баясал өгнө гэдгээ амлаж байна. Бид өндөр нягтаршилтай, төрөл бүрийн цуврал тоглолтуудыг үнэ төлбөргүй шууд дамжуулна. 03-р сарын 16-ы өдөр Францын алдарт Жорж Бизе-ийн "Кармен" дуурийн тоглолтоор эхэлсэн." хэмээжээ. Тоглолтын бүрэн хуваарь театрын сайтад тавигдах тул та бүхэн үзэхийг хүсвэл энэ холбоосоор зочлоорой.
3
"Хенри Форд"- Америкийн инновацийн музей
Зохион бүтээгчид, автомашинд дурлагсдын хамгийн их очихыг хүсдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Хенри Форд" музей бол таны найз нөхөд, гэр бүлтэйгээ очиж болох хамгийн сонирхолтой газруудын нэг юм. Тэгвэл та ЭНД даран уг музейд цахимаар зочлох боломжтой. Та эндээс хүний эрхийн төлөө тэмцэгч Роза Парксын сууж явсан автобус, Хенри Фордын зохион бүтээсэн хамгийн анхны машиныг харж болно.
4
Вена хотын "Wiener Staatsoper" дуурийн театр
Австрийн Вена хотын театрт зочлон, дуртай дуурийн тоглолтоо тухлан сууж үзэх боломжтой болжээ. Фальстафаас Ромео, Жульетта хүртэл гайхалтай тоглолтыг танд хүргэн, Австрийн театрын жүжигчид зочны өрөөг тань эртний сонгодог өргөө болгохоор шийджээ. Театрын сайтад нэвтрэх хаяг нээгээд л та шинэ тоглолтоо үнэгүй үзэх боломжтой
5
Бээжингийн Ордон музей
600 жилийн настай Хятадын Хориотой Хотод очих аяллаа хойшлуулсанд сэтгэл тань гонсойж байсан бол та одоо хаанаас ч үнэ төлбөргүйгээр ордонд зочлох боломжтой болжээ. Та эрдэнэсийн галерей, Хориотой хотод болдог дэнлүүний наадам зэрэг олон төрлийн үйл ажиллагааг үзэх боломжтой. Энэ холбоос дээр дарж Ордон Музейг үзээрэй.
6
Британийн музей
Британийн музейд хөл тавьсан хүн бүр эртнээс өнөөг хүртэлх бүхий л түүхийг агуулах эрдэнийн газар болохыг ухаардаг. Та музейн виртуал аялалд оролцсоноор түүхийн цаг хугацааны дагуу аялж, сонирхсон тивээ сонгон анх тив ямар байсан, тивээс олдсон эртний олдвор, түүхүүдийг сонирхох боломжтой. Мөн үзвэрийн зэргэлдээ хавсаргасан аудио файлуудыг сонсож түүхий мэдлэгээ илүү зузаатгаарай. Британийн музей нь 8 сая гаруй олдвортой бөгөөд музейгээр хэр удаан зочилно тэр хэмжээгээр дур хүсэл тань нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Виртуал аяллыг сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу.
7
"Гуггенхайм" музей
Нью-Йорк хотын Гуггенхайм музей нь орчин үеийн урлагийн томоохон музейн нэг юм. Музейн сайтаар зочилж үзэгчид гэрээсээ музейн бүх бүтээлийг үнэгүй үзэж, хүссэн бүтээлээ хайж үзэх боломжтой. "Энэ хэцүү цаг үед урлаг бидэнд тайвшрал урам зоригийг өгнө. Бид бүх бүтээл, санаа, үзэсгэлэнгээ толилуулах болно. Фото аяллаас гадна Гюгенхайм музейн архитектур, үзэсгэлэн, түүхийн талаар өгүүлэх бичлэгийг та бүхэнд хүргэнэ" хэмээн музейн ажилчид илэрхийлжээ.
8
"НАСА"
НАСА саяхан Youtube-тэй хамтран дэлхийн хүн бүр хаанаас ч Хаббл Сансрын Телескопын төвөөр зочлох боломжийг бүрдүүлжээ. Мэрилэнд мужийн Гринбелт хотод байрлах НАСА-гийн "Goddard" Сансрын телескопын үйл ажиллагааны хяналтын төв нь яг ч техникийн музей биш боловч энэ төвөөр зочилсон хэн бүхэнд энэхүү аялал хөгжилтэй, сургамжтай, дурсамжтай сайхан аялал болно гэж НАСА үзэж байгаа юм. 360 градус өнцгөөс Хаббл хөлгөөр аялснаар та тусгай даалгаврын өрөө, тоног төхөөрөмжийн танхим зэрэг бүхий л үйл ажиллагаатай нь танилцаж болно. Аяллыг бүрэн үзэхийн тулд ЭНД дараарай.
9
"J. Paul Getty" музей
Лос Анжелес хотод өдгөө хөл хорио тогтоосон байгаа ч тус хотын "Getty" музей дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа зочдоо хүлээн авахад бэлэн болжээ. Та бүхэн 8-аас 21-р зууны гайхалтай үзвэрүүдийг тус музейгээс үнэгүй үзэх боломжтой. Рембрандт, Ренуар, Ван Гог зэрэг уран бүтээлчдийн гайхалтай уран зургийг сонирхохыг хүсвэл 3D-ээр үзэхийг хүсвэл ЭНД дараарай.
10
"Regio Torino" театр
Италийн Турин хотод байрлах Реджио Торино театр олон нийтэд зориулж "дуурийг буйдангаасаа" гэх уриатай онлайн үзвэрийг санал болгожээ. Тус театрын сайтад "Энэ улирлын болон өнгөрсөн үеийн нэр хүндтэй уран бүтээлүүдийг буйдангаасаа үзэх боломжтой боллоо. Ням гарагт Италийн улаан дарс шимэнгээ, буйдандаа тухлан сууж, алдарт сонгодог дуурь, балетын тоглолтуудыг үзээрэй. Гэртээ тусгаарлагдаж байхдаа ч хөгжилтэй, сэтгэл санаагаар тайван байх хэрэгтэй." хэмээн театрын уран бүтээлчид хэлжээ. Театрын YouTube суваг руу ЭНД дарж орно уу.
11
Шинэ Делигийн үндэсний музей
Хэрэв та Энэтхэг улсаар аялахыг хүсдэг бол Шинэ Делигийн Үндэсний музейгээр заавал зочлоорой. 1949 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус музейд 5000-аас ч илүү жилийн түүхтэй үзвэрүүд байдаг. Хэдий онлайн үзвэр музейн бүх цуглуулга орж багтахгүй ч та уран зураг, гоёл чимэглэлийн урлаг, үнэт эдлэл, хуяг дуулга зэргийг багтаасан 600 гаруй олдворыг үзэх боломжтой. ЭНД дарж орно уу.
12
Амстердам дахь Гудамжны урлагийн музей
Музейн мэдээлснээр энэ нь Нидерланд дахь хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц гудамжны урлагийн музей юм. Та орчин үеийн граффити урлагийн бүтээлүүдийг үзэхийг хүсвэл Амстердамын гудамжны музейн онлайн аялалд оролцоорой. Энэхүү музей нь дэлхийн уран зураачдын шинэ уран бүтээлүүдээр дүүрэн, байнга шинэ бүтээлүүд нэмж, туурвидаг.
13
“Wigmore” концертын танхим
Лондонгийн "Wigmore" концертын танхим 4-р сарын 14 хүртэл хаалгаа барьсан ч тоглолтын архиваа дэлгэж, бид дэлхийн хэмжээний концертын танхимд тоглогдсон гайхалтай сонгодог хөгжмийн тоглолтуудыг гэрээсээ үзэх боломжтой болжээ. Бетховеноос Шуберт хүртэл сонгодог хөгжмийн хаадын хөгжмийг сонсож, дэлхий дахинд нүүрлээд буй аюулыг түр умартан, сэтгэл санааны тайван байдлыг мэдрээрэй. Шууд дамжуулалт, өмнөх үзвэрүүдийг ЭНД дарж үзээрэй.
14
Мексикийн үндэсний Антропологийн музей
Мехико хотын Антропологийн үндэсний музейн хаалгаар оронгуутаа л та дотоод, гадаад ертөнцийнх нь тайван, амгалан байдлыг мэдэрнэ. Музейн дотор хэсэгт чулуу, шавар, шохойн чулуу, базальт зэргээр бүтээгдсэн гайхалтай эртний олдворуудыг харах болно. Хэдий та энэхүү онлайн аяллаар музейг 360 градус тойруулан харж, бүх үзвэрийг харж чадахгүй ч бүс нутаг, соёл, цаг хугацааны тэртээгээс олдсон олон мянган жилийн түүхт олдворуудыг үзэж чадна гэдэг хэзээ ч тохиогоод байхгүй алтан боломж билээ. ЭНД дарна уу.
15
Большой театр
Москвагийн алдарт Большой театр цар тахлын үед иргэдэд үзүүлэх цахим тоглолтоо "Хунт нуур" баллетаар эхлүүлсэн. Цаашдаа Чайковскийн бусад бүтээлүүд, "Нойрсож буй гоо бүсгүй", "Цөмөөхэй" зэрэг алтан сан хөмрөгийн тоглолтуудаа YouTube-ээр шууд дамжуулах юм байна. ЭНД дарна уу.