Чудари анх 2017 онд Букингемийн ордны ойролцоо цагдаа нар руу хутга барин дайрч хөнгөн гэмтэл учруулсны дараа баривчлагдан шоронд хоригдож байсан бөгөөд хийсэн үйлдлээ “цагдааг өдөж байгаад өөрөө алуулах хүсэлтэй байсан” хэмээн тайлбарласан байдаг. Хэдэн сарын дараа Мусаг сулласан боловч цагдаа нар түүнийг байнга хянаж байжээ.
Эхлээд бүх зүйл хэвийн, ямар нэг анхаарал татах зүйлгүй байсан боловч 2019 оны 1-р сараас сошиал сүлжээнд нь янз бүрийн хүчирхийлэлд урин дуудсан постууд тавигдаж, хутга хэрэглэх бэлтгэл сургуулилалтад ч их анхаардаг болжээ. Муса шувуу зардаг дэлгүүрт ажилладаг байсныг цагдаа нар ашиглаж өөрийн хүмүүсийг түүний ойрын хүрээлэлд оруулж амжсан байна.
Нэг цагдаа нь хэт даврагч үзэлт лалын шашинтан дүрээр Мусатай байнга харьцаж, жихадын тухай, буруу номтнуудыг хэрхэн устгах талаар олон удаа ярилцсаар удалгүй түүний итгэлт хүний нэг болжээ. Нэг удаа Муса “Букингемийн ордны ойролцоо цагдаа нар луу дайрахдаа ер бусын тайван байсан тухайгаа, Австралид болсон үндсэрхэг үзэлтний хийсэн террорист халдлагын тухай сонсоод их баярласан, 52 мусульман хүнийг буудаж алсан тэр хүн нь Аллахын дайчдыг улам бүр хурцалж өгсөн гэж боддог” талаараа түүнд ярьжээ. Дараа нь Муса тэрхүү цагдаад өөрийн хийх гэж байгаа үйлдлийнхээ тухай олон нууцаа дэлгэсэн бөгөөд хагас жилийн дараа түүнийг эгчтэй нь (эмэгтэй дүүтэй нь) хамтад нь баривчилсан юм. Тухайн үед хийсэн нэгжилтээр түүний цуглуулсан хүйтэн зэвсэг, бэлтгэлийн ул мөр болох хэрчигдэж зүсэгдсэн олон тооны хувцас олджээ.
Шүүгдэгчийн тэмдэглэлээс харахад олон хүний амь насанд халдах гэж байсан энэ хүн чухам юу боддог, мөрөөддөг талаар нэлээдгүй зүйл тодорхой болсон юм. Энэхүү тэмдэглэлийн нэг хэсэг нь “ариун үйлээ хийж гүйцэтгээд” тэнгэрт очсон хойноо юу хийх тухай төлөвлөгөө байлаа.
- Юуны өмнө амиа золиослогчид олгох ёстой ордноо шалгах тухай
- Дараа нь тэнгэрийн 72 гоо охидоос 2-3 сонгож эхнэр болгож авах
- Ордноо гоёж чимэх
- Дөрөв, тавдугаар зүйлд гэр бүл найз нөхөдтэйгөө уулзах
- Явж явж 6-р зүйл нь л номч багштай уулзах тухай байв.
- Харин Аллахтай энэ бүхний дараа уулзах байж
- Дараа нь захаар явах
- 9-р зүйл нь бас л эмэгтэйчүүдтэй жарган цэнгэх
- Гэхдээ баатар эр нь дан эмэгтэйчүүд бодолгүй дараагийн алдар гавьяат үйлдлийнхээ тухай бас бодох юм байж
- Дахиад л охид бүсгүйчүүдтэй хэрхэн цэнгэх тухай
- 12-р зүйл... Энэ хүрээд Чударигийн уран сэтгэмж дууссан бололтой хоосон байжээ
Гэхдээ энэ “сонирхолтой” жагсаалтыг хийсэн эзэн нь удаан бодож цэгцэлж байсан бололтой энд тэнд янз бүрийн засвар хийсэн байсныг заавал хэлэх хэрэгтэй болов уу.
ВВС-ийн мэдээлснээр бол Мохисуннатын өмгөөлөгч нь энэ хүнийг “ямар өрөвдмөөр, жижигхэн хүн болох тухай, өөрийгөө бусдын анхааралд өртүүлэх гэж оролдож ядсан зовсон амьтан” болгож хамгаалах тактиктай байгаа гэнэ. Гэсэн ч цагдаа нар хангалттай нотлох баримт цуглуулсан ба үүний дотор Муса нь “тун удахгүй дайралтаа эхэлнэ” хэмээн эгчдээ хэлж байсан баримтууд байгаа юм.
Иймэрхүү хүмүүсийн сэтгэлгээ гэж хэчнээн хачирхалтай байдгийг хараад айдас хүрэх шиг. Цагдаа болон өмгөөлөгч нарын хэлж байгаа үгс аль аль нь үнэн бөгөөд аймшигтай явдал хийхээр бэлтгэж байсан Чударигийн ертөнцийг үзэх үзэл нь хэт болхи гэхэд ч багадах байх. Тэрээр Исламыг дэндүү хялбарчлан ойлгож, буруу зөрүү тайлбарлах ба иймэрхүү хүмүүс өөрсдийгөө бурхны сургаалыг гүн гүнзгий ойлгодог гэж үздэг явдал аль ч шашин шүтэгчдийн дунд байдаг нь харамсалтай.