31 настай Ниу Сянфэнг хэмээх Хятад залуу нэлээд түрэмгий байдлаар заяаны ханиа хайснаар нутагтаа маш алдартай болжээ. Тэрээр 2013 оноос "заяаны ханиа хайж байна" гэсэн бичигтэй самбар барин Бээжингийн гудамжаар явж эхэлсэн байна. Тэр үед Сянфэнгийн аав нь хорт хавдраар нас барсан байсан бөгөөд залуу хайртай хүнээ олж, гэр бүл зохиохоор шийдсэн нь энэ аж.
Удалгүй Сянфэнг гудамжаар баннер барьж алхахаа болиод болзооны сайтуудад бүртгүүлж, цахим сүлжээнд эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох гэж оролдохоос гадна гудамжинд тааралдсан нэгнийг нь найз залуутай юу гээд шуудхан асуучихдаг гэнэ. Бүх л зүйлээ дайчилж, чамгүй их хичээл зүтгэл гаргасан ч Сянфэнг байнга татгалзсан хариу авдаг байна. Хайр дурлалын асуудалд үргэлж бүтэлгүйтэх нь өөртөө итгэлгүй байдлаас шалтгаалдаг гэж олон хүмүүс үздэг ч Сянфэнг арай өөр бодолтой байгаа аж.
Сянфэнгийн үзэж байгаагаар охид бүсгүйчүүд өндөр, царайлаг залууст дуртай, харин өөрөө намхан царай муутай учир тэдэнд таалагдахгүй байгаа гэнэ. Өөр нэг асуудал нь мөнгө. Эмэгтэйчүүд өндөр цалинтай, том байртай баян залууд дуртай, харин Сянфэнгэд энэ бүхэн байхгүй нь гол шалтгаан гэж тэрээр дүгнэжээ.
31 настай, дээд боловсрол эзэмшсэн тэрээр сүүлийн 8 жил хугацаанд 80 мянган бүсгүйчүүдээс татгалзсан хариу авсан байна. Үүний 60 мянгыг интернетийн оролдлогоос, 20 мянгыг гудамжинд тааралдсан эмэгтэйчүүдээс сонссон байна.