Маргарет гүнжийн амьдрал давгүй байдалтайгаар эхэлсэн. Тэрээр Георг VI болон Елизавета Боуз-Лайоны гэр бүлд төрсөн бөгөөд тухайн үед тэд хаан суудлыг эзлээгүй байсан ч тансаг амьдралтай байжээ. Тиймээс ч бүсгүй хүссэн зүйлээ авч, Елизавета эгчтэйгээ сайхан харилцаатай байсан юм. Гэхдээ тэр тун удахгүй бүх зүйл орвонгоороо эргэн гэж төсөөлөөгүй байсан биз.
1936 оны 11-р сарын 16-нд Эдуард VIII хаан өмнөх эхнэр Уоллис Симпсонтай гэрлэхийн тулд хаан ширээнээс татгалзсан байна. Ингээд Маргаретын эцэг Георг хаан ширээг залгамжилж, харин тэр хаан ширээг залгамжлах хоёр дахь хүн болж байжээ. Харин түүнийг эгч Лилибет (Елизавета хатан хааны гэрийн нэр) нэгдүгээр өв залгамжлагч болж байсан юм.
Охид хүүхэд байхаасаа эхлэн зан араншингийн хувьд багаасаа ялгарч байсан аж. Елизавета төлөв даруу зан ааштай, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэж, улс орныхоо уламжлалыг судлаж, ёс зүйг гайхалтай баримталдаг байсан юм. Харин Маргарет тэс өөр хүүхэд байсан бөгөөд ард иргэд түүнийг “ тэрслэгч” хэмээн нэрлэдэг байжээ. Гэсэн хэдий ч эцэг эх нь хоёр охиноо яг ижил хайрладаг байсан юм.
Гэхдээ Елизаветаг ирээдүйн хатан хаан мэтээр хүмүүлж байжээ. Ингээд Маргарет бүхий л амьдралынхаа туршид эгчийнхээ хяналтан дор байж, хууль дүрмийг сахих ёстой болохыгоо ойлгож байсан аж.
Елизавета (зүүн) болон Маргарет (баруун), 1946 он
Цаг хугацаа өнгөрөх тусам эгч дүүс өсөж илүү эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй болсоор л. Ялангуяа Маргарет насанд хүрснийхээ дараа үзэсгэлэнтэй бүсгүй болжээ. Төрөл бүрийн загварын сэтгүүлүүд Маргаретыг сэтгүүлийнхээ нүүрийг чимэглэх санал тавьж байсан бол сэтгүүлчид түүнийг Холливудын хамгийн үзэсгэлэнтэй одуудтай харьцуулж байсан юм.
Гэвч Маргарет маш ихээр ганцаарддаг байсан гэнэ. 1952 онд бүсгүйн аав нас барж, эгч нь Их Британийн хатан хаан болсноор Маргарет сэтгэл санааны гүн хямралд орж, олон сарын дараа энэ байдлаас гарч чадсан байна.
Маргарет үл таних хүнийн тусламжтайгаар сэтгэлийн шаналалаа эдгээж чадсан байна. Тухайн үед бүсгүй хатан хааны цэргийн албаны залуу ахмад Питер Таунсендтэй хайр сэтгэлийн холбоотой болсон байжээ. Ингээд хосууд гэрлэхээр шийдтэл Маргарет дахин нэг асуудалтай тулгарсан байна.
Маргарет болон Питер Таунсенд
Хатан хааны гэр бүлийнхэн энэхүү гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан гэнэ. Энэхүү эсэргүүцлийн гол шалтгаан нь Таунсенд өмнө нь эхнэртэй байсан учир гүнжтэй гэрлэх боломжгүй байжээ. Хэдийгээр хатан хааны гэр бүл үүний эсрэг байсан ч хосуудын хайр сэтгэлийн харилцаа улам бэхжиж байсан бөгөөд Маргарет хайртай залуугаасаа татгалзах бодолгүй байгаа гэнэ. Удалгүй Таунсендийг Бельги рүү 2 жилийн алба хаахаар явуулсан байна. Мэдээж, хатан хаан Елизавета энэ үйл ажиллагаанд гар бие оролцсон.
Хатан хааны гэр бүлийнхэн 2 жилийн хугацаанд Маргаретийг хайртай залуугаа мартах болов уу гэж найдаж байжээ. Гэвч бүсгүй хайртай залуугааа үнэнчээр хүлээж, түүнтэй гэрлэх бодолтой байсан гэнэ. Ингээд бүсгүйд хоёр сонголт гарч ирсэн байна. Нэгдүгээрт, хайртай залуутайгаа гэрлэж хатан хааны гэр бүлийн эрх мэдлээс татгалзах, эсвэл ирээдүйн өв залгамжлагч болж Таунсендээс салах.
Маргарет гэр бүлийнхнийгээ ятгаж чадсан ч сүмийнхэн энэ гэрлэлтийг эрс эсэргүүцсэн байна. Гүнж хүндхэн сонголт хийхээс өөр аргагүй болсон бөгөөд олон нийтийн өмнө ахмадаас салж, улс орны өмнө хүлээсэн үүргээ хүлээнэ гэж тайлбарлажээ.
Үүнээс хойш бүсгүйн амьдрал уруудаж эхэлсэн байна. Гүнж, үдэш бүрийг Лондонгийн томоохон клуб, үдэшлэгт өнгөрүүлж, их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж, рокерүүдтэй харилцаж эхэлсэн аж. Хэдийгээр бүсгүй хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс хэтэрдэггүй байсан ч тун удахгүй бүсгүйн энэхүү дуулиантай амьдралын талаар дэлхий даяар ярьж эхэлсэн байна.
Хэдэн жилийн дараа Маргарет түүний хайртай залуу өөртэй нь усны дусал мэт ижил бүсгүйтэй гэрлэж байгаа талаар мэджээ. Ингээд бухимдсан бүсгүй өөрөө гэрлэхээр шийдсэн байна. Тэрээр өөрийн танил гэрэл зурагчин Энтони Армстронг-Жонстой гэрлэхээр болсон гэнэ. Гэвч энэ удаад ч гэсэн асуудал бүсгүйг тойрон гарсангүй. Учир нь хатан хааны гэр бүлийнхэн сүүлийн 450 жилийн турш энгийн хүнтэй гэрлээгүй байсан аж.
Питер Таунсенд хоёр дахь эхнэр Мари-Люсигийн хамтаар, 1960 он
Ээлжит эсэргүүцлийг хосууд үл тоож, гайхалтай тансаг хурим хийсэн байна. Энэхүү хуримын ёслолыг зурагтаар хүртэл гаргажээ. Гэхдээ тэдний гэрлэлтийг аз жаргалтай гэж хэлэхэд хэцүү. Маргарет болон Энтони нар тогтмол хэрэлдэж байсан бөгөөд тэдний зан ааш нь маш өөр учир нэг гэрт амьдрах гэдэг үнэхээр боломжгүй байсан гэнэ. Тэд хоёр хүүхэдтэй болсон ч энэ нь нөхцөл байдлыг авраагүй юм. 18 жилийн дараа хосууд салахаар шийдсэн байна.
Хатан хааны гэр бүлд салалтыг хүлээн зөвшөөрдөггүй учир Маргарет дахин олон нийтийн шүүмжлэлийн бай болжээ. Ингээд бүсгүй согтууруулах ундаа болон тамхийг их хэмжээгээр хэрэглэх болсон байна. Үүнээс гадна сэтгүүлчид түүнийг баронет Родди Ллевеллинтэй хайр сэтгэлийн холбоотой байсан учир нөхрөөсөө салсан гэж бичиж эхэлжээ.
1990 онд Маргарет өөрийн насан туршийн хайр Питертэйгээ аарсан байна. Энэ нь хатан хаан Елизаветагийн гэрт оройн хоол идэж байх үед тохиолджээ. Гүнж Таунсендийг хараад түүнийг огтхон ч өөрчлөгдөөгүй болохыг анзаарсан байна.
1980 оноос эхлэн Маргарет эрүүл мэндийн асуудалтай болсон аж. Учир нь тэрээр өдөрт 60 ширхэг тамхи татаж байсан гэнэ.
Бүсгүйн эргэн тойронд маш олон үнэн, худал яриа явж байсан ч нийгэмд эзлэх байр суурь, мөнгө, эрх мэдэл хүнийг аз жаргалтай болгож чаддаггүйг та дээрх түүхээс мэдсэн болов уу.
Маргарет хэдийгээр өвөрмөц, хүнд хэцүү амьдралыг туулсан ч 71 насандаа цус харваж нас барсан байна. Хатан хаан Елизавета дүүгийнхээ араас маш их харуусаж, эмгэнэл илэрхийлсэн. 2005 онд гүнжийн талаар «Princess Margaret: A Love Story» хэмээх баримтат киног бүтээжээ.
Маргаретын тухай баримтад кино