Кубын удирдагч Фидель Кастрог хөнөөх гээд бүтэлгүйтсэн хамгийн хачирхалтай оролдлогууд

2020-02-21, 17:01
4,558

Кубын удирдагч Фидель Кастрогийн амь насыг хороох гэсэн 637 удаагийн оролдлого хийсэн гэдэг яриа бий. Эдгээр оролдлогууд бүгд бүтэлгүйтэж, тэрбээр ойр дотнынхон, найз нөхдийнхөө хүрээлэл дунд байсаар насны эцэслэсэн билээ. Кастро нь Америкийн хэд хэдэн ерөнхийлөгчөөс илүү урт насалж, олон янзын өвчин зовлонг давж байсан хүн юм. Ингээд түүний амийг хорлох гэсэн гэсэн тусгай албадын хэд хэдэн оролдлогын тухай сонирхуулъя.

Кубын удирдагч Фидель Кастрог хөнөөх гээд бүтэлгүйтсэн хамгийн хачирхалтай оролдлогууд

Түүнийг хорлох гэсэн оролдлогуудын тухай ярихын өмнө иймэрхүү янз бүрийн санааг анх гаргаж хэрэгжүүлэх гэж хичээж байсан хүний тухай цөөхөн үг хэлэх хэрэгтэй болов уу. АНУ-ын стратегийн албаны офицер Эдвард Лансдейл нь Кубын улс төрийн системийг эдийн засгийн болон цэргийн хүч, Кастрогийн амийг хорлох зэрэг олон янзын аргаар өөрчлөх зорилготой Мангус хэмээх ажиллагааг зохион байгуулж байсан хүн юм.

Лансдейл нь ер бусын шаргуу, өвөрмөц сэтгэлгээтэй хүн байсан бөгөөд Кубын удирдагчид тохиолдсон олон сонин адал явдал гэмээр зүйл нь чухам энэ хүнтэй холбоотой. Америкийн энэ тагнуулчийн хийх гэсэн аллагын элдэв арга нь заримдаа инээд хүрмээр гэнэн мэт боловч үнэндээ энэ нь асар их хөрөнгө, хэдэн арав, магадгүй хэдэн зуун хүний маш их хүч, цаг зав зарцуулсан том ажиллагаа байсан билээ.

 

1 Хордуулагч бүсгүй

Анхны оролдлогыг Америкчууд хийхдээ сонгодог арга болох эмэгтэй хүнийг ашигласан байна. Үүний тулд ТТГ нь урьд өмнө Кубын удирдагчтай янаг амрагийн холбоотой байсан Мариту Лоренц хэмээх сайхан бүсгүйгээр дамжуулан Кастрогийн хоолонд хор хийх гэж оролдсон үе бол 1960 он байлаа.  Лоренцийг Кастротай уулзуулах ажил амжилттай болсон ба Кастро хуучин амраг бүсгүйтэйгээ цуг хооллох боломж гарсанд баяртай байсан гэдэг.

Унтлагын өрөөнд орсон хойноо Марита нь нүүрний тосны саванд хийсэн хороо гаргаж үзтэл тэр нь өнгөө алдаж хордуулах чадваргүй болсныг мэдэн сандарч байх хооронд нь Кастро араас нь ирж юу хийх гэж байгааг нь ойлгосон байна.

Бүсгүй ч хашхирч орилон янз бүр болж байгаад сүүлдээ Кастрод хайртай дуртай байдаг тухайгаа ярин тайвширснаар хамаг хэрэг дууссан байна. Энэ явдлын дараа бүсгүйг Кубаас  даруй хөөн гаргаснаар тусгаар улсын удирдагчийн амийг хорлох гэсэн оролдлого нь ямарваа нэг хүний амь хохирсон зүйлгүй өнгөрчээ.

Хордуулагч бүсгүй

2 Өвөрмөц дун, хясаа

Тусгай албад төдийгүй аз хийморь нь дэмжин тэтгэх Кастрог хороохоор Лансдейл ихээхэн өвөрмөц арга хэрэглэхээр шийджээ.  Кубын удирдагч усанд шумбах их хорхойтой хүн гэдгийг ТТГ сайн мэдэх учир шумбаж байх үед нь дэлбэлж алах төлөвлөгөө гаргасан байна.

Түүний шумбах дуртай газрын усны ёроол, усны амьтдыг нь хүртэл судалж үзээд маш сайхан гадаад төрх бүхий дунгийн хальсанд тэслэх бодис хийж, "Кастро энэ ер бусын дун, хясааг хараад барьж үзэх гэж ойртох ёстой" хэмээн тооцоолоод тэр үед нь усны ёроолд нууцаар байдлыг хянаж байгаа шумбагч онгоцноос тэслэх дохио өгөх ёстой байв. Гэтэл энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх гэтэл тэгэж хүний сонирхол татах дун хясаа бараг үгүй, байсан ч хэтэрхий жижиг учир хүний амь хохироох хэмжээний тэслэх бодис хийх боломжгүй зэргээс шалтгаалан уг төлөвлөгөөг зогсоосон байна.    

Өвөрмөц дун, хясаа

3 Хортой навчин тамхи

1960 онд дахин нэг оролдлого хийсэн бөгөөд Кастрогийн хувьд цэвэр азтай тохиолдлоор энэ халдлагаас амьд үлдэж чадсан юм. 1975 онд ил болсон ТТГ-ийн бичиг баримтад 1960 онд Фиделийг хорлохын тулд түүний дуртай Cohiba хэмээх тамхинд боутилин хэмээх бодис шингээсэн ба уг тамхийг амандаа нэг удаа зуухад л хүнийг үхүүлэх чадалтай байж.   

Кубын тусгай албаны удирдагч Фабиана Эскалантегийн дурсамжид бичсэнээр Кастро НҮБ-ийн чуулганд оролцох үеэр түүний ширээн дээр хайрцаг Cohiba тамхи гэнэт гарч ирсэн бөгөөд чухам хэн үүнийг тэр ширээн дээр тавьсныг тогтоож чадаагүй байна.

Хортой навчин тамхи

4 Винтовтой “Лазар”

Кубын удирдагчид олон дайсан байсны нэг нь дарангуйлагч Батистагийн  үед төрийн өндөр алба хашиж байсан хүний хүү Феликс Родригес байв. 17 насандаа Кубаас зугтаж гарсан энэ эр ТТГ-ийнхний хараад өртөж Фиделийн амь насыг хороох ажилд оролцох болжээ.

Гахайн буланд (1961 оны 4-р сарын 14-19) халдан орох ажиллагаа явагдахын өмнө Феликс нь өөрийн отрядтайгаа Кубад нууцаар ирж бослого хөдөлгөөн гарахад туслах ёстой байсан боловч олон хоног уул хадаар явж ядарч туйлдсан эр гэв гэнэт мэргэн буудагчийн винтов аван Кастрог буудаж алан энэ зовлонт тусгай ажиллагааг дуусгахаар шийджээ.

Харин Феликсийн хамтрагч нар бүгд л энэ гавьяат үйлсэд оролцоно гэж зүтгэсэн ч халдлага бүтэлгүйтэж ихэнх нь алуулсан байна. Родригес харин амьд үлдэн мултарч чадсан бөгөөд Америкт эргэн ирсний дараа түүний азтай амьд үлдсэнтэй нь холбож Лазар хэмээх хоч хайрласан гэдэг. (лазар - бурхан тусалсан гэсэн утгатай нэр)

Винтовтой “Лазар”

5 Усанд шумбах хувцас

Кастрогийн усанд шумбах сонирхол Лансдейлийг амар тайван байлгахгүй байсан бололтой дахин нэг усан доорх халдлага хийхээр шийджээ.

1961 онд Америкийн хуульч Жеймс Донован нь Кубын удирдагчтай яриа хэлцэл хийснээр Кубын шоронд байсан, Гахайн булангийн үйл ажиллагааны үед баригдсан 1113 хүнийг суллуулах тохиролцоонд хүрч үүнийхээ төлөө АНУ нь Кубад 53 сая долларын тусламж үзүүлэхээр болсон байна.

Энэ үеэр Донован нь Кастрод усанд шумбах зориулалттай хувцас бэлэглэх байсан ба тэрээр уг  хувцсанд ТТГ нь хүний амьсгалын замыг хордуулах, янз бүрийн аюултай өвчинд халдаах хоёр ч төрлийн бактери “шингээсэн” байх болно гэдгийг мэдэж байлаа.

Гэсэн ч мөн л бүтэлгүй болсон ба ТТГ нь вирусийг хувцсанд “шингээх” гэж хэт удсан учир цагтаа амжихгүй болж Донован нь амласан ёсоороо энгийн шумбах хувцас бэлэглэхээс өөр аргагүй болжээ. Харин Кастро энэ бэлгэнд хүүхэд шиг баярласан гэдэг.

Усанд шумбах хувцас

6 Хортой үзэг

1963 онд Кубын удирдагчийн дүү Рауль Кастротой хамтран ажилладаг байсан Роланда Кубела нь ТТГ-тэй холбогдож Кастротой хувийн тооцоотой гэдгээ хэсэн байна. Тэрээр Кубын удирдагчтай ойрын харилцаатай төдийгүй бүр далайн эрэг дээрх байшин нь Кубын удирдагчийн байртай зэргэлдээ байдаг зэргээр Кастрог алах бүрэн боломжтой гэж итгүүлжээ.

Лансдейлийн баг үүнийг ашиглах гэж тусгай хортой тариа бүхий үзэг бэлдсэн бөгөөд уг тариурын зүү нь маш жижигхэн учир хүн гараараа тэмтэрч үзээд ч мэдэгдэхгүй хэмжээтэй байв. Ингээд уг тариа-үзгийг хэрхэн хэрэглэх аргыг Кубелад зааж байх үед утас дуугарсан нь АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедиг Далласт байх үед нь буудаж алсан явдлыг мэдэгдэх, аливаа нууц ажиллагаа болгоныг түр зогсоох тушаал бүхий  дуудлага байсан гэдэг. Ийм байдлаар хортой үзэг нь Кастрог алах ихээхэн боломжтой урвагчийн гарт ороогүй байна.

Хортой үзэг

7 Мафи

2007 онд ил болсон материалаас үзэхэд зөвхөн Лансдейл төдийгүй өөр олон буурьтай байгууллага, хүмүүс нь  Фидель Кастрогийн амь насанд халдахаар бэлдэж төлөвлөж байжээ. Тэдний нэг нь дэлхий дахины коммунист хөдөлгөөний эсрэг тэмцэгч алдарт Аллен Даллес байв.

Даллес нь ТТГ энэ ажлыг биелүүлж чадахгүй юм бол хүн алахыг өөрийн ажил мэргэжил болгосон хүмүүст хариуцуулах нь зүйтэй гэж үзэн Роберт Мэхью хэмээх ажилтнаараа дамжуулан Чикагогийн мафитай холбоо тогтоожээ. “Олон улсын компанийн” төлөөлөгч гэх Роберт нь 150 000 долларыг Кастрогийн амь насыг хороох захиалга болгон өгсөн бөгөөд Кастрог алж л байвал ямар аргаар хороох нь түүнд хамаагүй гэж хэлсэн байна.

Кастро засгийн эрхэнд гарснаар уг мафи нь Куба дахь олон казино, эмсийн хүрээлэн зэрэг ашиг орлоготой цэнгээний газраа алдсан учир тэдэнд бас Кубын удирдагчийг хороох хүсэл сонирхол байсан гэдэг. Мафийнхан Кубын төр засагт ажиллаж байгаад огцорсон нэгэн түшмэлийг олж түүгээр дамжуулан Кастрогийн хоолонд хийх 6 төрлийн хор бэлджээ.

Хор өгөх ёстой хүн нь гэнэт үүргээ биелүүлэхээс татгалзсан ба Кастрог хэтэрхий сайн хамгаалж байгаа учир ойртож чадахгүй нь гэсэн шалтгаан хэлсэн байна. Мафийнханд дахиж оролдлого хийх боломж гарч амжилгүй Гахайн булангийн будлиан эхэлжээ. Хэсэг хугацааны дараа буюу 1963 онд Даллес нь эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг ашиглан Кастрог хороох төлөвлөгөөгөө дахин сэргээлээ.

Мөн л Кастрод дургүй Кубын түшмэлийг олж аван урьд бэлдсэн хороо өгөхөөр болсон боловч яг хор дамжуулах үед өнөөх хүн нь ихээхэн хэмжээний сум бүхий буу өгөхийг нэмж шаардсан байна. Хүссэн буу хороо авсан түшмэл нь хаашаа ч юм зүгээр л таг чиг алга болж тусгай албадыг гайхшруулж, мафийг хамраар нь газар хатгуулаад хамаг хэрэг дууссан гэдэг.

Мафи

8 Зурагтаар гарах элийрэл

Америкийн тусгай албад Кастрог ард түмнийх нь дунд нэр нүүргүй болгох оролдлого хийж байсны нэг нь ТТГ нь LSD-тэй адил төрлийн хар тамхи бэлдэж түүнийгээ Кастрогийн ард түмэнд хандаж үг хэлэх ёстой радиогийн байранд цацах төлөвлөгөө байлаа.

Кастро нь төрөлхийн илтгэгч байсан бөгөөд хэдэн цагийн турш олны өмнө ярьж чаддаг гэдгээрээ алдартай хүн. Тэрээр 1986 онд болсон Кубын КН-ын их хуралд 7 цаг 10 минут үг хэлсэн бөгөөд НҮБ-д тавьсан илтгэл нь 4 цаг үргэлжилсэн (НҮБ-ын түхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн) зэрэг түүх бий.

ТТГ-ийн тооцож байснаар энэ хар тамхины нунтгаар амьсгалсан Кастро нь янз бүрийн дэмий балай юм ярьж, элийрч эхлэх ёстой байв. Ингэснээр тэрээр ард түмнийхээ дунд олсон нэр хүндээ нэг мөсөн алдах ёстой байсан боловч хар тамхи бэлдэх ёстой хэлтсийнхэн энэ ажиллагаанд тохирох хар тамхи гаргаж амжаагүй байна.

Зурагтаар гарах элийрэл

9 Хамрын алчуур

1960 онд Кастогийн амь насанд халдах гэсэн хамгийн олон халдлага гарсан билээ. Фиделийг авсанд оруулах ёстой байсан бас нэг оролдлого нь хамрын алчууртай холбоотой бөгөөд энэ алчуурт аюулт бактерийг шингээсэн байж. Кубын удирдагч олны өмнө үг хэлж байхад юм уу ажлын өрөөндөө байх үед энэ алчуурыг өмнө нь тавьж мань эр алчуур хэрэглээд тун удалгүй үхэх байв.

Тэрхүү алчуурыг Кастрогийн өмнө аваачиж тавих гэсэн оролдлого байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд байсан байлаа ч амжилтад хүрээгүй нь одоо ойлгомжтой юм. Нэмэн хэлэхэд яг энэ аргыг Иракийн ерөнхий сайд Абдел Керим Касемд хэрэглэх гэж гоё сайхан хээ хуартай алчуур шуудангаар явуулсан боловч зохих эзэндээ хүрэлгүй замдаа алга болсон гэдэг билээ.

Хамрын алчуур

10 Тэсрэх бодистой тамхи

ТТГ нь Кастрог хорлох гэж тамхинд тэслэх бодис бодис хийж 1962 оны НҮБ-ийн индэр дээр Кастрог үг хэлэх үед нь  өмнө нь тавих төлөвлөгөөтэй байжээ. Гэсэн ч энэ тамхи Кастрогийн өмнө гарч ирсэнгүй. 1963 онд энэ тэнэг гэмээр оролдлогын тухай дэлхий нийтэд ил болсон ба MAD хэмээх сэтгүүлд энэ тухай хошин зураг нийтэлсэн байна. Харин ТТГ нь ийм ажиллагаа явуулсан нь зарим талаар үнэн боловч зөвхөн өөр бусад чухал үйл ажиллагааг халхлах гэж, зориудаар худал цуу тараасан гэж мэдэгдсэн байдаг.

Кастрог алах гэсэн өөр бусад олон ажиллагаа явагдсан бөгөөд зарим жишээ дурдвал: гуталд хийсэн хор, боутилинтай сүү, үг хэлэх индэрт тавьсан бөмбөг гээд цаашид үргэлжлэх болно. Ямар ч байсан ТТГ нь Кастрог алах гэж оролдоод бүтээгүй бол Фидель нь улс төрийн аллагын хохирогч болоогүй гэдэг нь одоо тодорхой билээ.

Тэсрэх бодистой тамхи

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()