Эртний Хятадын түүхийн сурвалж бичигт хүнийг мөнх наслуулах ид шидтэй зүйлийн тухай их бичсэн байдаг. Харамсалтай нь ийм зүйлийг хийх гэсэн оролдлого болгон нь амжилтгүй болж байсан бололтой.
Манай эриний өмнөх 202 оноос манай эриний 8 он хүртэл оршин байсан Баруун Хан гүрний нэгэн язгууртны бунхнаас олдсон хүрэл сав дотор 3.5 литр орчим үл мэдэгдэх шингэн байлаа.
Лоян хотын ойролцоогоос олсон энэ сав нь Хятадын археологийн түүхэнд ийм зүйлийг олж байгаа анхны тохиолдол болсон юм. Мэргэжилтнүүд тус шингэний тусламжтайгаар эртний Хятадууд хэрхэн мөнх амьдрах гэж оролдож байсан тухай олон зүйлийг мэдэж авах болно гэж таамаглаж байна.
Археологичид эхлээд энэ савтай шингэнийг ямар нэг эртний архи дарс гэж ойлгож байсан ба савыг задлах үед спиртийн үнэр мэт зүйл ханхалж байсан гэдэг.
Үл мэдэгдэх шингэн бүхий савнаас гадна янз бүрийн шавар, шаазан сав суулга, хүрэл эдлэл хэрэглэл, мөн язгууртны шарилын үлдэгдлийг тус нь 210 кв. м талбайтай бунхнаас олжээ.
Лабораторийн шинжилгээгээр тухайн шингэн нь калийн нитрат болон алунита хэмээх хоргүй, орчин цагт бордоо болон пуужингийн хөдөлгүүрийн шатахуунд ашиглах бодис агуулж байгааг тогтоосон байна.
Эртний Хятадын эзэн хаад, ордныхон мөнх наслахын тулд янз бүрийн хортой бодис ууж байсан тохиолдол Хятадын түүхэнд маш их байдаг. Хятадын анхны эзэн хаан Цин Ши Хуанди нь хүнийг мөнх наслуулах чадалтай нэгэн шингэн агуулсан алсын арал байдаг гэдгийг сонсоод бүхэл бүтэн баг зохион байгуулан явуулж байсан түүх бий.
Хүн мөнхийн залуу, эрүүл байх гэсэн хүсэл тэмцэл нь хүн төрөлхтний түүхийн бүх л цаг үед байсан үзэгдэл. Одоо хүртэл хүнийг үхэшгүй мөнхийн болгох зүйлийг хайж, хийх гэсэн хүмүүс байсаар байгаа билээ. Магадгүй тэдний энэ хайж байгаа зүйлийн нууц саяхан Хятадад олдсон энэ саван дотор байж ч болох юм. Гэхдээ энэ нь тус булшны эзэнд лав тус болоогүй бололтой.