Гүнгийн авхай Элизабет Баторийг энэ талаар тайлбар хийхийг олон хүмүүс хүлээж байв. Батори нь Унгарын нэр нөлөө бүхий гэр бүл болох Барон Георг Батори, Анна Батори нарын үр удам бөгөөд Csejte шилтгээний эзэмшигч байлаа. Тэрээр Унгарын дайны баатар Френк Надаститай гэрлэх үеэрээ хуримын бэлэг болгон уг шилтгээнийг авч байсан юм.
1578 онд Надасти Унгарын армийн командлагчаар томилогдож, Оттоманы эзэнт гүрний эсрэг тулалдаж явах үеэрээ амь үрэгдэн, асар уудам эзэмшил газар, нутгийн иргэдийг захирах эрх мэдлийг эхнэртээ үлдээн тэнгэрт хальжээ. Энэ мөчөөс хойш Батори зарц шивэгчдээ тамалдаг гэсэн яриа тархаж эхэлсэн байна. Баторийн эр нөхөр амь үрэгдсэний дараа буюу 1604 онд энэхүү цуу яриа улам тархсан байдаг.
Гэрчүүдийн мэдээлснээр Элизабет Батори тосгоны ядуу тариачин охидод цалин хөлс амлан шилтгээнд аваачиж, хороодог байжээ. Үүнээс гадна Батори шилтгээнд мэдлэг боловсрол эзэмшүүлэхээр илгээсэн язгууртны охидыг хөнөөж, шилтгээнд ганцаараа очиж зүрхлэхгүй охидыг ч хулгайлдаг байсан гэнэ.
Чинээлэг, язгууртан эмэгтэйн хувьд Батори 6 жилийн турш хуулиас мултарч явсны эцэст Унгарын хаан II Матиас түүний талаарх гомдол мэдүүлгийг мөрдүүлэхээр өөрийн өндөр хэргэм зэрэгт төлөөлөгч Георги Турзог илгээжээ. Тэрээр гүнгийн авхайн эсрэг аймшигтай хэрэг тулгаж байсан 300 гэрчийн заримаас нь нотлох баримт цуглуулсан байна.
Гэрчүүдийн мэдүүлэг болон хожим яригдаж ирсэн түүхээс харвал, Батори хохирогчдоо халуун төмрөөр түлэх, бороохойгоор амьсгал тасрах хүртэл нь зодох, хумсны завсраар зүү шигтгэх, мөстэй ус асгасны дараа гадаа гаргаж хөлдөөх, бие дээр нь зөгийн бал асгаж сүрэг зөгийгөөр хатгуулах, уруулыг нь хооронд нь оёх, нүүр хөхнийх нь арьс, махнаас тастаж авах зэргээр тамлан хөнөөдөг байжээ.
Өөр гэрчүүдийн хэлснээр Батори хохирогчдоо тамлахдаа хайч хэрэглэх дуртай байсан гэнэ. Хайчаар тэдний гар, хамар, бэлэг эрхтнийг нь тасалдаг байжээ. Түүний хамгийн дуртай зугаагаа гаргадаг арга нь охидын хурууны хоорондын арьсыг хайчилдаг байсан гэнэ. Эдгээр аймшигтай түүхүүдээс гадна Элизабет Баториг тодорхойлох илбийн гэмээр аймшигтай түүхүүд өдгөө ам дамжсаар домог болон иржээ.
Турзогийн мөрдлөгийн үеэр хүмүүс түүнийг хүний махаар хооллодог, мөн чөтгөртэй нөхцдөг хэмээн хэлж байсан гэнэ. Эдгээрээс Цуст Гүнгийн Авхай хэмээх нэрийг бий болгосон хамгийн алдартай буруутгал нь, түүнийг залуу насаа хадгалан үлдэхийн тулд онгон охидын цусаар биеэ угаадаг хэмээжээ. Гэрчүүдийн мэдүүлгийг сонссоны дараа Турзо Баториг 80 охидын аллагын хэргээр ялласан байна. Өөр нэгэн гэрч Баторигийн хохирогчдынхоо нэрсийг жагсаасан тэмдэглэлийн дэвтрийг харсан хэмээн баталдаг бөгөөд үүн дээр 650 нэрс байсан хэмээдэг. Гэвч уг тэмдэглэлийн дэвтэр олдоогүй ба домог хэвээр үлдсэн юм.
Шүүх хурал дуусч, Баторийн хүүхдүүдийн асрагч эхийг түүний хамсаатан хэмээн үзэж, хар хүчний увидас хэргэлсэн хэргээр буруутгаж, шатааж хөнөөжээ. Харин Баториг "Csejte" шилтгээнд хорьсон бөгөөд 4 жилийн дараа буюу 1614 онд амьсгал хураасан байна. Гэвч Баторийн хэрэг баттай биш хэмээн үздэг ба Унгарын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар түүний эд хөрөнгөнд шунасан этгээдүүд энэхүү цуу яриаг тараасан хэмээн үздэг байна. II Матиас хаан Баторийн эр нөхөрт өртэй байсан ба Баторид ч мөн их хэмжээний өртэй байжээ. Матиас их хэмжээний өрөө төлөхөөс зайлсхийхийн тулд гүнгийн авхайг хэрэгтэн болгож, шүүх хурал дээр өөрийгөө хамгаалах боломж олгоогүй хэмээн зарим түүхчид үздэг байна.
Мөн гэрчүүд дарамт шахалтан дор, хоорондоо зөрчилдөх гэрчийн мэдүүлэг өгч, Баторийн гэр бүл шүүх хуралд түүнийг өмгөөлөхөөс өмнө хаан цаазаар авах ял оноосон хэмээн түүхчид үздэг ажээ. Улс төрийн ашиг хонжоо эрэлхийлсэн хааны хувьд Баторийн үхэл газар нутгийг нь өөрийн мэдэлд оруулах боломж болох юм.
Зарим түүхчдийн үзэж байгаагаар түүний жинхэнэ түүхийг өгүүлбэл, Гүнгийн авхай гэр бүлийнх нь эрх мэдлийг нэмэгдүүлсэн, стратегийн хувьд чухал ач холбогдол бүхий газрыг эзэмшиж байсан байна. Дэргэдээ эр хүнгүйгээр газар нутгаа захирч буй ухаалаг, чинээлэг эмэгтэй, хаантай өрсөлдөх хэмжээний хөрөнгө чинээтэй гэр бүлтэй учраас түүнийг шударга бус шүүхээр шүүж, амьдралыг нь сүйрүүлсэн байж болох юм.
Батори зарц шивэгчдээ шийтгэдэг байсан байж болох ч түүнд тулгасан хэрэгтэй ижил хэмжээнд байгаагүй хэмээн дүгнэж болно. Түүнд тулгасан хамгийн аймшигтай хэрэг нь, түүнийг онгон охидыг хөнөөлгөхөөр тамаас илгээсэн цус сорогч чөтгөр хэмээсэн байна. Энэ хоёр таамаглал хоёулаа сонирхолтой түүх болж болох ч, жинхэнэ үнэн хэдийн түүнтэй хамт булшлагджээ.