1
Арктикаас Англи хүртэл
Газар ухан их хэмжээний эрдэс баялаг олборлон байдаг, төмөр боловсруулах ер бусын арга технологитой, газрын дор амьдардаг хүмүүсийн тухай үлгэр домог нь оросуудаар тогтохгүй өөр бусад олон улс аймагт байдаг билээ. Польшид тэднийг улаан хүмүүс гэх бол Скандинавчууд дверги хэмээн нэрлэнэ. Мөн энэ жижигхэн хүмүүсийн тухай Финланд, Их Британи, Герман, Балтын тэнгисийн улсуудад ч янз бүрийн үлгэр байх орчин цагт тэдгээр үлгэрийн хүмүүсийг нийтэд нь одой нар хэмээн нэрлэх болжээ.
Орос домогт гарах энэ нууцлаг хүн ард нь цагаан нүдтэй, намхан нуруутай бөгөөд төмрийн дарх маш өндөр хөгжсөн, газар дороос алт баялаг гаргаж авахдаа сурамгай хүмүүс байгаад нэгэн цагт гэнэт ямарваа нэг мөр үлдээлгүй алга болсон гэдэг. Гэхдээ тэдний төмөр гарган авч байсан гэсэн домогтой хойд Урал дахь агуй, уурхай зэргийг олон зуун жилийн дараа шинжилж судлаад жижиг байшин барилга, булш бунхан олсон байна.
Энэхүү нууцлаг ард түмний тухай ненцүүдийн үлгэр домогт хамгийн тодорхой байдлаар гарах ба ненцүүд тэднийг цагаан толгойт сиртя болон сихиртя хэмээн нэрлээд тэднийг бас цагаан нүдтэй байсан гэдэг. Сиртя хэмээх нэр нь ненцүүдийн зугтах гэсэн үйл үг болох “сихирць” гэсэн үгнээс гаралтай байж болох бөгөөд бас үхсэн хүний сүнс шингэдэг гэж итгэдэг цох хорхой болох “си”-гээс гаралтай гэж тайлбарлах нь ч бий.
2
Цагаан толгойт шидтэн ба төмөрчид
Аливаа амьд амьтны биеийн хэмжээ нь амин дэмийн дутагдал, хүйтэн цаг агаартай холбоотойгоор давжаарах чиглэлээр өөрчлөгддөг гэдэг биологийн ойлголт бий. Тэгвэл ненцүүд нь Сиртя-чуудыг төмөр гоёл бүхий ганган хувцас өмсдөг жижигхэн биетэй хүмүүс байсан гэж ярих ба ненцүүдийн хувьд өндөр намын талаар бусад үндэстнүүдээс нэлээд намхан гэдгээс харахад сиртя-чуудын биеийн багцаа мэдэгдэх байх. Үлгэр домогт энэ жижиг биетэй хүмүүс нь төмрийн дарх хийх, төмөр боловсруулах талаар ихээхэн мэдлэгтэй байсан гэхээс гадна бас элдэв хараал ерөөл хийж, дайснаа үхүүлдэг ер бусын чадалтай бөө ихтэй байсан тухай их гардаг байна.
Тэд “жинхэнэ хүн” хэмээх утгатай нэр бүхий ненцүүдэд янз бүрийн маш нарийн хийцтэй төмөр эдлэл бэлэглэж байсан тухай үлгэр домогт их гардаг боловч, ан хийж загасчилж яваад ненцүүдтэй таарч, энэ нь ихээхэн цус урсгасан дайн тулаанаар дуусдаг тухай ч бас үлгэр домог их байдаг гэнэ. Иймэрхүү дайн тулааны үед жижиг хүмүүс маань эр зориг арга ухаанаас илүү гэнэт алга болдог, түүнээс дутахгүй гэнэт гарч ирдэг арга чаргаа их хэрэглэн тулалдаг байсан гэх ба ненцүүд өөрсдийгөө энэ нутгийн уугуул хүмүүс биш, тэднийг энд ирэхээс өмнө чухам сиртя-чууд тухайн нутгийн жинхэнэ эзэд байсан гэж ярьдаг байна. Ненцүүд бөөн бөөнөөрөө энэ нутагт нүүдэллэн ирж суурьшин улам олон болсноор нууцлаг ард түмэн тэднээс зугтааж газар дор орон алга болсон гэнэ.
Газрын гүн рүү зугтан орохдоо ненцүүдийн хэлдгээр “газрын буга”-ыг аван одсон гэдэг нь арслан зааныг хэлж байж болох юм. Ямалын нутаг дэвсгэрт энэ нууцлаг ард түмний тухай домогтой холбоотой олон нутаг ус байх бөгөөд Сиртя седа буюу Сиртян толгой, Сиртя яха- гол, Сиртя мя-гэр орон гэсэн нэрүүдтэй байна. Иймэрхүү газрууд ихэнхдээ нутгийн шүтээн болсон, догшин газрууд байх ба ненцүүд ийм газраас аль болох холуур явахыг хичээдэг нь тухайн газарт цагаан толгойт ард түмний хүчирхэг бөө нар амьдран байдаг гэдэг сүжиг бишрэлтэй холбоотой билээ.
3
Энэ талаарх шинжлэх ухааны үзэл баримтлал
Сиртя ард түмний ул мөрийг хайх анхны ажлыг археологич Валерий Чернецев 1929 онд эхлүүлж, тэднийг үнэхээр оршин байсан байж болох шинж тэмдэг илрүүлснээ тэмдэглэсэн байдаг. Тэрээр далай болон том голын эрэг дээр янз бүрийн суурьшмал газар байсан байж болох үлдэгдэл олжээ. Сиртячууд нь газар хонхойлгож ухаад хөвдөөр хучсан том хэмжээний байр барин амьдардаг ба зарим нэг нь бүр 150 м2 хэмжээтэй том байр байсан гэдэг. Археологийн шинжлэх ухаанд энэ ард түмнийг манай эриний өмнөх IV- манай эриний II зууны үед оршин байсан “Усть Полуйн соёл” хэмээх нэрээр тэмдэглэсэн байдаг билээ.
Хүний дүрс бүхий хүрэл зүүлт
Ангальск хэмээх хошууны орчмоос олсон төрөл бүрийн хүн амьтны дүрс бүхий олдворууд нь ихээхэн нарийн хийцтэй, дүрслэл сайтай гэдгээрээ алдартай. Энэ олдворууд нь Арктик дахь эртний хүн амын тухай эрдэмтдийн ойлголтыг тэр чигээр нь өөрчилсөн гэж хэлж болох ба Арктикийг урьд өмнө хүн амьтангүй зэлүүд газар байсан хэмээн үзэж байсан үзэл баримтлал энэ олдвороос хойш үгүй болж энэ нутагт тухайн үеийн нэгэн соёл хөгжил бүхий төв оршин байжээ гэдэг нь одоо тодорхой болсон билээ.
4
Оршин байхын төлөөх дайн тулаан
Уралын ненцүүд бугыг сурган гаршуулж уналга тээвэрт хэрэглэх болсноор тэд анчид байхаа больж нүүдэлчин соёлтой болсон гэдэг.Эдгээр нүүдэлчид өөрийн гол эрхлэх аж ахуй болох цаа бугын өвс тэжээл бүхий газар хайж нүүдэл хийсээр цаг агаарын хувьд илүү зөөлөн, дулаан хойд нутгийг олсон нь сиртя нарын нутаг байсан байна. Ингэж сиртя нарын унаган газар ненцүүдийн малын бэлчээр болсноор янз бүрийн зөрчил гарч даамжран аль нэг омог аймаг нь оршин байхын төлөөх дайн болж өргөжин, улмаар сиртячууд газар доор орон нуугдах болсон гэдэг. Тэд өдөр нь хагас нүхэн гэрт байж шөнөдөө л тэр нүхнээсээ гардаг байсан байна.
Ненцүүдийн хувьд урцанд амьдардаг учир сиртя нарын хагас нүхэн гэрийг газар доогуур орох гэж ойлгодог байснаас сиртя нар газар дор амьдардаг гэдэг домог, ойлголт бий болсон байх. Одоогийн Ненцүүд дотор сиртя нарын удам судар болох хүн байдаг гэх бөгөөд тэд бүгд эхийн талаас Сиртя гаралтай байна.
Энэ бүхнээс харахад ненцүүдийн хоорондоо ярьдаг, сонин нууцлаг ард түмний тухай үлгэр домог нь хоосон зүйл биш бололтой. Ер нь домог гэдэг бол хэн нэгний зохион ярьсан үлгэр төдий зүйл биш бөгөөд урьд өмнийн түүхийг аман хэлбэрээр үлдээсэн баримт байх нь элбэг тохиолддог билээ.