1
Хэрэглээний тухайд
Дэлгүүрт ороод чухам аль барааг худалдаж авах вэ хэмээн бодлогошрон байх хүмүүстэй их таардаг. Тэд тухайн бүтээгдэхүүний орц найрлага, боодол баглааг нь анхааралтай харж, нэлээдгүй хугацаа зарцуулан байж эцэстээ чанартай зүйл сонгон авдаг билээ. Гэтэл үүнээс эсрэгээр буюу хүнсний бүтээгдэхүүний гаднах байдлыг харангуут сонгож авдаг олон хүн байх бөгөөд тэдний хувьд савалгаа, үнэ зэрэг нь санаанд таарсан л бол болоо. Ганцхан хүнс ч биш олон зүйл дээр ийм зүйл ажиглагдаг ба компьютер болон автомашиныг ч ялгаагүй яг л дээрх зарчмаар “амархан” сонгож авах нь элбэг. Уг нь иймэрхүү зүйлийн гаднах өнгө үзэмж биш, доторх нь хамгийн чухал зүйл бөгөөд ялангуяа хүнсний хувьд энэ нь бүр ч онцгой чухал зүйл юм. Таны идэж байгаа хүнс нь эрүүл мэнд гэсэн ямар нэг улиг болсон, ойлгомжгүй, холын юмны тухай яриа биш ерөөсөө л таны амьдрах хугацаа, чанарт ихээхэн нөлөөлдөг эд зүйл юм шүү гэдгийг ойлгох нь чухал билээ.
Энэ дэлхийд жил болгон 10 сая гаруй хүн буруу хооллолтоос шалтгаалсан өвчнөөс болж нас бардаг гэдэг тооцоо бий. Энэ нь тамхины хор хөнөөлөөс болж нас барах тооноос ч их юм. Тамхи татах нь уг хүний хувийн сонголт, түүнээс татгалзах боломжтой байдаг буюу ердөө л буруу зуршил болохоос ямар нэг шаардлагатай зүйл биш бол харин хоол хүнс хэрэглэх нь амин чухал шаардлага, түүнээс татгалзах аргагүй зүйл гэдэгт гол ялгаа оршино. Нэг ёсондоо хүн архи ууж тамхи татахгүй, эрүүл амьдралын хэм баримтлах боловч дэлгүүрээс авсан хүнснээс болж ямар нэг өвчин тусах магадлал маш өндөр билээ.
Харин хүнс сонгохдоо илүү анхаарал болгоомжтой хандаж сурвал дэлгүүрийн лангуунаас чанар муутай хүнс аажуухан боловч шахагдан алга болох юм. Хүн авахгүй бараа бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгчид ашиг өгөхөө болих учир тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ больж таарна. Оронд нь байхгүй болсон энэ барааны байрыг арай чанартай, шинэ бүтээгдэхүүн эзлэх билээ.
2
Зугаа цэнгэлийн тухайд
Кино үйлдвэрлэлийг авч үзье. Жил болгон л хэдэн зуун кино хийгдэх боловч тэдний дундаас үзмээр сайхан болсон гэмээр нь тун цөөхөн. Магадгүй дандаа ийм байсан байж болох бөгөөд ямар ч байсан өнөөдрийн олон франчайзууд улам бүр муудаж байгаа нь маргаангүй юм.
Галзуу хурд, Трансформерс... гээд үргэлжлүүлэх хэрэг байна уу? Энэ олон сиквел, приквелүүд, бүр пре-сиквелүүдийг үү. Шинэ сонин сайхан санаа гэж үгүй, зах хязгааргүй ремейк, бага зэрэг царай зүсийг нь өөрчилсөн хуулбарууд. Жишээ нь Predator-ын шинэ ангиуд нь үзэхийн аргагүй юм болсон бөгөөд хүний амьдралын хоёр цагийг л хулгайлсан бүтээл гэж хэлж болох байх.
Ийм муу киног хүн үзээд, мөнгө төлөөд байгаа учраас л хийгээд байгаа хэрэг. Тэртээ тэргүй их мөнгө олж байгаа The Fast and the Furious-ыг яагаад дахиад хийж болохгүй гэж. Саяхан л гэхэд Terminator: Dark Fate гарахад хүн болгон түүнийг ээлжит “халтуур” хэмээн мэдэж байгаа боловч үзсээр. Терминатор юм чинь үзэхгүй байхын аргагүй мэт. Ийм байдлаар уг кино хангалттай орлого олох ба энэ нь дахиад нэг хоёр жилийн дараа бас нэг “шинэ” анги гарна гэдгийг л тодорхой болгож байгаа юм. Хүн үзэж л байгаа бол иймэрхүү "хог"-ийг хийсээр байх билээ. Шинэ сонин санаа олж, бодож боловсруулан, утга учиртай харилцан яриа бүтээх гэж зовж байхын оронд тэртээ тэргүй орлого олох кино хийж байх нь илүү амар, ашигтай, найдвартай байж таарна.
Компьютер тоглоомын хувьд ч ялгаагүй. Одоо энэ салбар нь зүгээр нэг зугаа гаргах зүйл төдий байхаа больж асар их мөнгө эргэлдэх нэг том салбар болжээ. Зарим нэг томоохон тоглоом хийхэд арваар тоологдох сая доллар зарцуулах бөгөөд ийм их мөнгө зарцуулсан зүйл нь бас нэгэн шинэ гайхамшиг гэмээр зүйл баймаар мэт. Гэтэл тийм гайхамшгийн оронд бид аз нь таарвал ээлжит "Call of Duty", эз нь таарвал "Resident Evil 6"-ийг хүлээн авдаг билээ.
3
Ажил хөдөлмөр
Хүн өрсөлдөөний дундаас талхаа олох ажлаа олж авдаг жамтай ертөнцөд бид амьдарч байна. Ихэнх хүмүүс өөрийн дургүй юм уу нэр хүндгүй ажлыг хийх бөгөөд уг нь хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, үнэлдэг байх хэрэгтэй юм. Ажлын байрны тухай зарыг харж байхад гадаад хэлтэй, ямар нэг програмын гарамгай эзэмшсэн, ажлын туршлага 3 жилээс багагүй... ер нь л усан дотор гал асааж чаддаг байх шахам мундаг шаардлагууд зөндөө. Харин үүнийхээ төлөө өгөх цалин нь санаа алдах л хэмжээнийх.
Нэг талаас бодоход тийм мундаг авьяас чадалтай хүн ийм бага цалинтай ажил хийнэ гэж байх уу гэж бодогдох боловч хүмүүс ийм ажилд орж, хийж байна. Ийм биш байсансан бол хөдөлмөрийн зах зээл дээр дээрх шиг айхтар шаардлага бүхий зар гэж байхгүй байсан билээ. Ямар нэг ажил хийж, бага ч гэсэн цалин мөнгөтэй болох гэсэн хүсэл зүтгэл нь олон сая хүнийг иймэрхүү зүйлтэй эвлэрүүлж байдаг байна.
4
Нөхөрлөл болон хүнтэй харилцах харьцааны тухайд
Хүн муу муухайгаас татгалзаж чадвал түүний орыг арай илүү дээр зүйл эзэлдэг. Энэ нь хувцас, хөгжим, техник төдийд биш бүр хүний харилцаа зэрэг бүх л зүйлд хамаатай юм. Хүмүүс нийгмээс зарим нэг муу муухай санаа, байдлыг алга болгож болох бөгөөд үүний тулд тэрхүү муу муухай зүйлтэй эвлэрэхгүй, тийм зүйл гаргаж байгаа хүнтэй харьцахгүй байх хэрэгтэй. Жишээ нь үнэнхүү өөдгүй санаатай хүмүүс их байдаг ба тийм хүмүүсийн өөдгүй санаа нь хэзээ нэгэн цагт илрэн гарч гай тарих учир тэдэнтэй ямар нэг байдлаар харьцахаа болих нь зөв юм. Өөдгүй юмнууд зөвхөн өөртөө таарсан өөдгүй юмнуудтай л харьцаж байг хэмээн тэднийг үл тоон, харьцахаа болих замаар нийгмээс аажуухан шахаж тусгаарлах хэрэгтэй. Магадгүй өөдгүй хүн ямар новшийн зан чанартай байдгийг тэд өөрийн толгой дээр гай ирэх үед ойлгож мэдэж магадгүй.
Ер нь та бол таныг тойрон байгаа таван хүний дундаж юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас та хэнтэй, хэзээ, яаж харьцах, хэнтэй нөхөрлөх тухайдаа бодолтой байх нь их чухал зүйл юм шүү.