Тухайн номын агуулга, төрөл, хэмжээ зэргээс үл хамаарч бүх тамга 17-р хуудас дээр байрладаг. Тогтмол номын сангаар үйлчлүүлдэггүй хүмүүс үүнийг анзаараагүй байх л даа. Харин байнга номын санд ном уншдаг хүмүүсийн хувьд дээрх зүйл аль хэдийн анхаарлыг нь татаж, яагаад ийм байдаг юм бол гэсэн асуулт урган гарч ирнэ. Тэгвэл номын сангийн тамгыг ийнхүү 17-р хуудас дээр л дардаг нь логикийн хувьд маш энгийн тайлбартай гэнэ.
Илүү хялбар ойлгохын тулд эхлээд номын хуудаснуудыг хэрхэн багцалдгийг мэдэх хэрэгтэй. Бүх номын хуудаснуудыг эхлээд багц болгон ангилах бөгөөд нэг багцад 16 хуудас багтдаг байна. Ерөнхийдөө эхний 16 хуудаст номын чухал, хэрэгцээтэй гэсэн хэсэг багтдаггүй гэж үзээд 17-р хуудсанд буюу хоёрдох хэсгийн эхний нүүрэн дээр тамга дардаг байна. Мэдээж, эхний хэсгийг ямар нэг байдлаар алдах, хэн нэгэн нь урж авах үйлдэл гарлаа гэхэд тэр хэсэг нь номын хамгийн чухал зүйл биш юм. Ийнхүү тамга алдагдаж болохгүй хуудас дээр дарагддаг заншилтай болжээ.
Зарим үед нэг ном дээр 2 удаа тамга дарах тохиолдол гардаг. Мэдээж ном нэлээд зузаан тохиолдолд тус арга хэмжээг авна. Ингэхдээ ихэвчлэн 33 хуудас дээр тамга дардаг байна. Ялангуяа хуучин зөвлөлтийн номууд дээр ингэж тамгалах нь элбэг бөгөөд олон тооны, томоохон боть номуудын эхний хэсгүүд ерөнхийдөө оршил хэлбэртэй бичигддэг учир гурав дахь хэсгийн эхний хуудас буюу 33 хамгийн чухалд тооцогддог аж. Тиймээс эхний хэсэг алдагдлаа гэхэд агуулгын хувьд тийм ч чухалд тооцогдохгүй юм.