Аутизмтай зураач Нью-Йоркийг ганцхан удаа хараад, шууд цаасан дээр буулгажээ

2019-12-22, 13:03
6,207

Британийн зураач Стефен Уилтшир (Stephen Wiltshire) нь өөрийн ганцхан удаа харсан газар, орон зайг дараа нь шууд цээжээрээ, яг байснаар нь зурж чаддаг авьяастай. Тэрээр Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн дээгүүр нисдэг тэргээр 45 минутын турш нисэхдээ харсан дүр зургаа 5 хоногийн хугацаанд цаасан дээр бүхий л деталийг нь гарган зуржээ.

Аутизмтай зураач Нью-Йоркийг ганцхан удаа хараад, шууд цаасан дээр буулгажээ

Уилтшир 10-р сарын 11-нд зурж эхэлсэн бөгөөд 5 хоногийн турш огт амралтгүйгээр ажилласан байна. Ингээд 10-р сарын 16-нд алдарт "Empire State Building" цамхаг дотор уг зурган дээр гарын үсэг зурах ёслол болсноор түүний шинэ бүтээл мэндэлжээ.

Энэхүү зураг нь галерейн нэг ханыг бүрэн эзлэхээр том хэмжээтэй. Гудамж, зам гээд бүхий л жижиг хэсгүүдийг гайхалтай нарийвчлалтай буулгасан, өргөн орон зайг хамарсан байгаа нь үзэгчдэд яг л Нью-Йорк хотыг нисдэг тэрэгнээс харж буй мэт сэтгэгдлийг төрүүлэх аж.

Уилтшир нь гурван настай байхдаа "их мэдэгчийн синдром"-той хэмээн оношлогдож байжээ. Аутизм, аспергерийн синдром зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тодорхой нэг салбарт гайхалтай авьяастай байхыг тэгж нэрлэдэг аж.

Хүүг таван настай байхад нь Квинсмиллийн тусгай сургалттай сургуульд элсүүлсэн бөгөөд тэнд л Уилтширийн гоц авьяас тодорсон байна.

Хүүхэд байхдаа тэрээр огт ярьдаггүй байсан бөгөөд заримдаа ухаан алдаж, дэмийрч эхлэдэг байв. Тэрээр есөн настайдаа "цаас" гэж хэлэн, хэлд орсон байна. Тодруулбал багш нар нь түүний зургийн хэрэгслүүдийг хураан авахад тэрээр цаасаа нэхэн дуугарсан нь тэр ажээ.

1987 онд BBC телевиз "Их мэдэгчийн синдром"-ын талаар баримтат кино хийхдээ Лондон хотын архитектурыг гайхалтай нарийвчлалтайгаар буулгасан 12 настай хүү Уилтширийн тухай нэг анги дээр өгүүлжээ. Британийн эзэн хааны урлагийн академийн ерөнхийлөгч хүүг улсынхаа шилдэг залуу уран бүтээлчээр тодруулж байв.

Насанд хүрснийхээ дараа Уилтшир Токио, Мадрид, Дубай, Сидней, Шанхай зэрэг том хотуудын панорам зургийг зурж эхэлжээ. Тэрээр бүх бүтээлээ цаас, харандаа л ашиглан туурвидаг байна.

2006 онд Хатан хаан Элизабет түүний урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Хүлэг баатрын одонгоор шагнажээ. Тэр жилээ Уилтшир Лондонгийн хуучин худалдааны гудамжинд өөрийн нэрийн галерейг нээсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()