1
Умардын Довтолгоо
Хятадын хувьд хамгийн гол аюул эртнээс хил залган орших умард нутгийн нүүдэлчин ардууд байсан юм. Хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицсон нүүдэлчид Өмнөд хөршийн тансаг бараа таваар, бөс даавуу, хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүнийг эзэгнэхийг хүсэж байсан нь дамжиггүй. Хятадтай харьцуулбал нүүдэлчдийн тоо харьцангуй цөөн байсан ч тэдний цэргийн хүч нь хангалттай аюул нүүрлүүлж байсан юм. Цуцашгүй хурдан хүлэг морьд, хүчирхэг нум сумтай цэргүүд Хятад гүрний хилийг бут цохиход хангалттай хүчтэй байлаа.
Хятадын эзэн хаад нүүдэлчдээс хамгаалахын тулд инженерийн, цэрэг дайны, дипломат гээд олон арга боловсруулж байв. Нэгдсэн Хятад гүрний анхны эзэн хаан Цинь Ши Хуанди (МЭӨ 221-210) хойд хилээ аюулгүй болгохын тулд хэдийнээс байсан саланги тасархай хэрмүүдийг нэгэн хүчирхэг гинжин хэлхээ болгон нэгтгэхээр шийджээ. Хан гүрний эзэн хаад гадны халдагчидтай тохиролцох хангалттай хэмжээний цэргийн болон эдийн засгийн хүчийг олж авсан байлаа. Хамгаалалтын хана хэрэм барихын хажуугаар тал нутгийн ард түмэнд татвар өгч харилцаагаа нам жим барьж байв. Гэвч тэдний энэ арга халдан довтлогчдоос хамгаалж чадсангүй. Монголчууд дайралтаа зогсоохын оронд, Хятадыг эзлэхээс өөрөөр буюу тэднийг айлган сүрдүүлэх замаар илүү их татвар, татаас авч болох юм хэмээн ойлгожээ.
Дараагийн 1000 жил энэ мэтээр өнгөрөв. 13-р зуунд Тэмүжин Монголчуудыг нэгтгэн, тал нутгийн хүчийг нэгтгэжээ. Тэмүжин буюу Чингис хаан 1211 онд Хятадын умард хэсэг рүү довтолж, 1215 онд нийслэлийг эзлэн авлаа. Түүний ач хүү Хубилай хаан бүх Хятадыг эрхшээлдээ оруулж, Их Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрэн удаан оршин тогтносонгүй, 1368 онд тариачдын бослогоос үүдэн нуран унав. Монголын эзэн хаан нийслэлийг орхиж, Хятадын шинэ гүрэн буюу Мин гүрний (1368-1644) эрин үе эхэлж, тал нутгийн хүчирхэг арми эргэн ирэхээс сэргийлэх хэрэгтэй болов. Гэвч 1449 оны Тумугийн тулалдаанд Мин гүрэн Эсэн тайшийн эсрэг хамгийн том ялагдал хүлээж, 15-р зуунаас Мин гүрэн хамгаалах бодлогыг илүү баримтлах болжээ.
Монголчуудыг барьж тогтоохын тулд Мин гүрний хаад байнгын бараа таваар Монголруу илгээдэг байсан нь эцэстээ улсын санхүүд ачаа болж эхэлжээ. Монголчуудыг умард хилээс довтлохоос сэргийлэн, тэд нүүдэлчин түмэнд шаардлагатай бараа таваараар арилжаа наймаа хийхээс аргагүйд хүрч байв. 1459 онд, Их сайд Ли Шиан Монголчуудын бараа таваарын хэрэгцээ Хятадын хувьд гай түйтгэр болно гэж үзэж байлаа. Харин 1571 онд сайд Ван Чун Ку, хаан Лон Кингийг бодлогоо өөрчлөхийг ятгажээ. Хил дээр худалдааны өртөө бий болсноор Монголчуудын халдан довтлох тоо буурсан байна.
2
Нэг удаад нэг бэхлэлт
Эдгээр дипломат болон эдийн засгийн бодлогын хажуугаар Мин гүрэн Цагаан Хэрмийг барьсаар байв. 16, 17-р зуунд хамгийн өргөн хүрээний барилгын ажил эхэлжээ. Тухайн үеийн нүсэр барилга одоог хүртэл сүндэрлэн боссон хэвээр. Газар шорооны ажил эрт үед эхэлсэн ч Мин гүрний үед чулуу, тоосгоор бат бөх хана босгож байлаа. 8000 гаруй км урт үргэлжлэх энэхүү гайхалтай шинэ бэхлэлт урьд өмнөхөөс хавь илүү сүрлэг бөгөөд хэд дахин их өртөг зарцуулагджээ. Мин гүрний захирагчид уг хэрмийг нүүдэлчин улсын довтолгоонд болон цаг агаар, он цагийн явцад тэсвэртэй болгохыг зорьж байлаа.
Хилийг заагласан энэхүү бэхлэлт он цагийн элэгдэлд тэсвэртэй байх зорилгоо биелүүлсэн ч цэрэг дайны хамгаалалтын зорилгоо биелүүлсэн эсэхийг дүгнэхэд бэрх. Хятадын умард хил олон тооны халдлагад өртсөн хэвээр байлаа. Заримдаа 100,000 орчим цэрэгтэй арми довтолж, зарим үед цөөн цэрэгтэй нүүдэлчдийн арми довтолж байв. Нэг жишээ дурдвал 1555 онд Монгол цэргүүд бэхлэлт рүү шөнө дунд довтолж, дэгээтэй олс ашиглан хана руу авирчээ. Харин тэднийг хананы оройд гарах үед морьдын янцгаах дуу нь Хятадуудад чимээ өгч, мэдэгдсэн байдаг.
3
Хэрмийн харуулууд
Асар уудам үргэлжлэх хэрэмд байрлах харуулуудын амьдрал тун хүнд байжээ. Цэрэг армийн яамны 1443 оны баримт бичигт дурдсанаар, “Баруун умард хилийн цэргүүд хүйтэн цаг агаар, салхи шуурганд үүргээ биелүүлдэг. Тэд цэргийн бааз, гэр бүл, хүүхдүүдээсээ олон сар жилээр алслагдаж, дохионы цамхгуудад харуулын үүрэг гүйцэтгэхдээ хоол хүнс, хувцас эдлэлээр гачигдаж байдаг. Сар бүр цалин пүнлүү олгодог ч ихэвчлэн зэвсэг, морьдод зарцуулагддаг. Өлсгөлөн, хахир хатуу цаг агаар дунд хүнд бэрхийг туулж байгааг нь дүрслэхийн аргагүй” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Цэргүүдийн ёс суртахууны доголдлыг амьдралын хүнд орчинтой холбон тайлбарлаж болох юм. 1554 онд хулчгар үйлдэл гаргасан хилийн цэргүүдийг ялласан тохиолдол гарч байв. Дайснууд хэрэмд тулан ирэх үед цэргүүд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй зугтдаг байжээ. 1609 оны нэгэн баримтаас харахад нөөц бололцоо дутмаг байсантай холбоотой байж болох юм. Өөрсдийгөө хамгаалах зэр зэвсэг, нөөцгүй болсон харуулууд Монголчуудыг харсан ч хараагүй мэт өнгөрдөг байжээ.
Хэрмийг даган байрлах Хятадын цэргүүд нүүдэлчидтэй нөхөрсөг харилцаатай байсан тохиолдол ч бий. Ахлагч нарын эсэргүүцлийг үл тоон, тэд Монголчуудтай худалдаа, наймаа хийдэг байжээ. Зарим тохиолдолд нууцаар тохиролцдог байсан байна.
1533 оны нэгэн төрийн албатын тайлангаас харвал Монголчууд Хятадын газар нутагт халдан орох үед харуулын цамхгийн зарим цэргүүд тэдэнд газарчилдаг байжээ. 1550 онд, умард хилийн Датонг хотын цэргийн командлагч, “Манай цэргүүд Монголын нутагруу явж, худалдаа наймаа их хийж, зарим нь анд нөхөд бололцсон байдаг. Монголчууд харуулын цамхагтай хамтран ажиллаж, манай цэргийн байрлалыг өөрсдийн харуулын цэг болгон ашиглаж байсан. Тэгэхээр манай хамгаалалтын стратегийн мэдээлэл Монголчуудад шууд хүрдэг нь харагдаж байна” хэмээн тайландаа бичсэн байв. Цагаан хэрмийн гайхалтай бүтээн байгуулалт зөвхөн дэг журамтай цэрэг армийн хамтаар үр дүнд хүрнэ. Гэтэл алслагдсан байдал, амьдралын хүнд нөхцөл нь хамгийн тэвчээртэй нэгнийг ч ганхахад хүргэж байжээ.
4
Манжийн мандалт
Монголчуудтай хоёр зууны турш зөрчилдөөнтэй байсны улмаас хүч суларсан Мин гүрэн дотроосоо хүчээ алдаж эхэлжээ. 1644 онд болсон тариачдын бослогын дараа тэд Манжуудад эрх мэдлээ алдав. Манж Чин улс (1644-1912) Хятадын хилийг умард тийш тэлж, Цагаан Хэрмийн хамгаалалтыг хэрэгцээгүй болгожээ. Өдгөө цагаан хэрэм нь дэлхийн хамгийн том цэрэг хүчний байгууламжаар нэрлэгдэж, ЮНЭСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.