10
Сөүлийн Их Сургууль (SNU)
Сөүлийн Их Сургуулийг дээд боловсролын 10 институт нэгдэж 1946 онд байгуулж байжээ. Тус сургууль нь 2019 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 36-д бичигдсэн байна. ХХ зууны дунд үеийн үймээн самуунтай байсан үеийг эс тооцвол энэхүү сургууль Өмнөд Солонгосын шилдэг их сургуулийн нэр хүндийг удаан хугацаанд хадгалж, Азийн шилдэг 10-ын тоонд багтсаар ирсэн юм.
11 төрлийн үзүүлэлтийн ихэнхэд нь өндөр оноо авсан Сөүлийн Их Сургууль нь оюутнууд болон багш нарынхаа нэр хүндээр дэлхийд алдартай билээ. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Юн Самаас эхлээд улс төр, урлаг соёлын нөлөө бүхий олон хүмүүс тус сургуулийг төгссөн байдаг.
9
Хонконгийн Хятад Их Сургууль (CUHK)
1963 онд байгуулагдсан Хонконгийн Хятад Их Сургууль нь харьцангуй залуу сургууль боловч энэ жил тус жагсаалтад 9-д бичигдэж шилдэг гэдгээ баталж чадлаа. Мөн дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 49-д бичигдсэн энэхүү сургууль нь оюутнууддаа коллежийн систем санал болгодгоороо алдартай.
11 төрлийн үзүүлэлтэд тус сургууль олон улсын факультет, гадаад, дотоод оюутны солилцооны үзүүлэлтээрээ гайхалтай өндөр оноо авч, үлгэр жишээ гэдгээ дэлхий нийтэд баталж чадсан байна.
8
Солонгосын шинжлэх ухаан, технологийн дээд институт (KAIST)
Өмнөд Солонгосын судалгаанд суурилсан шинжлэх ухаан, инженерчлэлийн тус институт нь 1971 онд байгуулагдаж, нэр хүнд нь хурдацтай өссөөр, дэлхийн шилдэг их сургуулиудын 40-д жагсах болсон байна.
Азидаа шилдэг 8-д бичигдсэн энэхүү институт нь ялангуяа академик түвшний үзүүлэлтүүдээр буюу Докторын зэрэгтэй багш нарын хувь, судалгааны ажлын үр нөлөө, нийтлэгдсэн судалгааны тоо зэргээрээ маш өндөр оноог авч чаджээ.
7
Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (HKUST)
Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь 1991 онд байгуулагдсан залуу сургууль боловч, нэр хүнд нь хурдацтай өсөж, дэлхийн шилдэг их сургуулиудын 37-р байранд жагссан байна.
Боловсрол, судалгааны салбарт өндөр шалгуур тавьдаг тус сургууль нь 11 үзүүлэлтэд, тэр дундаа судалгааны үр нөлөө, олон улсын факультет, оюутан солилцооны үзүүлэлтүүдэд өндөр оноо авч авсан байна.
6
Фудан Их Сургууль (Fudan University)
Хятадын Фудан Их Сургууль энэ жагсаалтын 6-р байранд бичигдэж, дэлхийн шилдэг их сургуулиудын 44-д жагсжээ. 1905 онд буюу Манж Чин улсыг унахын өмнө байгуулагдаж байсан Шанхай хотод байрлах тус сургууль нь Хятадын хамгийн нэр хүндтэй, шилмэл институтийн тоонд багтдаг.
Энэ сургууль судалгааны үр нөлөө, нийтлэгдсэн нийт судалгаа зэрэг үзүүлэлтэд маш өндөр оноог авчээ.
5
Бээжингийн Их Сургууль (Peking University)
БНХАУ-ын хамгийн эртний дээд боловсролын байгууллага болох Бээжингийн их сургууль нь 1898 онд эртний Гуозижийн сургуулийн (Эзэн хааны коллеж) оронд байгуулагдаж байжээ. Хоёр зууныг дамнан оршсон тус сургууль нь Хятадын Шинэ Соёлын Хөдөлгөөн, 1989 оны Тиан Ан Мений талбайн бослого зэрэг түүхэн үйл явдлуудад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 30-д, Азидаа 5-д жагссан тус нэр хүндтэй сургууль нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээсээ 4 байр урагшилжээ.
4
Цинхуа Их Сургууль (Tsinghua University)
Хятадын Бээжин хотод орших Цинхуа Их Сургууль нь инженерчлэл, компьютерын шинжлэх ухааны хөтөлбөрөөрөө дэлхийн тэргүүлэх институтийн нэгд тооцогддог.
Энэ жил тус сургууль Азийн шилдгүүдийн жагсаалтад 6 байр ахиж, 4-р байранд бичигдсэн ба бүхий л үзүүлэлтэд өндөр оноог авч чаджээ.
Цинхуа их сургуулийн кампус нь Бээжингээс баруун хойд хэсэгт, Хайдиан дүүрэгт, Чин гүрний хааны цэцэрлэгүүдийн хуучин буурь дээр байрладаг. Цинхуа нь хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн кампустай гэдгээрээ алдартай.
3
Наньян Технологийн Их Сургууль (NTU)
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 12-т бичигдсэн Сингапурын Наньян Технологийн Их Сургууль нь 5 жил дараалан шилдгээр бичигдэж байна.
Азийн шилдэг сургуулиудын 3-т жагссан тус сургууль нь 11 үзүүлэлтийн ихэнхэд нь буюу судалгааны үр нөлөө, олон улсын судалгааны хүрээ, олон улсын факультет, дотоод, гадаад оюутан солилцооны үзүүлэлтэд өндөр оноог авсан байна.
Наньян Технологийн Их Сургууль нь инженерчлэл, шинжлэх ухаан, бизнес, хүмүүнлэг, урлаг, нийгмийн ухаан, боловсрол зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Лондонгийн "Imperial College"-тай хамтарсан анагаах ухааны сургуультай.
2
Хонконгийн Их Сургууль (HKU)
100 жилийн түүхтэй Хонконгийн Их Сургууль нь тус бүс нутгийн хамгийн эртний боловсролын институт юм. Эрчимжүүлсэн судалгааны хөтөлбөрөөрөө дэлхийд тэргүүлдэг тус сургуулийн шүдний эмч бэлтгэх хөтөлбөр нь 3 жил дараалан салбартаа шилдгээр шалгарч байгаа юм.
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 25-р байранд бичигдсэн энэхүү сургууль Азийн жагсаалтад өмнөх жилээсээ 3 байраар ахиж, 2-р байранд оржээ. Хонконгийн Их Сургууль нь нэр хүнд, олон улсын факультетын гишүүдийн тоо, гадаад оюутнуудын элсэлт зэрэг үзүүлэлтүүдэд өндөр оноог авсан байна.
1
Сингапурын Үндэсний Их Сургууль (NUS)
2019 оны Азийн шилдэг их сургуулиудын 1-т жагссан тус сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 11-д бичигджээ. 3 Сургуулийн 17 факультетээс бүрдсэн тус сургуульд 100 гаруй орны 38.000 оюутан суралцдаг. Энэ сургууль нь боловсрол, судалгааны чиглэлдээ олон улсын чиг хандлагыг баримталдаг, Ази тивийн дүр төрхийг хадгалан үлдэхэд ихэд анхаарч ажилладаг гэдгээрээ алдартай билээ.