1880-аад оны сүүлчээр Парис хотын цагдаа нар Сейн мөрнөөс үл таних эмэгтэйн цогцос олжээ. Түүний цогцсыг хэд хоног цогцос хадгалах газарт байлгасан ч түүнийг таньдаг, мэддэг хүн олдсонгүй. Эмэгтэйн үзэсгэлэнт царай, инээмсэглэл нь үнэхээр сэтгэл татам байсан тул судлаачдад эмэгтэйн дүр төрхийг дуурайлган баримал хийх сонирхол төржээ. Үүний дараа эмэгтэйг L’Inconnue de la Seine буюу “Сейн мөрний үл таних эмэгтэй” хэмээн нэрлэсэн байна.
Түүний үзэсгэлэнт төрх, амьдралынх нь нууцлаг байдал нь уран бүтээлчдэд түүний төрхийг дахин дахин туурвиж, олон сайхан хайрын түүх бичих онгод, урам зориг өгч байв. Философич Альберт Камус эмэгтэйн инээмсэглэлээс Мона Лизаг олж харсан бол бусад нь түүнийг орчин цагийн Офелия гэж дууддаг байлаа.
Парис хотноо түүний төрхтэй маск гэрийн чимэглэл болон олноор зарагдаж, дүр төрхийг нь уран барималч, зураачид бүтээлдээ туурвихын зэрэгцээ тэрээр олон арван зохиол, шүлэг, богино өгүүллэгийн баатар болжээ. Алдарт зураач, уран барималч Пабло Пикассо, яруу найрагч Райнер Мария Рилке, зохиолч Владимир Набоков тэргүүтэй авъяаслаг зураачид энэхүү нууцлаг бүсгүйн сэтгэл татам, үзэсгэлэнт төрхөд шунан дурлаж байсан юм.
1855 онд Норвегийн алдарт тоглоом үйлдвэрлэгч Асмунд Лаердал голд живж буй хүүгээ агаар дамжуулан аварсныхаа дараа амьсгалын замын сэхээн амьдруулах маск (CPR хүүхэлдэй) зохион бүтээхээр шийджээ. Тухайн үеийн шинэ технологи болох CPR маскыг бүтээж байхдаа тэрээр хүүхэлдэй нь байгалийн, тааламжтай дүр төрхтэй, суралцагчдад аюул багатай харагдахын тулд "эмэгтэй" байх ёстой гэж үзсэн байна.
Ийнхүү Лаердал эвхэгддэг цээжтэй, зөөлөн хуванцраар хийсэн хүүхэлдэйгээ эмээ өвөөгийндөө харсан тайван, сэтгэл татам төрхтэй L’Inconnue-н төрхийг дуурайлган бүтээсэн аж. Энэ цагаас хойш үл таних эмэгтэй Resusci Anne буюу Аврагч Анне, Сэхээн амьдруулагч Анни гэгддэг болсон юм.
Өнөөг хүртэл L’Inconnue de la Seine гэгч яг хэн байсныг хэн ч мэдэхгүй ч уран зураг, баримал дээрх түүний төрх бидэн рүү хэдэн зууны турш инээмсэглэж, хамгийн гол нь хүмүүний амьдралыг аврах “амьдралын үнсэлт” бэлэглэгч болсон билээ.