Хар галуутай загасчлал нь Хятад, Япон, Вьетнамд одоо хүртэл байдаг загасчлалын эртний уламжлалт нэг арга юм. Загасчлахдаа тэд шувууны хүзүүнд нарийн бөгж зүүх бөгөөд энэ нь шувуу загасыг залгихаас сэргийлсэн арга гэнэ. Ингэснээр тэд чөлөөтэй нисэж, амьсгалж чадах хэдий ч загасаа бүтнээр нь залгих боломжгүй болдог ажээ.
Хар галуутай загасчлал нь дараах байдлаар явагдана. Загасчин завинаас шувуугаа гаргаж ус руу тавина. Ингээд хэсэг хугацааны дараа галуу ус руу шумбан орж загасыг барина. Хэрвээ загас жижиг бол шувуу загасаа шууд залгина. Харин том загас баригдсан байвал загасчин шувууг буцаан завин дээрээ гаргаж, том загасыг авч оронд жижиг загас өгч шагнадаг байна.
Хэсэг хугацааны дараа шувуу том загасыг залгихгүйгээр шууд эзэндээ авчирч өгдөг зуршилтай болдог аж.
Хар галууг хэдэн долоо хоногийн турш сургаж эзэнд нь дасгадаг бөгөөд тэд ч хүнд маш хурдан дасдаг. Тэднийг хооллож, анхаарал хандуулж байгаа нь эдгээр шувуудад их таалагддаг аж. Хоёр долоо хоногийн дараа хар галуунууд үнэнч анд нохой мэтээр эздийнхээ гараас хооллож, аз жаргалтай байдаг гэнэ.
Хар галуу яагаад барьсан загасаа иддэггүй вэ? Мэдээж хүзүүнд зүүсэн жижиг бөгжнөөс бүх зүйл шалтгаалдаг. Жижиг загасыг амархан залгидаг хэдий ч том загасыг залгих боломжгүй учир эзэн дээрээ ирж, харин эзэн нь хоолойноос нь гаргаж авдаг байна.