Леонардо Ди Каприо болон Кейт Уинслет нар 1996 онд “Титаник” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Тухайн үед Кейт 21 настай, харин Лео 22 настай байсан аж. Хосууд киноныхоо дүрийг маш амжилттай бүтээсэн учир тэднийг жинхэнэ хосууд гэх яриа дэлхий даяар тарсан байна. Кино зураг авалтын үеэр Лео Кейтийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг байсан хэмээн Кейт хэлжээ. Тэдний хамт орсон хамгийн анхны зураг авалт бол Рөүзийн нүцгэн хөргийг зурдаг хэсэг байжээ.
Леогийн өмнө нүцгэн байх хэрэгтэйгээ мэдсэн Кейт үнэхээр зоригтой шийдвэр гаргасан аж. Нүцгэн биен дээрээ цув өмссөн тэрээр Ди Каприотой анх танилцаж байх үедээ түүний өмнө энгэрээ дэлгэсэн байна. Тэрээр энэ алхам нь зураг авалтын үеэр залуу жүжигчинд тулгарах асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байжээ.
Ингээд кино зураг авалтын дараа тэд нөхөрлөж эхэлсэн байна. Гэхдээ тэд хэзээ ч хайр сэтгэлийн холбоотой байгаагүй гэдгээ хоёул баталдаг.
Тэдний дараагийн хамтарсан бүтээл бол “Revolutionary Road" (2008) байжээ. Энэ кинонд тэд гэр бүлийн хосуудын дүрийг бүтээсэн байна. Киноны найруулагчаар Кейтийн нөхөр Сэм Мендес ажиллажээ.
Киноны зураг авалт дууссаны дараа Лео найздаа дээрээ бичигтэй нэгэн бөгж бэлэглэсэн бөгөөд тэрхүү бичсэн зүйл юу байсан нь одоог хүртэл тодорхой бус аж.
“Revolutionary Road" киноны дүрээрээ жүжигчин бүсгүй “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон. Шагнал авах үедээ тэрээр өөрийн хамтрагчдаа талархлын үгээ хэлж байсан бол Лео түүн рүү үнсэлт илгээж байсан гэнэ. Кейтийг ялагч боллоо гэж хэлэх үед тэрээр эхлээд Леог, харин дараа нь нөхрөө тэвэрсэн байна.
Хоёр жүжигчний нөхөрлөлийн хугацаанд Кейтийн амьдралд олон таагүй зүйл тохиолдсон байна. Жишээлбэл: Бүсгүй 2 удаа хүнтэй сууж, салалтын зовлонг мэдэрчээ. Ингээд тэрээр 2 хүүхэдтэй болж, завгүй ажлын хажуугаар хүүхдүүдээ өсгөх хэрэгтэй болсон гэнэ. Харин энэ үед Лео өөрийн ажлыг зохицуулж Кейтэд туслаж байжээ.
2012 онд Кейт Нед Рокнролл хэмээх эртэй гэрлэсэн бөгөөд хуримын ёслолын үеэр тэрээр аавдаа бус, Леод хөтлүүлжээ. Харин Лео тухайн үед гэрлээгүй хэвээр байсан аж.
Хэдэн жилийн дараа Кейтийн ээж нас барахад, Лео л түүнд хань болж, сэтгэл санааг нь өргөж байсныг жүжигчин бүсгүй дурссан байдаг.
2016 оны Оскарын наадмыг арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жүжигчид олноороо бойкотлосон. Харин тэр үед Леонардо “The Revenant” киноны дүрээр нэр дэвшсэн байсан учир Кейт үнэнч найзаа дэмжихээр ёслол дээр хүрэлцэн ирж, удаан хүлээсэн шагналаа гардах мөчийг нь нулимс дуслуулан үзэж суусан билээ.
Он цаг өнгөрөх тусам тэдний нөхөрлөл бат бөх болж байгаа. Кейтийн хэлж байгаагаар: "Бид хэзээ ч нэг нэгэндээ дурлаагүй учир олон жилийн турш нөхөрлөлөө хадгалж байна” гэжээ. Харин Лео "Бид нэг нэгнээ дэмжиж ажилладаг нэг механизм л гэсэн үг" хэмээн өгүүлжээ.