Даваа гарагаас болж хоёр хүний амийг бүрэлгэсэн охины түүх

1979 оны 1 сарын 29-ний даваа гарагт "The San Diego Union Tribune" сониныхон 17 настай Бренда Анн Спенсер охиноос ярилцлага авах үед тэрбээр “Би даваа гарагт дургүй. Тиймээс ингэж өөрийгөө сэргээсэн юм” гэж ярьж байжээ. “Ингэж” гэдэг нь ахлах сургуульдаа гал нээж, хоёр хүнийг амийг хөнөөснөө хэлж байгаа нь тэр аж.

Даваа гарагаас болж хоёр хүний амийг бүрэлгэсэн охины түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэр өдрийн өглөө 8.00 цагаас өмнөхөн Калифорни мужийн Сан Диего хот дахь Гровер Кливлендийн ахлах сургуулийн гадна талбайд хүүхдүүд эгнээ болон жагсаж сургуулийн захирал хаалгыг нээмэгц дотогш орохыг хүлээж байжээ. Харин Бренда Анн Спенсер гудамжны нөгөө талд хоосорсон архины шилнүүд дунд аавтайгаа хуваалцдаг ганц матрааснаас өөр эд хогшилгүй нурж унах дөхсөн гэрээсээ тэднийг ажиглаж байв. Улмаар хүүхдүүд жагсаж дуусах үед Спенсер зул сарын бэлгэнд авсан 22 мм-ийн "Ruger 10/22" хагас автомат буугаа гэрийнхээ цонхоор гадагш гаргаад сургууль руу буудаж эхлэв.

Үр дүнд нь, сургуулийн захирал Бартон Враг болон манаач Майк Сукар нар сурагчдад тусалж байхдаа амиа алдсан юм. Азаар нэг ч сурагч нас бараагүй бөгөөд 1 цагдаагийн офицер, 8 сурагч шархаджээ.

Сум дуусах хүртлээ тэрээр 30 гаруй удаа айж цочирдсон хүүхдүүд рүү буудсан бөгөөд  аль хэдийн 2 хүн алагдаж, 9 хүн шархадсаны дараа бүх хаалга, цонхоо хаан түгжиж юу болохыг хүлээжээ.

Цагдаа нар ирсэн даруйдаа Спенсерийн гэрээс буудсан болохыг мэдээд түүн рүү ярилцах хүн явуулсан боловч охин өөрөө бууж өгөхөөс татгалзсан байна. Тэр цагдаа нарт зэвсэглэсэн байгаа болохоо анхааруулж хэрвээ гэрээс нь гаргавал гал нээх болно гэж сүрдүүлжээ. Ийнхүү гэртээ хоргодсон байхдаа тэрбээр "The San Diego Union Tribune" гэх мэт хэд хэдэн сонинд ярилцлага өгсөн байдаг. Эцэст нь, Спенсер цагдаа нартай тохиролцож гарч ирсэн юм. Байшинг нэгжих үед виски болон шар айргийн шил хөглөрч байсан ч охин согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдүүлсэн нь үнэн байлаа.

Тэрбээр хэдий тухайн үед 17 настай байсан ч үйлдсэн гэмт хэргийнх нь ноцтой байдлаас шалтгаалж түүнийг насанд хүрэгч гэж үзэн яллажээ. Охин 2 хүний аминд санаатайгаар хүрсэн болон хөнөөлт зэвсэг ашигласан хэргээр яллагдаж, хэргээ хүлээснээр ял нь 25 жилээс бүх насаараа хоригдох болон өссөн юм.

Шүүх хуралдааны үеэр Спенсер жилийн өмнө сургууль руу буудаж байсан нь илэрсэн ба тэрбээр "airsoft" гар буу ашиглан сургуулийн цонхнуудыг буудаж хагалсан боловч азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй учир батлан даалтаар суллагдсан байжээ.

Улмаар асуудалтай хүүхдүүдийн тусгай сургуулийн ажилчид түүнийг "Амиа хорлох магадлалтай байна" хэмээн дүгнэсэн тул батлан даалтыг нь хариуцсан офицер Спенсерт сэтгэл гутралаа эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн боловч аав нь охиноо сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхийг зөвшөөрөөгүй аж. Учир нь тэрбээр охиныхоо амиа хорлох тухай бодол болон бусад сэтгэцийн асуудлыг өөрөө шийдэх болно гэж хэлж байжээ. Бренда Анн Спенсерийн сургууль руу буудахад ашигласан бууг аав нь авч өгсөн ба охин “Би радио тоглуулагч хүссэн боловч тэр надад буу авч өгсөн. Намайг өөрийгөө буудаасай гэж хүсэж байсан байх” гэж ярьж байв.

Спенсерийн өмгөөлөгчид түүнийг хэрээс хэтэрсэн түрэмгий үйлдэл гаргахад аавынх нь нөлөө байсан хэмээн маргасан боловч шүүгчид хэрэгсээгүй юм. Тэрбээр өнөөг хүртэл шоронд байгаа ба шүүх хэд хэдэн удаа хугацаанаас нь өмнө суллахаас татгалзжээ.

Одоо Бренда Анн Спенсер гэдэг нэр замхарсан байж мэдэх ч дуулиант хэрэг болон алдарт ишлэл нь огт мартагдаагүй л байна. Эмгэнэлт буудлагаас сэдэвлэн  "Boomtown Rats" хамтлагийн гоцлол дуучин Боб Гелдоф "I don’t like Mondays" (Би даваа гарагт дургүй) гэдэг дуу бичсэн бөгөөд энэ нь Их Британийн "U.K" чартыг 4 долоо хоногийн турш тэргүүлж, АНУ-д ч мөн адил өргөн тархжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()