Клаудия 2019 оны 5-р сарын 19-нд Краков хотын анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт төржээ. Эмч нарын хэлж байгаагаар Кдаудиягийн жирэмслэлт 29 дахь долоо хоног дээр явж байхад ус нь гарсан бөгөөд Кесаревын хагалгаа хийх замаар хүүхдүүдийг төрүүлжээ.
Хагалгааг нийт 40 эмч гүйцэтгэснээрээ түүхэнд үлдсэн бөгөөд тэд нийт 5 хүүхэд эх барьж авна гэж тооцоолж байсан боловч нийт 6 хүүхэд байсанд үнэхээр их гайхсан гэнэ.
Тус эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч “Та нар 5 хүүхдийг тус бүрийг нь эх барьж авах 5 баг, 5 ор, 5 өлгий бэлдээд хүлээж байтал гэнэт дахиад нэг хүүхэд гараад ирлээ гээд бод доо. Бид үнэхээр их гайхсан. Эхо-оор харах үед тэр 5 хүүхэд нэгнийгээ нууж чадсан бололтой” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Ихрүүдийн жин 890 граммаас 1.3 кг-ын хооронд байгаа бөгөөд бүгд нийлээд 6 кг хүрч байгаа ч тэдний биеийн байдал сайн байгаа аж. Гэхдээ эмч нар аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдүүдийг 3 сар хүртэл нь эмнэлэгт байлгах шийдвэр гаргасан байна.
Хүүхдүүдийн ээж: “Бид хоёр 5 хүүхдэд зориулж гэрээ өөрчилсөн байсан. Одоо 6 дахь хүүхдэдээ ахиж юм бэлдэх хэрэгтэй болох нь. Гэхдээ бүгдээрээ эрүүл саруул байгаа цагт тэр зэрэг юу ч биш” гэж мэдэгджээ.
Клаудия өмнө нь нэг хүүхэд төрүүлсэн бөгөөд тэр нь өдгөө 2 настай юм. Түүний нөхөр Шимон Мажек эхнэрээрээ үнэхээр их бахархаж байгаа гэнэ.
Хосууд хүүхдүүддээ хэдийнээ нэр сонгосон бөгөөд тодруулбал охиддоо Зося, Неля, Кая, Мальвина, харин хөвгүүддээ Филипп, Таймон гэсэн нэр өгөхөөр болжээ.
6 ихэр хүүхэдтэй болсон гэр бүлд дэлхийн өнцөг булан бүрээс баяр хүргэж байгаа бөгөөд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда болон мужийн захирагч Сейма Марек нар ч бас баяр хүргэжээ. Мөн Краков хотын хөл бөмбөгийн клуб “Краковия” тэдэнд тоглолтыг нь ирж үзэх урилга өгсөн байна.