1
Хамтдаа бүтээл туурвих
Та уран бүтээлээс аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрэхийн тулд заавал зураач байх шаардлагагүй. Мөн хүмүүс зураг зурах, хөгжим сонсох, жүжиг тоглох гэх мэт зүйлсийг хийх үед тэдний стрессийн төвшин буурч, сөрөг бодлууд нь арилдаг болохыг судалгаагаар баталсан байдаг.
Харин хүүхдүүдийн хувьд уран бүтээл гэдэг нь өөрийгөө таниулах нэг илэрхийлэл байдаг. Тэд үүгээр дамжуулж төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэж сурдгаас гадна өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, сэтгэн бодох чадвараа хөгжүүлж төлөвлөгөөний дагуу бус явж буй зүйлсийг хянаж чаддаг юм.
Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө ямарваа нэгэн бүтээл туурвиж, гэр бүлийнхэндээ үлгэр дууриалал болж, хэсэг ч болов тулгарч буй асуудлаа түр зуур хойш нь тавиад хүүхдүүдтэйгээ хамт хоол хийх, зураг зурах, юм нэхэх, дуу дуулах, гар урлал хийх, зохиол бичих, сийлбэр хийх, лего тоглох гэх мэтээр цагийг хөгжилтэй хэрнээ үр бүтээлтэйгээр өнгөрүүлж байх хэрэгтэй шүү.
Бүтээл туурвих нь оюун ухаан, сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг.
2
Агаарт гар
Эрүүл мэнддээ анхаарч, гэр бүлийнхнийхээ сэтгэл санааг өөдрөг болгож, хамтдаа цагийг өнгөрүүлэх хамгийн сонирхолтой, таатай арга бол агаарт гарах байдаг. Олон судалгаагаар чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлдэг насанд хүрэгчид илүү тайван, сэтгэл санааны хямралд бага өртдөг болох нь тогтоогджээ.
Харин цэвэр агаарт гардаг хүүхдүүд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй, сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөл сайтай, тэвчээртэй байдаг гэнэ.
Түүнчлэн бид байгалийн сайхныг ажигласнаар өөрсдийн аливааг харах өнцгөө өөрчилж эхэлдэг аж. Тиймээс та завгүй амьдралаасаа хөндийрч, их хотын чимээ шуугианаас ангижирч үр хүүхдүүдтэйгээ хаа нэг тийшээ салхинд гарч байгаарай.
Хаана амьдарч, ямар ажил эрхэлдгээсээ үл хамаарч та дараах зүйлсийг хийх боломжтой шүү. Үүнд: Ойр хавьд байрлах цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, зусланд гарах, гэрийнхээ үүдэнд цэцэг тарьж ургуулах, цэвэр агаарт алхах, уул руу явган аялал хийх гэх мэт зүйлс багтана.
Цэвэр агаарт гарч, өөрийн сэтгэл зүй болон эрүүл мэндээ хамгаалаарай.
3
Сайн үйлсийн аянд нэгдэх
Судалгаанаас харахад сайн үйлсийн аянд оролцдог хүмүүс илүү аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ. Хэдийгээр сайн үйлсийн аянд их цаг хугацаа, хүч хөдөлмөрийг зарцуулдаг боловч энэ нь аз жаргалын эх үүсвэр бөгөөд стрессийн төвшинг бууруулж, дархлааны системийг тогтворжуулдаг байна.
Мөн сайн үйлсийн аянд оролцдог хүүхдүүд өөртөө илүү итгэлтэй, сурлага сайтай, өөдрөг зан ааштай, эрүүл чийрэг байдаг гэнэ. Тиймээс та хүүхдүүдийнхээ хамтаар сайн үйлсийн аянд нэгдэж, тэдэнд үүний ач тусыг тайлбарлаж өгөөрэй. Магадгүй тэд танаас маш их урам зориг авч ирээдүйд дэлхийг өөрчлөх нэгэн болж өсөх ч юм бил үү?
Сайн үйлсийн аян оролцсоноороо та бусдад туслаад зогсохгүй, чөлөөт цагаа гэр бүлтэйгээ зөв боловсон өнгөрүүлж байна гэсэн үг юм.
4
Нүүр тулж харьц
Орчин үед амьд харилцаанаас илүү цахим харилцаа илүү ихээр хөгжиж байгаатай холбоотойгоор олон төрлийн техник тоног төхөөрөмжүүд гэр бүлийн уур амьсгалд томоохон асуудлыг үүсгэсээр байгаа билээ
Угтаа бол амьд харилцаа нь эцэг, эхчүүдэд төдийгүй, хүүхдэд нэн тустай байдаг бөгөөд энэ нь гэр бүлийн хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, биднийг илүү аз жаргалтай болгодог юм. Тиймээс ухаалаг гар утсаа түр орхиод амьд харилцааг үүсгээрэй.
Өдөр бүр хоорондоо ярилц. Машинд явж байхдаа, оройн хоол идэж байхдаа, унтахынхаа өмнө, зугаалж байхдаа бүтэн өдрийн турш өөрт тохиолдсон сонирхолтой зүйлсээ хүүхдүүддээ болон нөхөртөө, эхнэртээ ярьж бай. Мөн ойр дотныхоо хүмүүсийн санаа бодлыг хүндэтгэж, сонирхдог зүйлсийнх нь талаар асуухаас гадна өөрийн санааг зовоож буй асуудлынхаа талаар ч хэлсэн болно шүү дээ.
Гэхдээ зөвхөн хоорондоо ярилцахад биш харин харилцан яриандаа бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэйг санаарай. Түүнчлэн гэртээ ухаалаг утас, тоглоом болон бусад техникийг ашиглах тал дээр тодорхой хяналттай байхыг зөвлөж байна.
Нүүр тулж харилцах нь хүмүүсийг илүү дотно болгодог.
5
Оюун ухаанаа хөгжүүл
Судалгаанаас харахад, хүн ямар нэгэн зүйлийг гайхаж, сонирхох үед тархинаас дофамин хэмээх бодис ялгардаг бөгөөд энэ нь сэтгэл санааг өөдрөг болгож, аз жаргалыг нэмэгдүүлдэг байна. Мөн шинэ чадварт суралцах нь ой тогтоолтыг сайжруулдаг бол ухаан шаардсан хүнд бодлого бодоход тархины үйл ажиллагаа сэргэдэг аж.
Үүнээс гадна үргэлж аливааг сонирхож, туршиж байдаг гэр бүлд өсөж буй хүүхдүүд илүү аз жаргалтай байдаг ба мэдлэгийг насан туршдаа үнэлж сурдаг гэнэ.
Оюун ухаанаа хөгжүүлэхэд танд дараах аргууд тус болно:
Хамтдаа сур. Гэр бүлээрээ цэвэр агаарт гарч, байгалийн сонин содон зүйлсийг ажигла. Байгалийн, түүхийн, уран зургийн музейгээр зочил. Соёлын болон түүхэн дурсгалт газруудаар аял.
Судлаач шиг бай: Жил бүр нэг л газар руугаа аялахаа боль. Харин үүний оронд мэдэхгүй зүйлсээ судалж, өөртөө шинэ ертөнцийг нээ. Газрын зураг ашиглаж сонирхолтой аяллыг төлөвлөж, тухайн үндэстнийхээ хоолыг амсаж, хамгийн сайхан газруудаар нь зугаалаарай.
Сонирхлоо хөгжүүл: Хүүхдийн анхаарлыг татахын тулд та түүний сонирхдог зүйлийг нь ашиглах хэрэгтэй. Жишээлбэл, хүүхэд чинь хэрвээ хүн-аалз сонирхдог бол амьтны музейд очиж, аалз харж болно шүү дээ. Мөн номын сангаас аалзны тухай ном авч, утсаар хамтдаа аалзны шүлс урлаарай.
Судлаач болж өдөр бүр шинэ зүйлийг мэдэж аваарай.
Судлаачтай уулз: Ихэнх хүмүүс өөрийн туршлага, мэдлэгээ хүүхэдтэйгээ хуваалцах дуртай байдаг. Тэгвэл яагаад жинхэнэ судлаачтай уулзаж болохгүй гэж? Жишээлбэл, хэрвээ хүүхэд чинь танаас "Яаж гутал хийдэг вэ? гэж асуувал та хоёр гуталчин дээр очиж болно шүү дээ.
Сонирхолтой орчинг бүрдүүл: Гэртээ төрөл бүрийн номыг авч хадгалж, хүүхдэдээ сурах хүсэх эрмэлзлийг нь төрүүлж өгөөрэй. Хэрвээ та жаахан хүүхэдтэй бол түүний анхаарлыг татахуйц тоглоомыг сонгох хэрэгтэй. Харин сургуулийн насны хүүхэдтэй бол дуран, химичийн багаж хэрэгсэл, удирдлагатай машин робот, телескоп гэх мэт зүйлсийг авах нь зөв юм.
Бүх зүйлийн талаар мэдээлэл цуглуул: Хэрвээ хүүхэд чинь таны мэдэхгүй асуултыг асуусан бол түүнд хариултыг нь заавал олж өгөөрэй.
Сайн үлгэр дууриалал үзүүл: Өөрийнхөө сонирхолд нийцсэн хоббитой болоорой. Насанд хүрсэн хүн ч гэсэн сургалтад сууж, хоёр дахь мэргэжлээ эзэмшиж болно шүү дээ. Гэхдээ хэрвээ та сурахыг хүсэхгүй байвал өөрийнхөө сонирхлын дагуу дамжаанд явж болох юм. Эцэстээ сурсан бүхэн чинь таны хүүхдэд л өвлөгдөнө гэдгийг санаарай.