Эрт цагт хуриман дээр зөөлөн, чихэрлэг амттай хатуу ундаагаар үйлчлэх нь тийм ч түгээмэл биш байж. Тэд ихэвчлэн согтууруулах ундааны найрлагатай, гашуун амттай "браг"-ийг жижиг шилэн хундаганд хийж уудаг байв.
Оросын зарим нутагт сүйт бүсгүй ирсэн зочдоо өөрөө дайлдаг ёс заншилтай байжээ. Архитай хундагануудыг тавиур дээр тавиад зочдын дундуур явж үйлчилдэг байв.
Харин архийг уусан зочин “Гашуун байна” гэж хэлээд сүйт бүсгүйг үнсэхийг гуйна. Сайхан хүүхэн архины амтыг зөөлрүүлж, чихэрлэг болгодог гэж үздэг байжээ. Дараагаар нь зочид сүйт бүсгүйг дайлсанд нь талархлаа илэрхийлж боодол мөнгө бэлэг болгон өгдөг байж.
Хурим өндөрлөх дөхөхөд шинэхэн хосууд хуримын танхимын голд гарч ирэх бөгөөд зочид тэднийг үнсэлцэхийг шаардан “гашуун байна” гэж уухайлна. Ингээд зочдын ууж буй архийг зөөлрүүлэхийн тулд тэд үнсэлцэнэ. Заримдаа зочид өөрийн хоолоо “гашуун байна” гэж голдог байв. Энэ үед хосууд мөн л үнсэлцэх хэрэгтэй болдог аж.
Түүнчлэн өнөө үе хүртэл хадгалагдаж ирсэн өөр нэгэн уламжлал бий. Зочид "гашуун байна" гэж хашхиран хосуудыг үнсэлцүүлэх бөгөөд үргэлжлүүлэн 100 хүртэл хоолой нийлүүлэн тоолдог. Энэ үед хэдий чинээ удаан үнсэлцэнэ, төдий чинээ удаан хугацаанд тэдний хамтын амьдрал үргэлжилнэ гэж бэлгэддэг байна.