10
"Scientology" - "Судлалзүй"
Жагсаалтанд багтаж орсон бусад бүлэглэлүүдтэй харьцуулахад "Scientology" нь мөхлийг зөгнөдөггүй ч гэсэн нөлөөлөл нь дэлхий даяар өргөн тархжээ. Бусдыг оюун санаагаар нь удирддаг, санхүүгийн бэрхшээлд түлхэж оруулдаг, бүлэглэлээс гарахыг оролдсон нэгний амийг хороох зэрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг гэх мэтээр "Scientology" -г буруутган шүүмжлэгчид олон.
Уг бүлэглэлийг 1947 онд Л. Рон Хаббард гэгч Лос Анжелосын Ла Бреад анх оффисоо нээн байгуулж байжээ. "Scientology"-ийн зорилго нь хүний бие махбодийг хачирхалтай төхөөрөмж ашиглан эрчимт эмчилгээ, засал хийж харь гарагийн нөлөөллөөс цэвэрлэх аж.
"Scientology" нь дэлхий даяар салбартай боловч олонд хамгийн танигдсан нь Лос Анжелест байрлах Алдартнуудын Төв ба тэнд ихэнх алдартай дагагчид нь ирж өөрийгөө "цэвэрлэдэг" байна.
9
"Харе Кришна" - Дараа төрөлд итгэгсэд
70-аад оны үед томоохон онгоцны буудлуудаар мөн бусад олны хөлийн газар шар нөмрөгтэй хүмүүс гарч ирэн гуйлга гуйх болсноор "Харе Кришна" бүлэглэл үүсчээ.
Дагагчид нь "Махабаратта" зохиолд гардаг Кришнаг жинхэнээсээ бурхан байсан гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байв. Кришнагийн дагагчид хүнд нөхцөлд ядуу тарчиг амьдарч, нойр хоолоор өөрсдийгөө сойж, үнэмшлийнхээ төлөө тарчлан зовсноор хариуд нь дэлхий дээр хүн болон дахин төрж, яваандаа дээд үе рүү шилжих буюу сүнс болно гэдэгт итгэдэг байжээ.
Гэхдээ Кришнаг дагагч хүн бүхэн ийм хүнд нөхцөлд байсангүй. Шашны бүлэглэлийн дээдсүүд тансаг байшинд сайныг идэж ууж, бүсгүйчүүдээр өөрсдийгөө хүрээлүүлж, хүссэн бүхнээ хийлгэдэг байв. Хэдийгээр Кришна дэлхийн төгсгөлийг зөгнөсөн бүлэглэл бас биш боловч зарим нэгэн дагагчид нь шашныхаа төлөө хүн алж, хулгай хийхээс буцахгүй байлаа. Кришнагийн бас нэгэн алдартай дагагч нь Битлз хамтлагийнхан байв.
8
"Мүүн" - Хамтатгалын сүм
"Мүүни" гэсэн товч нэрээрээ олонд илүүтэй танигдсан Мүүн Сун Мюн нь өөрийгөө Мессиа буюу Христийн хойд дүр гэж тодорхойлжээ. Ингэснээр тэр дэлхий даяарх үнэнч дагагчдынхаа дэмжлэгээр хааны удам мэт баян тансаг орчинд амьдрах боломжтой болжээ.
Мүүнийг Герман улс хүлээж аваагүй бөгөөд хүүхэд залууст буруу үлгэр дууриал үзүүлж, аюул занал учруулсан гэдэг үндэслэлээр 2006 он хүртэл эхнэрийн хамт Германы хилээр нэвтэрч орохыг хориглосон байв. Тус шашны бүлэглэл нь ихэвчлэн хүүхэд залуучуудыг эцэг эх гэр бүлээс нь холдуулан тусгаарлаж, илүү их хайр халамжаар умбасан том гэр бүлд гишүүн болж нэгдэн орж буй сэтгэгдэл төрүүлэх аргаар өөрийн бүлэглэлдээ урхидан оруулдаг байж. Мүүн дагагчиддаа өөрийгөө бурхан гэж мунхруулан итгүүлж өөртэй нь бурхантай ярилцаж байгаа мэтээр харьцахыг шаарддаг байв. Мөн диваажин зөвхөн үхсэний дараах ертөнцөд бус одоо бидний амьдарч буй мөчлөгт, дэлхий дээр байдаг гэдэгт тэд бат итгэдэг аж. Мүүний үзсэнээр Солонгос улс бол бурхны сонгосон газрын диваажин мөн бөгөөд харин солонгосчууд бол бурхны таалалд нийцсэн тэнгэрлэг хүмүүс аж.
7
Бурхны хүүхдүүд
"Бурхны хүүхдүүд" шашны бүлэглэл буюу өөрөөр "Гэр бүл" нэрээр танигдсан бүлгэмийг Дэвид Берг анх үүсгэн байгуулсан бөгөөд насанд хүрээгүй бага насны хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орох нь байгалийн жам, байдаг л зүйл гэсэн гаж буруу санааг түгээн номлодог байв.
Тэрээр шашны бүлэглэлийн эмэгтэй гишүүдийг биеийг нь үнэлүүлж, үйлчлүүлсэн эрэгтэйчүүдийг гишүүнээр элсүүлж авдаг байв. Биеэ үнэлэгчдээ тэрээр дэлхийн төгсгөл болох үед байгуулагдах "Систем" хэмээх бүлгэмийн үзэл санааг түгээгчид хэмээн нэрлэдэг байсан аж.
6
"ККК" буюу "Кү Клакс Клан" - Арьс өнгөөр ялгаварлагчид
Америкийн Иргэний дайны дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эрчимтэй тараасан Христосын хөдөлгөөнөөс улбаалан гарч ирсэн "ККК" бүлэглэл нь идэвхтэй байх хугацаандаа олон тооны цуст аллага, аймшигт гэмт хэргийг үйлдсэнээрээ алдартай.
Тэд цагаан нөмрөг, багтай шовгор малгайгаар ижилсэж уулзалддаг байсан бөгөөд 1928 онд гишүүдийн тоо нь хамгийн ихдээ бараг 4 саяд хүрчээ. "ККК" бүлэглэлийн хувьд дайсан нь зөвхөн хар арьстнаар хязгаарлагдаагүй бөгөөд тэд Католикууд, еврейчүүд гээд цагаанаас бусад бүхий л арьстнуудыг мөн дайснаа гэж үздэг байв.
5
Мэнсоны гэр бүл - Бослого өдөөгчид
Өнөө цашийн хамгийн цуутай бүлэглэлийн нэг Мэнсоны гэр бүл хэмжээний хувьд бага хэдий ч маш аюултай байв. Насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт олон орооцолдсон, хүүхдийн засан хүмүүжүүлэх ангид хоригдож байхдаа хамт хоригдож буй хөвгүүдийг хүчирхийлдэг байсан, бусдыг өөртөө татах дээд зэргийн авъяастай Чарьлз Мэнсон тус бүлэглэлийг анх үүсгэн байгуулжээ. "Гэр бүлийн" гишүүд "Helter Skelter" буюу хар арьстнууд цагаан арьстнуудын эсрэг аугаа их бослого гаргана гэдэгт итгэдэг байв.
Тэд мөн удирдагч Мэнсоны адил Битлз хамтлагийн "White Album"-д тэдэнд "Helter Skelter"-ийн үед хэрхэн тулалдахыг заасан нууц мессеж оруулсан гэдэгт итгэж байв.
4
Диваажингийн хаалга - Дэлхийг орхигсод
Дэлхийн сүйрлийг жинхэнэ утгаар нь зөгнөдөг "Диваажингийн хаалга" хэмээх бүлэглэлийн дагагчид харь гаригийн үл мэдэгдэх нисдэг биетэд итгэдэг байсан бөгөөд тун удахгүй тэд дэлхийн хүмүүсийг тэр чигээр нь хүйс тэмтэрч их цэвэрлэгээ хийх болно гэж үздэг байв.
Бүлэглэлийн удирдагч Маршалл Апплуайт болон Бонни Нетлесийн номолсноор "их цэвэрлэгээ"-нээс зугатаах ганц арга нь дэлхийг яаралтай орхин явах байв. Бүлэглэлийн дагагчид өөрийн биеийг орхин дээд төрлийг олж авах замаар "дэлхийг орхих" зааварчилгааг тарааж, сургуулилт хийн бэлдэж байсан ба энэ нь олноор амиа егүүтгэх явдлыг уриалсан оролдлого байв.
1997 онд алдарт "Хале-Бопп" сүүлт од гарч ирсэн нь тэдний хүлээж байсан дохио нь байж. Солирын үзүүрт харь гаригийн хөлөг нуугдаж байгаа гэдэгт итгэсэн удирдагч Апплуайт дагагчдаа тэдэнд амиа хорлох заавар өгсөн байна. 1997 онд Сан Диего хотод орших байшингаас Апплуайт болон түүний 38 үнэнч дагагчийн цогцос олджээ.
3
Нарны хийдийн бүлгэм - Авралын аялал
Бусдыг өөртөө татахдаа тун сайн Люк Жоре гэх чадварлаг удирдагчаар удирдуулсан "Нарны хийдийн бүлгэм" нэртэй бүлэглэл мөн дэлхийн сүйрлийн талаар номлодог байв. Тодруулбал тэд дэлхийн мөхлийг байгалийн гамшиг авчрах болно гэдэгт итгэдэг байсан ба "Нарны хийд" бүлэглэлд итгэгч нар л ирэх мөхлөөс аврагдан үлдэх болно гэж заадаг байсан.
Бүлэглэлийн үнэнч дагагчид амиа хорлох нь жинхэнэ авралыг авчирна, амиа хорлосноор алсад орших Сириус од руу очих авралын аялал нь эхлэнэ гэдэгт жинхэнээсээ итгэж байв. Улмаар 1994 онд Швейцарын Женев хотод байрлах байгууламжинд тус бүлэглэлийн нийт 53 гишүүн амиа хорлосон нь олджээ. Хийсэн үйлийнхээ хариуд дагагчдаасаа нийт 93 сая доллар хурааж авсан бүлэглэлийн удирдагч Жоре үхэгсдийн дунд бас байсан бөгөөд өөрийнхөөр нь бол алсад гялалзах од руу хүрэх авралын аяндаа гарсан байж.
2
Давидуудын бүлгэм - Төрийн эсрэг
Америкийн Нэгдсэн Улсын төр бол бурхны дайсан гэсэн гол номлол уг бүлэглэлийг Дэвид Кореш гэгч байгуулжээ.
Тэрээр Техасын Вако дахь байгууламжиндаа улс төрчдийг айлган сүрдүүлэх, хэрэгтэй бол тэдний эсрэг тулалдахад бэлтгэж, дагагчдаа зэвсгээр хангаж, зааварчилгаа өгөн нэг ёсондоо бэлэн байдалд байлгадаг байв. Кореш нь бас өөрийгөө Мессиа гэж өргөмжлөн эмэгтэй дагагчидтайгаа зугаацдаг байв.
1994 оны 2-р сард 12 настай насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, хууль бусаар зэвсэг цуглуулан хадгалсан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хяналтын байгууллагаас Давидуудын байгууламж руу шалгалт оруулжээ. Улмаар хоёр талын хооронд мөргөлдөөн гарч, албаныхны цацсан нулимс асгаруулагч хийнд гал авалцаж бүлэглэлийн нийт 76 гишүүн галд амиа шатан алджээ. Одоог хүртэл гал гаргасан, олон хүний үхэлд хэн хариуцлага хүлээх хэрэгтэй талаар маргалдсаар л байна.
1
Ардын хийд
Ардын хийдийн удирдагч Жим Жонес бага байхаасаа л шашин бас үхлийг улайран сонирхдог байв. Ийм нэгэн ердийн бус гэмээр эхлэлээс Жонес бусдыг оюун санаагаар удирдан мунхруулах бусармаг бүлэглэлийн тэргүүлэгч нь болжээ.
Тэрээр үхлийн талаарх далд сонирхлоо соцализм нэрийн дор далдлан нууж жинхэнэ гэгээрлийг олсноор социалист үзэл бодлыг бүрэн дүүрэн ойлгоно гэж номлодог байв. Түүнчлэн Библийг утга учиргүй хий дэмийрэл гэж дагагчиддаа түгээдэг байсан ба түүний номлол шинэчлэгдэхийн хэрээр дагагчидын тоо нэмэгдэж байв.
Жонесыг дагагчдаа хүчирхийлсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх олон сөрөг мэдүүлэг ирсэн учир тэр АНУ-ыг орхин явах шаардлагатай болжээ. Тэрээр Америкаас Гвианд нүүн ирсэн бөгөөд тэндээ шинэ суурьшлын бүс байгуулж Жонестаун гэж нэрлэв. Тэр үед Жонес бүлэглэлийг нь америкийн засгийн газар мөшгиж байгаа, баригдвал тэд бүгдийг нь тамлан зовоож алах болно гэж дагагчиддаа итгүүлээд, бөөнөөрөө амиа хорлохыг уриалжээ. Үүнд нь итгэсэн 909 дагагч хортой ундаа ууж амиа хорлосон нь шашны бүлэглэлийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан амиа хорлолт болон бичигджээ.