Хүчирхийллээс өөрийгөө хамгаалах 13 арга

2019-05-11, 16:06
5,906

Эрх баригчид хүчирхийллийн талаарх олон хууль баталж, маш их ярьж эсэргүүцэж байгаа хэдий ч өнөөгийн нийгэмд гэмт хэргийн тоо буурахгүй л байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй аймшиг хэргүүдийн талаарх мэдээллүүд цагдаагийн байгууллагуудаар шалгагдсаны үндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа ч бидний нүднээс далд хэдэн хэрэг үйлдэгдэж байгааг хэн ч тааж мэдэхгүй нь харамсалтай. Тийм ч учраас бид охид, эмэгтэйчүүдээ хүчирхийллийн золиос болгохгүйн тулд биеэ хамгаалах зарим техникүүдээс танилцуулж байна. Охин хүүхэдтэй хүн бүр энэхүү мэдээллийг заавал уншаарай.

Хүчирхийллээс өөрийгөө хамгаалах 13 арга

Урьдчилж авах арга хэмжээ

1.    Тайван бай

 “Аль булангаас ямар дээрэмчин хэзээ гарч ирэх бол” гэсэн байнгын айдастай явна гэдэг хэцүү. Гэхдээ анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй гэдгийг санаарай. Хэрвээ эргэн тойронд чинь сэжигтэй хүн гарч ирвэл халдлагын үеэр хаашаа зугтах, ямар хариу үйлдэл үзүүлэх талаараа сайтар бодож байгаад тайван нухацтай шийдвэр гаргахыг хичээгээрэй.

2.    Түлхүүрээ үргэлж гартаа атгаж яв

Оройтож тараад гэр лүүгээ явж байхдаа гэрийн түлхүүрээ байнга гартаа байлга. Тэгснээр хамгийн аюулгүй газар болох гэртээ хурдан орох боломжтой ба биеэ хамгаалах зэвсэг болгон ашиглаж болно. Гэхдээ ганц түлхүүр хангалтгүй гэдгийг санаад өөр ямар нэг зэвсэг болгож болохоор зүйл биедээ байнга авч явж байгаарай.

3.    Үсээ далд хий

Энэ бол гоо сайхны зөвлөгөө биш. Харин аюулгүй байдлыг тань хангах анхааруулга билээ. Хүчирхийлэгчдийн нүдэнд хамгийн түрүүнд өртдөг зүйл бол татаж чангаахад амархан хувцас, зулгаахад хялбархан үс байдаг. Тийм учраас тэдэнд боломж олгохгүйн тулд үсээ аль болох далд байлга.  Хэрэв таны үснээс аль хэдийн зулгаачихсан бол хугацаа алдалгүй доошоо сууж, нуруу болон толгойгоо хамгаалахыг хичээгээрэй. 

Урьдчилж авах арга хэмжээ

4.    Тусламж дууд

Хэрэв та тулаанд ялахыг хүсвэл чимээгүй байж огтхон ч болохгүй. Муу санаатан танд хор хөнөөл учруулж амжаагүй байсан ч хамаагүй дайралт ирмэгц л шууд дуу чимээ гаргаж, айхгүй байгаагаа илэрхийлэн түүний эсрэг тэмцэлдэхэд бэлэн байгаагаа харуул. Эргэн тойронд явж байгаа хүмүүстээ энд ямар нэг хүчирхийлэл болж болзошгүй байгаа талаар мэдэгдэхийг хичээж аль болох чангаар хашхир. Энэ нь хүчирхийлэгчийн балмад үйлдлийг зогсоохгүй байж болох ч танд хэн нэгэн тусламж үзүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг.

5.    Хэн рүү залгахаа урьдчилж тооцоол

Бид бүхэн утас цэнэгтэй, гарт ойрхон байгаа үед илүү тайван бас итгэлтэй байж чаддаг. Гэвч яарч сандарсан үед яг хэн рүү, яаж залгахаа мэдэж байгаа юу гэдгээ сайн бодоод үзээрэй. Яаралтай тусламж, цагдаагийн газрын дугаар луу хялбар аргаар, хурдан шуурхай залгаж болохоор утасныхаа тохиргоог өөрчил. Ойр дотны хүнийхээ дугаарыг утасны жагсаалтынхаа хамгийн дээр хадгал. 
Түүнээс гадна зугтаж ороод нуугдах боломжтой үйлчилгээний газрууд, оройн цагаар ажилладаг дэлгүүрүүдийн хаяг, байршлыг тогтоож аваарай.

6.    Дайралтыг эхлүүл

Тань руу түрүүлж дайрахыг нь хүлээх хэрэггүй. Хэрэв сэжигтэй хүн дөхөж ирээд таныг татаж чангаахыг оролдвол юунаас ч айлгүйгээр шууд дайралт хийж аль болох эмзэг газар руу нь хүчтэй цохь. Энэхүү үйлдэл нь тэр хүний ухааныг балартуулж, хүчийг сулруулах магадлалтай учраас танд зугтах боломж нээгдэх юм.
Ингээд бид бүхэн авч болох хамгийн эхний арга хэмжээнүүдийн талаар ярилцаад өнгөрлөө. Харин аль хэдийн хэн нэгний хүчинд автчихсан, хэн рүү ч залгаж, хаашаа ч зугтах боломжгүй болчихсон үед яах вэ гэдэг асуултын хариултыг одоо олцгооё. 

Хэрхэн бие хамгаалах вэ?

1.    Цохих газраа тодорхойл

Нэг их хүч шаардахгүйгээр тухайн хүнийг аргагүй байдалд оруулахыг хүсвэл өвдөгний ар тал, цавь, чих, нүд, хамар эсвэл хоолой гэсэн хэсгүүдээс сонгож цохь. Энэ хэсгүүд рүүгээ цохиулсан хүнд хэсэг хугацааны туршид хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Хэрэв боломжтой бол гараа атгаж байгаад эсвэл дунд хурууныхаа ясаар төвөнх рүү нь цохь. Тэгснээр хүчирхийлэгчийн ухааныг түр ч болов балартуулах боломжтой болно. Харин хүчирхийлэгчийн хоёр гар өргөөтэй байвал суга руу нь хүчтэй цохиорой. 

2.    Хамрыг нь хугал

Дэлгэсэн алганыхаа ясаар хүний хамар луу хүчтэй цохиход маш ихээр ухаан балартдаг хэмээн "Pacific Jiu Jitsu"-ын сургалтад заадаг гэнэ. Үүний тулд танаас нэлээн хүч шаардагдах боловч хэрэв хэрэгжүүлж чадвал хүчирхийлэгчийн нүд хэсэг зуур харанхуйлж, маш хүчтэй өвдөлт мэдрэх учраас танд зугтах боломж гарах болно.

3.    Чихнээс нь тат

Өөрийгөө хамгаалахын тулд чихнээс нь татна гэхээр инээдэмтэй санагдаж байж магадгүй юм. Гэвч чих бол хэний ч санаанд оромгүй эмзэг эрхтэн учраас хэрэв хамаг хүчээрээ чихийг нь зулгааж чадвал хүчирхийлэгч хэсэгтээ хяналтаа алдаж, толгойгоо барин зугтахаас өөр аргагүй болно. Тэр үед чамд ч бас өөрийгөө аврах боломж нээгдэх юм. 

Хэрхэн бие хамгаалах вэ?

4.    Бугуйг нь атга

Гэмт этгээд танд зугтаах боломж олгохгүйн тулд бугуйнаас чинь чанга атгах болно. Тэр үед бид хамгийн түрүүнд гараа булааж авахын тулд хүчтэй татдаг. Гэвч үр дүнд нь гараа салгаж авч чадахгүйгээр зогсохгүй мөрөндөө бэртэл авах магадлалтай байдаг. Тийм учраас огцом хөдлөхөө түр азнаад гараа бага багаар эргүүлж тэр хүний эрхий хуруу таны эрхий хурууны тушаа доор байрлаж байхаар тааруул. Түүний дараа гараа тохойгоор нь огцом нугалбал гар чинь мултран гарах болно.

5.    Нүд рүү нь цохь

Арван жилийн сурагч байхдаа ангийнхаа хүүхдүүдтэй сахилгагүйтэж байгаад нүд рүүгээ санаандгүй цохиулж байсан хүн бүр нүдэнд ирсэн доргилт ямар их өвдөлт мэдрүүлдгийг мэдэх байх. Тийм учраас бидний зорилго бол эсрэг хүнийхээ нүдийг ямар нэг аргаар гэмтээх юм. Атгасан гараараа, хуруугаараа, бөгж эсвэл түлхүүрээрээ гэх мэт байж болох бүх зүйлсийг ашиглан нүд рүү нь цохихыг хичээ. Хүчирхийлэгчийн нүд харанхуйлж хэсэгтээ орчин тойрноо хянах чадваргүй болмогц чамд зугтах боломж нээгдэх болно.

6.    Аль болох хөдөлгөөнтэй бай

Хүчирхийллийн үеэр гаргаж болох хамгийн утгагүй үйлдэл бол ямар ч хөдөлгөөнгүй зогсоод бурханд залбирч эхлэх юм. Танд ямар ч хүч, зэвсэг байхгүй байж болох ч тухайн этгээдийн гараас мултрах гэсэн оролдлогоо зогсоож болохгүй. Ядаж л тэр үед адреналин илүү их ялгарч та хүч тэнхээ орж байгаа мэтээр өөрийгөө мэдрэх болно. Түүний дараагаар дээр дурдсан аргуудыг марталгүй хэрэгжүүлж эхлээрэй. 

7.    Бүх эрхтнээ зэвсэг болгон ашигла

Мэдээж та кикбоксын дэлхийн аварга, эсвэл каратегийн мэргэжлийн тамирчин биш бол таны хувьд атгасан гар чинь шидэт зэвсэг байх болно. Гэхдээ ганц атгасан гараараа өөрийгөө бүү хязгаарла. Тохойгоороо, өвдгөөрөө, бүр болохгүй бол толгойгоороо гээд байж болох бүх л зүйлээрээ цохь, бүр шүдээ ярзайлгаж байгаад хазах юм уу, урт хумстай бол өвдтөл нь хумсалсан ч болно шүү дээ. Хэрэв хэрэг шүүхэд хүргэгдэх юм бол таны энэхүү үйлдлүүдийг биеэ хамгаалах үйлдэлд л тооцох болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()